“Амьдралын төлөө аян” Олон улсын Ротари клубүүдийн хамгийн шилдэг төслөөр шалгарч "Service Above Self" хэмээх дээд шагналыг нь хүртсэн
Аливаа хүмүүнлэг үйлсийн үр дүнг нийгмийн бүхий л давхарга хүртдэгээрээ онцлог. Нэгээхэн бүлэг, хэсэг хүнд чиглэсэн мэт боловч бодит байдалд тэр нь нийгмийн олон хэсэгт тодорхой хугацаанд шууд болон дам утгаар тусгалаа олдог учраас тэр. Тэгэхээр хүмүүнлэгийн үйлс санаачлан, хэрэгжүүлж, түүнд гар бие оролцож буй хүмүүсийг гэрэл түгээгчид хэмээн өргөмжилье. Тийнхүү гэрэлтдэг “түгээгч” нарын нэг хэсэг болсон Монголын ротаричуудын талаар энд өгүүлэх болно. Үргэлж манлайллын үлгэр дууриал болдог тэд сүүлийн 30 жилийн хугацаанд Олон улсын Ротари сан, адил зорилготой гадаадын клубүүд, дэмжигч гишүүдтэйгээ хамтран эх орондоо 13 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлжээ. Цаашид ч үйл ажиллагаа нь улам өргөжин, илүү өгөөжтэй байх нь дамжиггүй.
“Өөрөөсөө давж бусдад тусалъя”. Ийм нигүүсэнгүй агуулга бүхий уриатай энэ байгууллагынхны нийгэмд оруулсан хувь нэмэр маш олон хүний амьдралыг өөрчилсөн. Тийм жишээ, түүхүүдийг өгүүлээд барахгүй. Монголчуудын хувьд онцгой чухал хөрөнгө оруулалт болсон “Эрүүл Монгол” төслийг л дурдахад ямархан цараатай, өгөөжтэйг нь мэдэх боломжтой. Өнөөдрийн байдлаар гэхэд “Чи өөртэйгөө тэмцэж буй баатар” зэрэг хавдартай хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаанаас эхлээд улсын хэмжээнд олон салбарт ротаричуудын хэрэгжүүлж буй төслийн тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ. Монголын “Ротари клуб”-үүдийн хүмүүнлэг үйлсийн үр дүнгийн тухай тайлагнах юм бол хэдэн арван боть болох буй за. Тиймээс эрүүл мэндийн салбарт урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлсэн, өндөр үр дүнтэй “Амьдралын төлөө аян” буюу “Test for life” төслийг онцлохыг зорилоо. Тасралтгүй 13 жил буюу 2005-2018 онд үргэлжилсэн, эмэгтэйчүүдийн хавдрыг эрт илрүүлэх зорилготой энэхүү төслийн үр шимийг 21 аймгийн 330 сумын 30 мянга гаруй эх, эмэгтэйчүүд, тэдний гэр бүл бодитоор хүртжээ. ДЭМБ-ын судалгаагаар эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар ордог.
Аливаа хавдар, тэр дундаа хорт хавдар бол сэтгэл, сэтгэцийн эрүүл мэнд, мөнгө, санхүү гэхчлэн олон талаар туйлдуулдаг хөнөөлтэй өвчин бөгөөд зөвхөн өвчтөн, түүний гэр бүлийнхнийг “чирдэггүй”, улсын эдийн засагт ч ноцтой чирэгдэлтэй. Энэ утгаараа “Амьдралын төлөө аян” олон жилийн турш улсын төсөвт үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэх ёстой. Уг төслийн талаар энд ийнхүү онцлон танилцуулж, алдаршуулж буйн нэг шалтгаан нь ч энэ юм. Нөгөөтээгүүр, энэ төрлийн, урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлсэн анхны төсөл, хөтөлбөр бөгөөд араасаа олон сайхан ажил дагуулсан гэдгээрээ онцлог.
Аливаа төсөл, хөтөлбөрийг урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлэхэд асар их хөрөнгө мөнгө, хөдөлмөр, чин сэтгэл зүтгэл, санаачилга, хамтын ажиллагаа, эргэх холбоо, гадаад харилцаа гэхчлэн олон талт хүчин зүйл нэн чухал. Энэ бүхнийг төлөвлөж, нүүдлийн эмнэлгээ өөрсдөө “барьж”, тохижуулах зэргээр тал тал тийш “сарвайсны” хүчинд төслөө хөдөлгөж, тасралтгүй авч явсан нь “Амьдралын төлөө аян”-ыхны амжилтын үндэс гэж боддог.
