Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралд татвар, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар холбогдох сайд нар танилцуулга мэдээлэл хийлээ. Бизнес эрхлэгчид, ажил олгогчид татварын орчин, нийгмийн даатгалын системийг сүүлийн жилүүдэд хамгийн ихээр шүүмжлэх болсон. Иргэд ч татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг хэлдэг. Тиймээс Хамтарсан Засгийн газар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж татварын зардлыг бууруулахыг чухалчилжээ. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлнэ. Гааль, татварын алба захиргааны арга барилаа халж, татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг болно. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж орон нутагт хүн ам, ажиллах хүч татах татварын бодлого хэрэгжүүлнэ. Татварын шинэчлэлийн үр дүнд иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 2.4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт олгож, бизнесийн идэвхжилийг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж буйгаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Олон улсын шинжээчид 2025 онд Монгол Улсын эдийн засаг зургаан хувиар өсөх тооцоолол гаргасан. Макро эдийн засгийн өсөлтийн трэндийг алдалгүйгээр жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өсөлтийг хүртээхэд Засгийн газраас өргөн барих татвар, хөрөнгө оруулалтын хуулиуд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Татварын хуулийн шинэчлэлийн асуудлаар нийгмийн бүх түвшнийг хамарсан өргөн хүрээний санал, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 17 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 170 мянга гаруй саналыг ажлын хэсэгт ирүүлж, саналыг багцлан бодлогын шинэчлэлд тусгажээ.
Татварын багц хуулийн шинэчлэлтэй зэрэгцүүлж нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхээр салбарын яам хуулийн төсөл боловсруулж байна. Үндэсний хороод, Эдийн засгийн хөгжлийн зөвлөл, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхим болон олон нийтийн бусад байгууллагаас ирүүлсэн 21 багц саналыг нийгмийн даатгалын шинэчлэлд тусгахыг зорьж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулах, ажил олгогчийн төлөх хувь хэмжээг бууруулах зэрэг саналыг салбарын яаманд ирүүлжээ.
Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийснээр ажил олгогчийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, оюутан залуус, ахмад настны нийгмийн баталгаа сайжирна. Монгол Улсад зургаан төрлийн тэтгэвэр олгодог бөгөөд гурвыг нь нийгмийн даатгалын сангаас, гурвыг нь улсын төсвөөс санхүүжүүлдэг. Одоогийн нийгмийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хуримтлал руу шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байгааг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.