-Алдаатайгаа нүүр тулж, яаралтай арга хэмжээ авахыг төсөвт учирсан эрсдэлүүд харуулж байна-
Засгийн газар нь дотоодын нэг компанитайгаа, нэгэн ордын талаар зөрчилдөж, пиар хийж маргасаар нүүрсний үнийн уналтын мөчлөгтэй нүүр туллаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 17-ны өдөр, чуулганы нэгдсэн хуралдааны нээлтийн дараа мэдээлэл хийхдээ “Биднээс хамаарахгүйгээр, олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй асуудал үүсэж, нүүрсний үнэ уналаа. Гэхдээ төсвийн тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй” гэсэн хариулт өгч байна. Улс төрийн нөхцөл байдал, олон улсын харилцааны чиглэлээр байнга судалгаа хийдэг бүтэц, институц хангалттай ажиллаж байна. Тэд эрсдэлийг урьдчилан харж, төрийн шийдвэр гаргаж буй байгууллагуудыг мэдээллээр хангаж байдаг.
Засгийн газар үүнд үндэслэн эрсдэлээс сэргийлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх байтал байгалийн гэнэтийн аюул тохиосон мэт, ханшийн тогтворгүй байдал руу алдаагаа чихэх ёсгүй. “Анх удаа алдагдалгүй төсөв баталлаа” гэх алга ташилтын гор одоо л гарч мэдэх нь. Алга ташуулах бус, эрсдэлээ бодитойгоор харж, тооцоолсон байх ёстой атал цаг нь тулчхаад байхад ийнхүү мэдэн будилах нь хортой юм.
Хошигнож хэлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрлэсэн тарифын нэмэгдлээс болоод Хятадад гангийн хэрэгцээ буураад, нүүрс авахаа хязгаарлахад л Монголын нүүрсний үнэ унаж, төсвийн орлогод нь аюул учирчхаж байна. Ийм эмзэг төсөвтэй, эрсдэлээс сэргийлэх менежмент муутай байгаа юм. Эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярих ч хэрэг алга. Гэтэл манайх анх удаа төсвийн орлогоо нүүрсний экспортоос бүрдүүлж байгаа улс биш шүү дээ.
Төсвийн орлогоо алдахад үрэлгэн зардал нөлөөлдөг
Өнөөдөр тулгараад буй асуудал нь төсвийн хүндрэл үү, эсвэл цаашид нүүрсний зах зээлд гол тоглогч байж чадах, эсэх асуудал уу гэдгээ зөв олж харах шаардлагатай. Статистикийн дүн мэдээнээс харахад төсвийн тэнцэл энэ оны эхний хоёр сарын байдлаар 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Гэтэл УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ “Төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан” хэмээлээ. Яагаад ийм зөрүүтэй мэдээлэл өгөв.
Хэдийгээр Сангийн сайд үүнийг “Жилийн төлөвлөгөөнийхөө 11 хувийг бүрдүүлсэн, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас давсан үед төсвийн тодотгол хийнэ” хэмээн тайлбарлаж буй ч бодит байдалд эдүгээ хагас их наяд давсан алдагдалтай болчхоод байна. Гурван их наяд төгрөгийн алдагдалд хүрэхэд ойрхон биш гэж үү. Энэ бол тайвширч болохгүй эрсдэл. Яагаад гэвэл төсвийг хэмнэх, орлогыг нэмэгдүүлэх талаар ямар нэгэн дорвитой алхам хийнэ гэж ярьсан болохоос биш, хийгээгүй байгааг олон нийт харж буй.
Нөгөөтээгүүр, татварын орлого өмнөх оныхоос бүхэл бүтэн нэг их наяд гаруйгаар буурчхаад байна. Үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хамгийн ихээр буюу 65.5 хувиар уруудсан нь онцгой нөлөөлжээ. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Мөн орлогын албан татвар 30, НӨАТ 13.9 хувиар буурсан. Төрөөс олгодог халамжууд, шинээр бий болгосон төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан үзүүлсэн хөнгөлөлтүүдийн хүүгийн зардал, татаасууд нь төсвийн нийт зардлын 10 гаруй хувийг эзэлж байна. Товчхондоо, орлогод санаа зовж буй хэрнээ зарлага гаргахдаа хямгадахгүй байгаа нь харамсалтай.
