Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдсоноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сарын 18-ны мягмар гаригт хоёр дахь удаагаа утсаар ярив. Украинд гал зогсоох төлөвлөгөөгөө Трамп хэрэгжүүлж эхэлж буй нь энэ юм. Кремлиэс мэдээлснээр бол тэд Украины эргэн тойрны асуудлаар саналаа дэлгэрэнгүй илэн далангүй солилцож, энэ зөрчил тэмцлийг зохицуулахаар гаргаж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа нотолцгоожээ. Украины байдлыг зохицуулах арга замыг хамтран боловсруулахад бэлэн гэдгээ Путин Трампад мэдэгдэж, 30 хоногийн хугацаанд эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөөс Орос, Украин харилцан татгалзахыг АНУ-ын Ерөнхийлөгч санал болгосныг дэмжиж буйгаа илэрхийлж, цэргийнхэндээ ийм шийдвэр өгсөн байна. “30 өдрийн эвлэрэл тогтоох тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгад фронтын бүх шугамын дагуу гал зогсооход тавих хяналтыг хэрэгжүүлэх, Украинд цэргийн дайчилгаа явуулж, Зэвсэгт хүчнээ дахин зэвсэглэх явдлыг зогсоох нь чухал гэсэн хэд хэдэн санааг Оросын тал тавьжээ” гэж мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн олзлогдсон 175 цэргийг хоёр талаас тэнцүү тоогоор энэ сарын 19-нд харилцан солилцохоор болсныг Трампад Путин ярьсан аж.
Украины байдлыг зохицуулах талаар хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн тулд Орос, Америкийн шинжээчдийн бүлэг байгуулах болсныг мэдэгдэлд тусгасан байв.
Цагаан ордны гаргасан мэдэгдэл нэлээд богино хэмжээтэй аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дэн Скавино уг утасны яриа болж байх үед түүнийг “сайн болж байна” гэж хэлсэн ч мэдэгдэлд олон үг зориулсангүй. “Эрчим хүч, дэд бүтцийн салбарт гал зогсоосноор энхийн үйлсийн зүг хийх хөдөлгөөн болон Хар тэнгис хийгээд дэлхий дахинд гал зогсоох талаарх техникийн хэлэлцээр эхлэхийг хоёр тал тохирлоо. Энэ яриа хөөрөө нэн даруй Ойрхи Дорнодод эхэлнэ гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ. “Стратегийн зэвсэглэлийг дэлгэрүүлэхийг зогсоох”, “Ирээдүйд гарч болзошгүй зөрчлөөс зайлсхийхийн тулд хамтран ажиллах бүс нутаг нь “Ойрхи Дорнод” байх тухайд Трамп, Путин нар бас ярилцжээ.
Трамп Путинтэй тогтоосон өөрийн харилцааг “маш сайн, үр дүнтэй” хэмээн нийгмийн сүлжээндээ тодорхойлсон байна. Путин, Трамп нар утсаар яриад хэдэн цаг болсны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг ярианы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Америкийн талаас авна гэж хэлжээ. Зеленский Хельсинки хотод (тэнд айлчилж буй) сэтгүүлчидтэй уулзахдаа Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох саналыг дэмжиж буйгаа нуусангүй. “Хэрэв би Ерөнхийлөгч Трамптай уулзаж ярилцвал америкчуудад оросууд ямар санал тавьсан болон америкчууд оросуудад юуг санал болгосон талаар тодорхой мэдэхсэн, ингэх нь зөв гэж би бодож байна” гэжээ. Трамптай ярилцах үедээ энх амгалан байдал тогтоохын тулд бэлэн гэж Путин мэдэгдсэн хэрнээ Украины иргэний дэд бүтцийг Орос бөмбөгдсөөр, довтолсоор байна. Галыг бүрэн зогсоох саналыг Путин үнэн хэрэг дээрээ няцаасан байна. Дайныг сунжруулах гэсэн Путиний аливаа оролдлогыг дэлхий дахин няцаавал зөв болно гэж Зеленский мэдэгджээ.
