Манай орны нийт нутгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цаг агаар эрс дулаарсантай холбоотойгоор гурван байршлын газарт шар усны үер буужээ. Тэдгээр газарт хамгаалалтын далан босгосноо Геодез, усны барилга, байгууламжийн газраас өчигдөр мэдээлэв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Сэлбэ голын дагуу шар усны үер буужээ. Үүний улмаас дөрвөн айл үерт өртөх эрсдэлтэй байсан бөгөөд урьдчилан арга хэмжээ авсан гэж дээрх газрын талбайн инженер Ж.Батдорж мэдээлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, Сэлбэ голын дагуух хэсэг ч шар усны үерт авсан аж.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг үерийн хамгаалалтын даланг зөвшөөрөлгүй хааж, авто замын орц, гарц хийсний улмаас уулын үер буусан гэнэ. Эдгээрээс гадна Сонгинохайрхан дүүргийн нутагт байрладаг Баруун нарангийн үерийн далангийн хэсэг шар усны үерт автах эрсдэлтэй гэнэ. Тиймээс тухайн хэсгийн халиа, тошинг багасгах, гүүрэн гарц болон далангийн хоолойг цэвэрлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагынхан нь өчигдөр гүйцэтгэж байлаа.
М.Оч