Энэ хүндрэлээс гарах арга зам нь мэдээж төсвийн тодотгол биш байх нь. Тэгэхээр экспортын орлогоо нэмэгдүүлэхээс өөр гарц алга. Үүний тулд төсвийн орлогын гол бүрдүүлэгч болсон нүүрсний экспортдоо маневр хийх шаардлага гарч байна. Таамаглаж байсанчлан “биржийн үнэ”-ээс татгалзах арга, гарц хайж байгаа нь УИХ-ын чуулганы эхний өдрөөс тодорхой боллоо. Тухайлбал, гадаад нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ унаад байгаа учраас биржийн бус, амны үнээр нүүрсээ худалдах чиглэл рүү явах бололтой. Хэдийгээр хоёрхон улс хоорондоо нүүрсний худалдаа хийхдээ биржээр дамжуулах нь алдаатай бодлого гэсэн шүүмж байдаг ч Баяннуурын нүүрсний компаниудын эрх ашгийн өмнө Монголын төр хуулиасаа ухарч, сөхрөх ёсгүй гэдэг нь маргаангүй зөв. Гэтэл нүүрсний экспортын хэмжээ багасахтай зэрэгцэн “бойкот” үргэлжлэх магадлалтай байна. “Биржийн үнэ”-ээр нүүрс худалдах, дуудлага худалдаагаар зарах нь нүүрсний худалдаан дахь авлигын гэмт хэргийг эрс бууруулсан, худалдан авагч хэдхэн хятад компанийн тулгасан үнээр бус, зах зээлийн бодит ханшаар нүүрсээ худалдаж чадсан зэрэг маш сайн үр дүн авчирсан нь туйлын үнэн. Гэвч нөхцөл байдалд зохицож, хурдтай, оновчтой шийдвэр гаргах нь УИХ-ын үүрэг. Тиймээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд тодорхой “хөдөлгөөн” хийснээр экспортын орлогыг аварч болох юм.
Нөгөөтээгүүр, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хаврын чуулганы нээлтийн өдөр буюу энэ сарын 17-нд УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Уг хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар өмнө нь борлуулж байсан нүүрсний хэмжээг таван сая тонноор нэмэх бөгөөд төсөвт төвлөрүүлэх орлогыг 400 орчим сая ам.доллароор өсгөх боломжтой гэж ажлын хэсгийн дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдэв.
Хэлэлцээрийг соёрхсоноор ямар үр дүн авчрах вэ
Нүүрсний худалдааны хувьд эхний гурван жил буюу 2025-2027 онд өөрсдөө олборлоод таван сая тонн нүүрс худалдана. 2028-2029 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК тус бүр зургаан сая тонныг төмөр зам ашиглалтад оруулахаас өмнө “Чайна энержи” компанитай худалдан борлуулах гэрээ байгуулна. Түүнээс цааших хугацаанд 20 сая тонн нүүрс худалдана. “Чайна энержи” гэдэг эрчим хүчний том корпорацтай их хэмжээний нүүрс худалдах борлуулалтын гэрээ хийчихлээ. Ингээд их хэмжээний нүүрс худалдах гэхээр манай уурхайн хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс уурхайнхаа хүчин чадлыг сайжруулах, нүүрсний гарцаа нэмэгдүүлэн олборлож зарахын тулд бас хамтарч ажиллах болж байна. Гэхдээ Монгол Улсын хуулийн дагуу тендерийн хүрээнд шүү. Үүнд мөн “Чайна энержи” компани оролцон, их хэмжээгээр нүүрсийг чинь олборлоод авъя гэсэн санал тавьсан. Ашгийн хувьд бид уурхайнхаа хүчин чадлаа нэмэгдүүлнэ, нүүрсээ ханш болон эрэлтэд санаа зовохооргүй тогтвортой худалдчихна, төмөр замтай болно. Үүндээ дөрөөлөөд бусад боомтын төмөр замуудаа холбоно. Нүүрсний худалдан авалтын дараа ч тэрхүү төмөр зам нь ач холбогдолтой юм.
Нүүрсээ худалдах үнэд ямар өөрчлөлт орох бол
Хоёр талын тохирсон үнийн интервал нь Тавантолгойн ордын дахиад хоёр дахь тэрбум тонн нүүрсний экспортын асуудал юм. Үүнийг хэт хатуу, өндрөөр тогтоочихвол чанарын хувьд сайныг нь сорчилж ашиглаад, мууг нь голж үлдээх эрсдэлтэй байдаг учраас тэр боломжийг хаах шийдлийг манай тал тулгасан нь энэ. Нөгөөтээгүүр, Хятадын тал хоёр улс хоорондоо нүүрс зарахад бирж байгаа нь утгагүй, амны үнээр зараач гэсэн анхны хүсэлтээсээ ухарч интервалыг хүлээн зөвшөөрсөн. Үүгээрээ Монголын тал уг хэлэлцээрээр УИХ-ын өгсөн чиглэл, зөвшөөрлөөс огт гажихгүй, хүрээ хязгаарт нь яв цав нийцсэн гэрээ, хэлэлцээр хийсэн гэж үзэж байгаа юм билээ. Тиймээс УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн ҮАБЗ хаалттай хуралдахдаа энэ сэдвийг хөндөж, дээрх гэрээ, хэлэлцээртэй холбогдуулан үндэсний язгуур эрх ашиг, улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нийцсэн хуулийн өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байх гэж таамаглаж буй юм. Гэхдээ энэ нь урьдчилан тооцоолоогүй нүүрсний экспортын орлогоо алдсан хохирлыг бүрэн дүүрэн нөхөж чадах, эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
У.Оргилмаа