Америк, Оросын Ерөнхийлөгчид бүтэн хагас цаг ярилцжээ. Путинтэй ярихын өмнө “Air Force Оne” онгоцныхоо бүхээгт Трамп сэтгүүлчидтэй ярилцахдаа газар нутгийн хийгээд Орос, Украины хооронд “тодорхой хөрөнгө хуваах” асуудлыг Оросын Ерөнхийлөгчтэй ярилцахаар төлөвлөж байна гэж хэлсэн байна. “Бид газрын тухай ярилцана. Цахилгаан станцуудын тухай ч бас ярилцана” гэж одоо Оросын цэргийн хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станцын тухай хөндсөн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Трамп өгүүлжээ. Мягмар гаргийн орой нийгмийн сүлжээндээ Трамп Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх олон зүйлийг Оросын удирдагчтай тохиролцсон, тэгэхдээ хийх ажил бас их бий гэж бичсэн байв.
Хоёр Ерөнхийлөгчийн утсаар хийсэн яриаг ВВС-гийн сурвалжлагч шинжлэн дүгнэсэн байна. Бүтэн хагас цаг үргэлжилсэн ярианы үр дүнгээр Кремль болон Цагаан ордны хийсэн мэдэгдэлд чухал зүйл олон байна. Юуны урьд эрчим хүчний дэд бүтэцдээ Орос, Украины харилцан хийж байсан цохилтыг даруй зогсоохоор тохирчээ. Ийм санаачилгыг дайн эхэлснээс хойш нэг бус удаа ярилцсан юм. Гэлээ ч Москва, Киев хоёр ер тохиролцож чадаагүй.
Путинтэй утсаар ярихын өмнө энэ талаар Зеленскийтэй Трамп ярьсан, эсэхийг бүү мэд. Энэ санаачилгыг хэрэв Киев дэмжсэн бол хоёр жил орчим гэрэл, усаар гачигдаж буй украинчуудын хувьд бүр ч ач холбогдолтой байх нь мэдээж.
Өөр нэг тохиролцсон асуудал нь хоёр талаас тус бүр олзлогдсон 175 цэрэг солилцож, хүнд шархадсан 25 цэргийг Украинд эргүүлж өгөх. Хүмүүнлэгийн үүднээс энэ их ач холбогдолтой, гэхдээ шударга ёсны үүднээс хандвал ийм солилцоог, үүнээс олон хүнийг хамруулж Трампыг Цагаан ордонд ирэхээс өмнө хийж л байсан билээ.
Цэргийн тусламжийг бүрэн зогсоох, Украины армид дайчилгаа хийлгэхийг болиулах, Москваг буулт хийхийг шаардах гэх мэтийг Цагаан ордон зөвшөөрөх, эсэхийг сэтгүүлчид хийгээд шинжээчид таамаглах гэж хэдэн өдөр тархиа гашилгасан байна. Гэтэл аль нь ч тохиолдсонгүй. Кремлийн хийж буй мэдэгдлээс үзэхэд Украины арми Өрнөдийн дэмжлэгээс түүний дотор тагнуулын мэдээллээс бүрэн татгалзах шаардлага дээрээ Путин хатуу зогсож байгаа аж.
Путиний энэ байр суурийг Цагаан ордон авч үзэж буй, эсэх нь түүний хийсэн мэдэгдлээс харагдахгүй байгаа юм.
Орос, Америкийн шинжээчдийн бүлэг байгуулна гэдгээс бид Украины асуудлаар өндөр түвшинд ойрын үед уулзалтууд болно гэж хүлээж болох юм. Цааш нь Украин дахь зөрчил тэмцлийг даруй зогсооход Трампын нэг удаагийн хүсэлт хангалттай биш байх нь.
