Ноорог.мн сайтынхантай холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Цагдаагийн байгууллагат шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаа, есдүгээр сараас эхлэн эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар шалгагдаж байжээ. Одоог хүртэл шалгагдаж байна. Энэ үйл явдал гэнэт болсон үйл явдал биш ээ.
Хэрэв дээрх хүмүүсийг хууль зөрчиж баривчилсан, улс төрийн ямар нэгэн эрх ашиг байгаа эсэхийг тогтоох ёстой. Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагааг сард олон хийдэг. Дээрх асуудалд баривчлах үйл ажиллагаа явуулаагүй. Прокуророос зөвшөөрөл өгөөгүй. Иймд ямар ч албан ёсны баривчилсан зүйл үгүй. Харин эд хөрөнгө хураах, хэвлэн нийтлэх, хүний эрхэд халдсан эсэхийг шалгах нь зүйн хэрэг. Өмгөөлөгчдийн хэлж буйгаар процессын алдаа гарсан бол гомдол гаргаад явах бүрэн эрхтэй. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол ирсэн бол шалгах үүрэгтэй. Хуулийнхаа хүрээнд ажлаа хийж байгааг буруутгаж болохгүй.
Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр шалгагдаж байгаа зургаан хүний дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна. Үүнтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хэргийн заалт буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй зүйл ангиар шалгагдаж байгаа хүн бий. Үүний цаана нь амиа хорлосон хохирогч байна гэсэн үг" гэв.