Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн нэг гол гишүүн Хадгаламжийн даатгалын корпорац гэх байгууллага үйл ажиллагаа явуулаад 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. УИХ-аас 2013 оны нэгдүгээр сарын 10-нд баталж, тухайн өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу уг корпорацыг байгуулсан юм.
Улмаар татвар төлөгчдийн мөнгөнөөс буюу улсын төсвөөс тодорхой хэмжээний эхлэлтийн, Монголбанкнаас хөрөнгө оруулснаар, мөн арилжааны банкуудаас албан журмаар авсан хадгаламжийн даатгалын хураамжаас бүрдсэн Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг эл корпорац удирдан зарцуулах, төвлөрүүлэх ажил эрхэлж буй гэсэн үг. Энэ корпорацын дээд удирдлагыг Үндэсний хороо хэрэгжүүлдэг.
Харин гүйцэтгэх захирал нь корпорацын дүрэм болон Үндэсний хороотой байгуулсан гэрээнд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар хуульчилсан. Гүйцэтгэх захирлыг Үндэсний хороо нээлттэйгээр сонгон шалгаруулж, таван жилийн хугацаатай томилохоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан. Гэвч өнөөдөр хуулийн эл заалтыг зөрчин, “Ковид-19”-ийн үеийн хуулийг ашиглан гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилон ажиллуулсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-ийн гэж нэрийддэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл зогссоноор төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр, хэн нэгэн эрх мэдэлтний татаас, нөлөөгөөр шууд томилогдсон дарга нарыг чөлөөлсөн. Харамсалтай нь, хууль заримд нь үйлчилж, нэг хэсэг нь үл ойшоож байна. Үүний нэг тод жишээ бол Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн юм. Хуулийг яагаад хэрэгжүүлэхгүй байгааг Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, гишүүд болох СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, тус яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор, Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Ц.Нарандалай, Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар тэргүүтэн тайлбарлах л ёстой. Уг нь Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэнд хариуцлага тооцох өчнөөн л баримт бий юм билээ.
Санхүүгийн программаа шинэчлэх гэрээ хийсэн ч үр дүн гарсангүй
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Хадгаламжийн даатгалын корпорац тайлан тэнцэл, орлого, зарлага, өгөөж, зардлаа “Инфакт” үйлдлийн систем ашиглан тооцоолсоор ирж. Түүнийг нь муу гэж хэлээгүй, орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн олон программ ашиглалтад нэвтэрсэн энэ үед цаг үеэсээ хоцрогдсон гэж хэлж болох, гараар тооцоолол их хийдэг уг үйлдлийн системийг Хадгаламжийн даатгалын корпорацынхан ашигласаар байсан нь хачирхалтай. Уг нь тус корпорац “Гөү-Окэй” гэх компанитай нягтлан бодох бүртгэлийн “Axplorer” гэх программ авах гэрээг 2021 онд байгуулжээ. Түүнд тусгаснаар гарын үсэг зурснаар үнийн дүнгийн 50 гаруй хувьтай тэнцэх мөнгийг нийлүүлэгч аж ахуйн нэгжийн дансанд шилжүүлэхээр болж. Улмаар 10 сая төгрөг өгсөн байна. Нягтлан бодох бүртгэлийн “Axplorer” программыг нийлүүлэх “Гөү-Окэй” ХХК-ийнхан 90 хоногийн дотор түүнийгээ хүлээлгэж өгөх ёстойг ч бас түүндээ тусгасан аж. Гэтэл тогтоосон хугацаандаа буюу 2021 оны наймдугаар сард гэрээ байгуулснаас хойших 90 хоногт өнөөх программаа нийлүүлээгүй гэнэ. Тийм атал Хадгаламжийн даатгалын корпорацын удирдлага үлдэгдэл төлбөрийг нь шилжүүлэх шийдвэр гаргаж “Гөү-Окэй” ХХК-д долоон сая төгрөг олгожээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээ дүгнэсний дараа үлдэгдэл төлбөрөө өгөх ёстой атал түүнийгээ зөрчин 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд эл корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр нийт 17 сая төгрөг шилжүүлсэн байна. Гэвч 2022, 2023 онд өнөөх компани нь нягтлан бодох бүртгэлийн “Axplorer” программаа нийлүүлээгүй, Хадгаламжийн даатгалын корпорац 17 сая төгрөгийн үргүй зардал гаргачхаад буйг эрх бүхий албан тушаалтнууд нь нуун дарагдуулаад өнгөрсөн байх юм. Уг программыг нийлүүлэх “Гөү-Окэй” компанийн захирал Ө.Ууганбаяр гэгч нь дээрх онуудад цар тахлын халдвар авсан гэх мэт арга саам хийж хойшлуулсаар байсан гэх мэдээлэл бий.