Трамп, Путин нарын ярианд Украин хэрхэн хандаж буй вэ. ВВС-гийн сурвалжлагч Святослав Хоменико ийн тайлбарлаж байна. Дональд Трамп, Владимир Путин хоёр “эрчим хүч”-ний 30 хоногийн эвлэрэл тогтоохоор тохиролцов гэх мэдээлэл Киевт агаарын түгшүүрийн дохио дуугарч байхад украинчуудад очиж байв. Цохилт өгөх дронууд нийслэл хотод дөхөж ирж буйг Украины орон зайд дуулгаж байлаа. Энэ бол Америк, Оросын удирдагчдын хийсэн тохиролцоог харуулсан хамгийн оновчтой зүйрлэл юм.
Энх амгалан байдал ер хаяанд байна гэж Цагаан ордон ч, Кремль ч нийгмийн сүлжээндээ бичиж магад. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд болохоор цохилтыг цэргийн объектууд, техник олноор цугласан газарт өгсөн, эрчим хүчний салбарыг хөндөөгүй гэж бичсэн байхыг бид унших биз. Эрчим хүчний салбарт цохилт өгөхгүй гэж Путин амласан, Трамп ч түүнд үг дуугүй итгэсэн шүү дээ. Энх амгалан байдалд хүрэхийг тэгтлээ хүсэхгүй байгаа Путинийг Трамп айхавтар буруутгах болов уу гэх асуулт одоо гарч ирж байна. Бас агаарт бүрэн энх тайван авчрахгүй эрчим хүчний энэ 30 өдрийн нам гүм байдал хэнд ашигтай юм бол гэж ч асуумаар. Дональд Трамп, Владимир Путин нарын ярианы үр дүнг АНУ, Украины Ерөнхийлөгчид нэг ярьж л таарна. Энэ ярианы үр дүнг би урьдчилан таамаглахыг оролдохгүй ч Зеленский чинь дэлхийн дахины нүдэн дээр Трампад “үгүй” гэж нэг удаа хэлчихсэн л хүн шүү дээ. Хоменко ийн хэлжээ.
Трампыг Ерөнхийлөгчийн албаа хашаад гурван долоо хонож байхад Путин тэр хоёр анх хоёрдугаар сарын 12-нд утсаар ярьж, цаашид хэлхээ холбоотой байх, биечлэн уулзах талаар тохиролцсон гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьсан байдаг. Хоёрдугаар сарын 18-нд Саудын Арабт Орос, Америкийн өндөр албан тушаалтнууд Украины дайн эхэлснээс хойш анх уулзсаны дараачаас Трамп болон түүний засаг захиргаа Москва хийгээд Путинд аядуу хандах болсон юм.
Харин Киевт аюулгүй байдлын баталгаа шаардах болсон Зеленскийг Трамп дайныг зогсоохыг хичээдэггүй гэж үзсэн төдийгүй түүнийг “сонгогдоогүй дарангуйлагч” гэж нэрлэсэн. Бас түүнийг “тусыг усаар хариулж байна” хэмээн зэмлэсэн билээ. Ингээд Украинд үзүүлж байсан цэргийн тусламжаа Америк түр зогсоож, Киевт тагнуулын мэдээлэл хуваалцахаа больсон нь энэ сарын 3-нд тодорхой болсон. Гэвч хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгч Трампын хүчтэй нөлөөн дор бат бэх энх тайван тогтоохын төлөө баг нь ажиллахад бэлэн гэж Зеленский мэдэгдсэнээр АНУ цэргийн тусламжаа сэргээж, Украинтай тагнуулын мэдээлэл дахин солилцох болсон. Трампын тусгай элч Москвад очиж Путинтэй уулзсаны дараа Оросын Ерөнхийлөгч гал зогсоохыг хүсэхгүй байгаа бөгөөд дипломат санаачилгыг амжилтад хүргэхгүйн төлөө боломжтой бүхнийг хийж байна гэж Зеленский мэдэгдээд, Оросын удирдагчид дарамт шахалт үзүүлэхийг АНУ болон бусад улсад уриалсан юм.
Р.Жаргалант