Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр "Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт боомтуудад ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллалаа. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна. Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж байна. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги мандлаар гэхэд экспорт чөлөөтэй гарч байна. Боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээ хүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ Шивээхүрэнгийн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна" хэмээсэн.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан "Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна. Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаар шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд явж чадахгүй болчихоод байгаа. Биржийн асуудлыг шат дараатай шийдээд явж байгаа. Төр ,төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана" гэсэн юм.