Казах түмний уламжлалт Наурызын баярыг энэ жил нийслэлд нэлээд өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайд “Наурызын баяр-2025” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Казахчуудын зан заншил, уламжлал, өв соёлын гайхамшгийг танилцуулахыг зорьжээ. Энэ үеэр соёл урлагийн концерт, казах үндэсний бөхийн “Казах күрес” тэмцээн болох аж. Мөн гар урлалын үзэсгэлэнтэй бөгөөд казах гэрийн онцлогийн талаар ч танилцуулах юм байна. Түүнчлэн казах түмний зоог, уламжлалт идээ ундааг сонирхох боломжтой. Уг арга хэмжээ нөгөөдөр 09.00 цагаас төв талбайд эхэлнэ.
М.Оч