Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Оюутолгойн гүний уурхайд ажиллажээ. “Оюутолгой” компани 2022 онд гүний уурхайгаа нээсэн. Өнгөрсөн оны олборлолт нь өмнөх жилийнхээсээ 50 хувиар нэмэгдэж, зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ. 2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй гэнэ. Ингэснээр дэлхийн зэсийн дөрөв дэх том уурхай болох зорилттой аж. “Оюутолгой”-д 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд. Тэдний 25 хувь нь Өмнөговь аймгийн харьяат иргэд гэнэ. Уурхайн нийт ажилтны 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ үзүүлэлтийг 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, 2014-2024 онд “Оюутолгой” манай улсын экспортын орлогын 17, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна. 2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх өгөөж 11.9 тэрбум ам.доллар болох нь. Тус компани Өмнийн говийн гүний уурхайн институт байгуулж, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоод, гадаадын боловсон хүчин бэлтгэж эхэлжээ.
М.Оч