Мэдээж, манайх шиг “хөгжиж буй” гэх тодотголтой ч “буурай” эдийн засаг, дэд бүтэцгүй өргөн уудам тал нутаг, тархан суурьшсан хүн амтай улсын хувьд орон даяар нүүдлийн клиникээр үйлчилж, үзлэг, оношилгоо хийх нь тунчиг ярвигтай, хүндрэлтэй ажил. Өндөр хөгжилтэй орныхны хувьд “Амьдралын төлөө аян” зарим талаараа үлгэр шиг дуулдаж ч мэдэх юм. Үнэхээр л нэрэндээ тохирсон гайхалтай төслийг ёстой л ид шид мэт хэрэгжүүлсэн байдаг. Манай эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа хавдрын мэргэжилтнүүд “Энэ төслийн үр дүн, ач холбогдлыг том зураг, өргөн агуулгаар хойчийг тооцоолон давхар харах учиртай” гэж дүгнэсэн нь учиртай биз ээ.
Энд нэг зүйлийг онцлон дурдах учиртай. Хэдийгээр төслийн хугацааг “2005-2018 он” гэж тодорхойлж байгаа боловч үнэндээ өнөөдөр ч үргэлжлүүлсээр буйг Л.Баярсайхан эмчийн ажлууд илтгэнэ. Тэрбээр “Амьдралын төлөө аян”-ыг санаачлагч төдийгүй хэрэгжүүлэлтийг хариуцан ажилласан юм. Түүнчлэн төслийн хүрээнд хавдартайгаа мэдэж, өдгөө эдгэрсэн, илаарьшиж яваа хэдэн мянган даван туулагчийн амьдрал “Амьдралын төлөө аян” зогсоогүйг харуулж байна. Хавдар бол хагалгаа хийгээд л болчихдог, өргөс авахтай адил үзэж болохгүй ярвигтай өвчин. Тухайн өвчтөнд хагалгаа, хими, туяа гэхчлэн шат дараалсан, хавсарсан олон эмчилгээ, үйлчилгээг олон сар, жилээр хийж, дараа нь таваас доошгүй жил хяналтад хамруулах шаардлагатай байдаг. Энэ утгаараа өдгөө ч, цаашид ч энэ төсөл үргэлжлэн ач буянаа өгсөөр байх болно. Төсөл хэрэгжүүлэх “төгсгөлийн” шатанд үзлэг, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээнд 30 мянга гаруй хүн хамрагдсан гэж байсан бол саяхны статистикаар энэ тоо 40 мянгыг давжээ. Төслийн хүрээнд зөвхөн үзлэг хийж, оношлоод орхиогүй, эмчилгээ, үйлчилгээг цогцоор нь шийдсэн нь алс хязгаар бүсийнхэн, орон нутгийнханд давхар давхар “олз” байлаа.
Тухайн үед “Улаанбаатар централ ротари клуб”-ийн ерөнхийлөгч байсан, эмэгтэйчүүд, эх барихын их эмч Л.Баярсайханаас уг төслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Юуны өмнө төсөл хэрэгжүүлж эхлэх тухайн үед манай улсад умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ямар нэгэн тодорхой хөтөлбөр байгаагүй. Бид үндсэндээ анх удаа явуулын эмнэлгийн хэлбэрээр 10 гаруй жилийн хугацаанд хөдөө, алслагдсан хязгаар нутагт тасралтгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлж ирсэн байна. Ингэхдээ хөрөнгө мөнгөө босгох, багаа бүрдүүлэхээс эхлээд бүгдийг хамтад нь цогцоор хийхийг зорьсон. Энэ ажлын нэгээхэн үр дүн нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед илрүүлж чадвал эмчлэх боломжтойг харуулсан. Энэ бол чухал үзүүлэлт. Түүнчлэн төслийн үр дүнд энэ чиглэлийн болон эрүүл мэндийн салбарт олон төсөл, хөтөлбөрийг араасаа дагуулсан нь тун ач холбогдолтой. Тодруулбал, “Амьдралын төлөө аян”-ыг үлгэрлэх том туршлага болсон гэж дүгнэдэг. Бидний үзлэг, оношилгоонд хамрагдсанаар хавдраа эрт үед нь илрүүлэн, эмчлүүлж, илаарьшсан хүний тоо хэдэн мянгаар хэмжигдэнэ. Одоо ч хөдөө нутгуудаар явж байхад манай төсөлд хамрагдан, эмчлүүлж эдгэрсэн хүмүүс эрүүл саруул угтаж, уулзахад сайхан байдаг. Энэ бол төслийн өгөөж гэж бодож баярладаг” хэмээн ярилаа.