Монголбанкны ерөнхийлөгчийн дүүгийн оффисыг түрээсэлсээр буй нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү
Монголбанкны өнөөгийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өмнө нь Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Энэ үед тэрбээр өөрийн хамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон шийдвэр гаргасан ч өнөөг болтол түүнд хэн ч хариуцлага тооцсонгүй. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 22.10-т “Үндэсний хорооны гишүүн үйл ажиллагаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөнө” гэж заасан байдаг. Гэтэл Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн 2016 оны наймдугаар сарын 30-нд 43 дугаартай Гэрээ шууд байгуулах тухай тушаал гаргаж, өөрийн дүү Б.Лхагвадоржийн эзэмшлийн “Сүмт-Өргөө” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Санроуд” барилгад 716 ам метр талбай түрээслэн Хадгаламжийн даатгалын корпорацыг байрлуулсан аж. Нэг ам метрийг нь тухайн үед 30 000-аар тооцон, сар тутамд 21.4 сая төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсныг зарим цахим мэдээллийн хэрэгсэлд тодорхой бичсэн. 2016-2021 онд Хадгаламжийн даатгалын корпорацаас “Сүмт-Өргөө” ХХК-ийн дансанд нийт 1.7 тэрбум төгрөг байрны түрээсийн төлбөрт шилжүүлсэн байгаа юм.
Энэ нь Монголбанкны өнөөгийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон үйлдэл, ашиг сонирхлын зөрчил биш гэж үү. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлэхээр тусгасан. Харин эл хуулийн 3.1.3-т “Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор заасан байдаг. Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадорж нь мөн хуульд зааснаар хамаарал бүхий этгээд. Тодруулбал, тус хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж заасан. Үүнээс үзэхэд, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин төрсөн дүүдээ давуу байдал олгосон юм биш үү. АТГ-ынхан үүнийг яагаад хараагүй, мэдээгүй юм шиг өнгөрөөж байна вэ.
Хууль зөрчин урамшуулал олгодог явдал энэ корпорацад ч бий
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 22.5-д “Үндэсний хорооны дарга болон корпорацын гүйцэтгэх захирлаас бусад гишүүний урамшууллын хэмжээг Монголбанкны ерөнхийлөгч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан. Тэгвэл Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн хуулийг үл ойшоодог нэгэн бололтой. Өөрөө тушаал гаргаж, өөртөө болон Үндэсний зөвлөлийн гишүүнд мөнгө олгохоор шийдвэрлэсэн тохиолдол ч байна. Тухайлбал, 2021, 2022 онд өөртөө улирлын урамшуулал олгох, улсын байцаагчийн нэмэгдэл өгөх тушаал гаргаж, нийт 30 гаруй сая төгрөг халаасалсан гэнэ. Уг нь дээрх хуулийн зүйл заалтаар бол Хадгаламжийн даатгалын үндэсний хороо хуралдаж байж гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид урамшуулал цалин олгох хэмжээг нь шийдвэрлэх ёстой аж. Ийм байхад дур мэдэн өөртөө урамшуулал олгосон нь мөн л Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэхэд хилсдэхгүй.
Түүнчлэн эрх мэдлээ хэтрүүлж, өөрийг нь удирдах чиг үүрэгтэй Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны гишүүн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амарыг Япон улсад томилолтоор ажиллуулах тушаал гаргаж, зардал 16 сая гаруй төгрөгийг эл корпорацаас олгуулахаар шийдвэрлэжээ. Хууль болон үндэсний хорооноос баталсан Хадгаламжийн даатгалын корпорацын дүрэмд гүйцэтгэх захирал болон үүрэг гүйцэтгэгчид удирдах дээд байгууллагынхаа албан тушаалтантай холбоотой шийдвэр гаргах ямар нэг эрх олгоогүй байхад С.Баатарсүрэн ийнхүү Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амарт томилолтын зардал олгох тушаал гаргасан нь цаанаа ямар учир шалтгаантайг эл хүмүүс өөрсдөө л мэдэх биз ээ.
Эдгээрээс гадна Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн 2022 онд Аргентины болон АНУ-д олон улсын хуралд оролцохоор зорьсон байгаа юм. Энэ үедээ эхнэрээ дагуулж явсан аж. Түүний зардлыг Хадгаламжийн даатгалын корпорацаас гаргуулсан нь ч тодорхой болсон гэдэг. Мөн АНУ-д ажиллана хэмээсэн ч хилээр нь орж чадалгүй буцсан гэх мэдээлэл бий.
Хадгаламжийн даатгалын корпорацын удирдах албан тушаалтнууд энэ мэтээр хууль зөрчиж, өөртөө, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон үйлдэл гаргасан байх юм. Уг нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 22.4.3-т “Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь корпорацыг удирдахад харшлахгүй байх”, 22.4.5-д “банк, санхүү, даатгалын салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан” гэх шалгуур тавих ёстой. Харин өнөөгийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь энэ шалгуур, шаардлагыг хангаж буй, эсэхийг Хадгаламжийн даатгалын үндэсний хорооныхон нь эргэж харах цаг болсон юм биш үү.