Засгийн газар баян, хүчирхэг байна. Гэхдээ Төвбанкны ерөнхийлөгчтэй болтлоо “хүчирхэгжинэ” гэж байх уу? Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн сүүлийн үеийн мэдэгдлүүд, өмнө нь Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг хичээнгүйлэн тэмдэглэн суугаа фото сэлт олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа билээ.
Хуулиараа Төвбанкны ерөнхийлөгч нь Засгийн газраас хараат бус ажиллахаар зохицуулагдсан байдаг. Төвбанкны тухай хуулийн 25.4-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн бусад байгууллага, албан тушаалтан, банк, аливаа хүн, хуулийн этгээд Монголбанк, түүний хянан шалгагчаас энэ хуульд заасан хяналт шалгалтын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасан байдаг. Энэ заалтыг 2021 онд нэмж оруулсан байна.
Гэтэл сүүлийн үед Төвбанкны ерөнхийлөгч Засгийн газрын хуралдааны танхимаас, эгээ л Засгийн газрын гишүүн шиг л гарч ирдэг, шаардлагатай үед өөртөө төдийлөн хамааралгүй салбарын асуудлаар ч мэдээлэл, тайлбар хийдэг болчихлоо. Уг нь хуульд заасан нөхцөл, хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ажлаа тайлбарлах боломж түүнд буй. Мөн мөнгөний бодлогын үндсэн чиглэл, холбогдох хууль, тогтоомжуудыг батлуулахаас бусад тохиолдолд улс төрөөс, улстөрчдөөс ангид байх нь ёс зүйн хувьд ч зохимжтой болов уу.
Монголбанкны ерөнхийлөгч Засгийн газарт нэн ойрхон ажиллаад байгаа нь саяхан байгуулагдсан Экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг үйл ажиллагаатай холбоотой бололтой. Уг ажлын хэсэг байгуулагдах үед валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчим байсан. Үүнийг ирэх дөрөв, тавдугаар сард нэмэгдүүлж, валютын нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэх зорилттой ажиллаж буй нь сайн хэрэг. Гэхдээ хуулийг мөрдөж, ёс зүйн зарчмаа баримтлан хараат бус ажиллах нь валютын нөөц бүрдүүлэхтэй хамааралгүй. Өөрөөр хэлбэл, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гаднаас нь албан бичгээр харилцаж, хамтран үр дүнд хүрч болдог. Тэгж ажилласаар ирсэн байтал яагаад сүүлийн үед Засгийн газрын хуралдаанд оролцдог болов.
Монголбанк инфляцын өсөлттэй холбогдуулан мөнгөний хатуу бодлого үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй нь арилжааны банкуудын зээлийн хүүд төдийгүй эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Төвбанкны ерөнхийлөгч цахилгаан, дулааны тариф болон махны үнэ өссөн, их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн зэрэг хүчин зүйлтэй холбон үүнийг тайлбарласан. Нэгэнт ийм хүнд нөхцөл байдалтай тэмцэж, бодлогын арга хэмжээг урьдчилан авч чадаагүй бол “Инфляц хоёр оронтой тоонд хүрэх гээд байна” гэдэг таагүй мэдэгдэл хийхийн тулд заавал Засгийн газрын хуралдаанд оролцох шаардлагагүй баймаар. Харин “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тариф тогтоосны дараах нөлөөллөөр манай улсын экспортын үнэ болон хэмжээнд дарамт авчрах болов уу гэж төсөөлж байна” хэмээн ярьсныг нь мэргэжилтнүүд шүүмжилсэн. Энэ мэт бодлого зохицуулалтын алдаанаас гадна хараат бус байдлаа алдаж буй нь олон нийтийг бухимдуулж, хугацаанаас нь өмнө огцруулах ёстой гэсэн шүүмжлэлийг ч өрнүүлэх болов.
Хэдийгээр түүний таамаглаж байгаачлан 2025 он хатуу сорилтын жил болж магадгүй боловч энэ нь Төвбанк Засгийн газартай “тэврэлдэж” ажиллаад даван туулах “зөвшөөрөл” огт биш. Харин ч Засгийн газарт хатуу шаардлага тавьж, экспортоо нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулах, хурдтай ажиллаж, хамгийн гол нь төсвийн байгууллагуудын үрэлгэн байдалтай тэмцэж ажиллах ёстой гэдгээ мартсан бололтой. Үүгээрээ түүхэнд байгаагүй, Төвбанкны ерөнхийлөгч болчхоод байна. Улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ нь Төвбанкны ерөнхийлөгчдөө ч, Засгийн газартаа ч хатуу хяналт, шаардлага тавьж ажиллах уу. Аль эсвэл хамтарсан Засгийн газар гэдэг “хөнжилдөө шурган” намынхаа зүтгэлтнүүдийг төрийн албанд шургуулахад илүү анхаарах уу гэдэг эргэлзээ, бухимдал төрүүлж эхэлсэн. Үүгээрээ төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт ч, төсвийн үрэлгэн байдал ч хяналтгүй болж, “том том мега төсөл” ярих хооронд эдийн засаг уруудах төлөвтэй болоод байна. Ийм нөхцөл байдал улс төрийн хямралыг дагуулдаг учраас хаанаас нь эхэлж цэгцлэх, алдаагаа хэзээ засаж эхлэхийг нь хүлээх л сонголттой үлдлээ, бид.
У.Оргилмаа