Л.Баярсайхан эмчийг өсгөсөн эмээ нь умайн хүзүүний хорт хавдраар бурхан болсон нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ажил санаачлахад хүргэсэн гэдэг. Тэрбээр “Бид багаа дан нарийн мэргэжлийн эмч, сувилагчаар бүрдүүлсэн. Өвчнийг илрүүлээд зогсохгүй эмчилгээ, үйлчилгээг мэргэжлийн эмнэлэгт хийлгэхээр өвчтөнөө илгээж, хяналтад оруулах зэргээр эргэх холбоотой ажиллаж ирсэн. Хэдийгээр ингэж орон нутагт нь хүрч илрүүлж, эмчилж байгаа ч эл өвчлөл, үүнээс үүдэлтэй нас баралт буурахгүй байгаа нь ийм үйл ажиллагааг улам олшруулан, төрөлжүүлэн үргэлжлүүлэх хэрэгтэйг, ингэхдээ орон нутагт нь суурин ажиллах нэгж, төвүүд байгуулж, үйлчилгээг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Төслийн хүрээнд энэ чиглэлээр тодорхой ажлууд эхлүүлсэн нь эхнээсээ шийдэгдээд л явж байгаа” хэмээн ярилаа. “Амьдралын төлөө аян” төслийнхөн орон нутгаас гадна хотын алслагдсан дүүргүүдэд ч ажиллажээ. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн хорих ангид хүрч үйлчилж байгааг Л.Баярсайхан эмч тодотгов. Энэ мэтээр 2005 оноос улбаатай уг төслийн ажил янз бүрийн хэлбэрээр үргэлжилсээр.
Монголд хэрэгжүүлсэн энэхүү төслийн ач холбогдлыг “Ротари интернэшнл”-ээс хэрэгжүүлсэн “PolioPlus” мега хөтөлбөртэй зүйрлэж болмоор санагддаг, хамарсан цар хүрээг нь эс тооцвол. Дэлхий даяар саа өвчнийг устгах зорилгоор 1985 оноос “PolioPlus” хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд зөвхөн Билл ба Мелинда Гейтсийн сан 200 гаруй сая ам.доллар хандивласан байдаг. Хөтөлбөрийн хүрээнд 122 орны гурван тэрбум гаруй хүүхдийг дархлаажуулахад хоёр тэрбум давсан ам.доллар зарцуулж, тоо томшгүй олон сайн дурынхныг татан оролцуулсан талаарх тайлан байна. Түүнчлэн энэ нь дэлхийн хэмжээнд асар их ач холбогдолтой мега ажил болсныг гэрчлэх бас нэгэн жишээ нь “Ковид-19” тахлыг хянахад “PolioPlus” хөтөлбөрийн аргачлалд тулгуурлажээ.
Тэгвэл “Амьдралын төлөө аян”-ы хувьд 2005 онд Монголын “Ротари клуб”-үүд гадаадын тусламж дэмжлэггүйгээр 12 мянган ам.доллар цуглуулснаар анхны алхмаа хийсэн байдаг. Л.Баярсайхан эмчийн тодруулснаар, анх хэрэгжүүлсэн нь “Хүрээ” ротари клуб бөгөөд (2005-2014), дараа нь “Улаанбаатар централ” клуб үргэлжлүүлжээ. Эхний 10 жилд олон улсын зорилго нэгтнүүдтэйгээ хамтарч, сүүлийн 10 жилд “Улаанбаатар централ” клуб дангаар санхүүжүүлж ирсэн үйл ажиллагаа юм. Тодруулбал, энэ бол Монгол, Хонконг, БНСУ, Тайванийн ротаричуудын хүч хөдөлмөрийн үр дүнд “амилсан” ажил бөгөөд зорьсон газартаа очиж, үзлэг оношилгоо хийхэд зориулагдсан явуулын клиник буюу “явдаг” эмнэлгийнх нь түүх олон улсын “Ротари клуб”-үүдийн санаачилга, манлайллынх нь чансааг илэрхийлэх, хамтын хүчний тод жишээ.
- Нийгмийн амьдралын чанарыг сайжруулах, дэлхий даяар энх тайван байдлыг бэхжүүлэхэд нөлөөлөх, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, үүний тулд мэргэжлийнхэн болон бизнесменүүдийг нэгтгэх зорилготой “Ротари интернэшнл” байгууллага 1905 онд Америкт анх клуб хэлбэрээр бий болжээ. 1912 он гэхэд Олон улсын ротари клубүүдийн холбоо болон тэлж, 1922 оноос “Ротари интернэшнл” хэмээн нэрлэгдсэн бөгөөд өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 46 000 гаруй нэгжтэй, 1.4 сая гаруй гишүүнтэй. Ротари клубүүд үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоос үл хамааран бүх улс оронд хүмүүнлэгийн болон буяны үйл ажиллагааг нээлттэй явуулдаг.
- 1968 онд “Ротари интернэшнл” өөрийн хөтөлбөрт суурилсан “Ротаракт клуб”-тэй болж ирээдүйн ротаричуудыг (18-30 нас) бэлтгэх болсон. Түүнчлэн 12-18 насныхан хамрагддаг “Интеракт клуб” гэж бий.
- Ротаричууд энх тайвныг бэхжүүлэх, эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах болон урьдчилан сэргийлэх, цэвэр усны хангамжийг сайжруулах, суурь боловсролыг дэмжих, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах гэсэн үндсэн долоон чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг.
- Монголчуудын хувьд 1995 онд тус байгууллагын гишүүн болж “Улаанбаатар ротари” клубийг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөгийн байдлаар 23 “Ротари клуб”, 14 “Ротаракт клуб”, 20 гаруй “Интеракт клуб”-тэй, нийт 1600 гаруй гишүүн дэмжигчтэй болжээ.

2022 онд ДЭМБ-аас умайн хүзүүний хавдрыг 2030 он гэхэд устгахыг Европын Холбооны улсууд болон гишүүн орнууддаа уриалсан. Үүний хүрээнд зарим бүс нутагт халдварт бус эл өвчлөлийг 100 000-д дөрөв хүртэл тохиолдол болгон эрс бууруулах боломжтойг сануулсан байдаг. Умайн хүзүүний хорт хавдрыг устгах зорилтыг тодорхойлох, стратеги боловсруулахад Засгийн газар тэргүүлэх үүрэг гүйцэтгэх учиртайг ч ДЭМБ онцолжээ. Австрали улс энэ төрлийн хорт хавдрыг устгасан анхдагчдын нэг болохоор зорьж байна. Индонез 2023-2030 онд умайн хүзүүний хорт хавдрыг устгах үндэсний төлөвлөгөөгөө боловсруулснаа тунхаглачихлаа. Английн Үндэсний эрүүл мэндийн алба 2040 он гэхэд эл өвчнийг устгахаа 2023 онд зарлав. Энэ мэтээр улс орны Засгийн газрууд хөдлөөд эхэлсэн. Монгол Улс ДЭМБ-ын уриалгад бас нэгдчихсэн. Харин хийсэн ажил хомс л сууна. Эл зорилтод хүрэхийн тулд “Амьдралын төлөө аян” шиг мега төсөл, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлага өнөө үед тулгарч байна. Ямартай ч “Амьдралын төлөө аян” суурийг нь тавиад, жишиг тогтоолоо. “Амьдралын төлөө аян” Олон улсын Ротари клубүүдийн хамгийн шилдэг төслөөр шалгарч "Service Above Self" хэмээх дээд шагналыг нь хүртсэн билээ. Энэ төслийн үр дүнд иргэд өөрийн санаачилгаар эмнэлэгт хандаж, эрт илрүүлэгт хамрагдах нь олширсон талаарх судалгаа бий. Тодруулбал, улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах нь 45 хувьтай байна. Үүнээс 75 гаруй хувь нь эрт үедээ оношлогдож, эмчилгээ, тусламж, үйлчилгээ авчээ. Тиймээс эрт илрүүлэх нь маш чухал. Гэхдээ эрт илрүүлэх, эрүүл, эсэхээ мэдэхээр заавал явуулын эмнэлэг хүлээх биш, оршин суугаа орон нутагтаа тусламж, үйлчилгээ авдаг болгохын чухлыг Л.Баярсайхан эмч дээр дурдсан. Энэ асуудал төр засгийнханд нэн хамаатайг ташрамд дуулгахад илүүдэхгүй буй за.