НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1992 оны тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэсээр ирсэн Дэлхийн усны өдөр өнгөрөгч бямба гарагт тохиолоо. Дэлхий нийт өнөө жилийн усны өдрийг “Мөстөл, мөсөн голуудаа хамгаалъя” уриан дор тэмдэглэж, усны нөөцийг бүрдүүлэгч, уур амьсгалын тэнцвэрт байдлыг хамгаалагч мөнх цас, мөсөн гол, цэвдэг эрчимтэй хайлж буй асуудлыг хүн төрөлхтний анхаарлын төвд аваачив. Харин манай улс энэ өдрийг угтан өнгөрсөн баасан гарагт “Цэнхэр алт” үндэсний чуулганыг Төрийн ордонд хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Чуулганд усны салбарын судлаач, мэргэжилтнүүд, төр, хувийн хэвшил, олон улс, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 1200 орчим хүн оролцсон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган гачиг, үер, усны эрсдэл нэмэгдэн, мөстөл, мөсөн голууд эрчимтэй хайлж байна. Энэ нь манай орны усны хязгаарлагдмал нөөцөд сөргөөр нөлөөлж, ашиглалт, бохирдолд нь онцгой анхаарах шалтгаан боллоо. Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багассан. Цаашид мөнх цас, мөсөн голуудаа хамгаалж, хайлуулахгүй байх технологи нутагшуулах, хайлсан бол усыг нь хуримтлуулах, гол, нуурын бохирдлыг бууруулах, усыг цэвэршүүлж, дахин ашиглах тогтолцоо нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Иргэдэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, -“Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Одоо усны салбарт “Цэнхэр алт” хэрэгжүүлэх цаг болсон. Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлуудад тулгуурлан, мөн “Нэг нуур-нэг сум”, “333 нуур” хөтөлбөр, “Дусал бүр” уриалгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зөвлөмж гаргана” гэсэн юм. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хилийн усны хэлэлцээрээр хил дамнасан голуудыг хамтран хамгаалах, ашиглах, судлах ажлууд амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Засгийн газраас Эгийн голын УЦС-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамтарч судлах, туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг шийдвэрлэсэн” хэмээн онцлов. Түүнчлэн гэр хорооллын айлуудын байшингийн дээврээр дамжин хөрсөнд нэвчиж алга болдог хур тунадасны усыг хуримтлуулах зорилготой “Ногоон дээвэр” аяныг нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа зарлалаа.
Чуулганд оролцсон судлаач, мэргэжилтнүүд усны нөөц, ашиглалттай холбоотой, анхаарал татсан олон баримт, статистикийг энэ үеэр танилцуулсан юм. Өнгөрсөн жилийн “Цэнхэр алт” үндэсний чуулганаас гаргасан 19 зүйл заалт бүхий зөвлөмжийн хэрэгжилт 80 хувьтай байгааг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү хэлэв. Усны бохирдолтой тэмцэх ажлыг нийслэлд буй 680 мянган нүхэн жорлонг цэгцлэх ажлаас эхлүүлэхийг Усны газрын дарга З.Батбаяр уриаллаа. Мөн тэрбээр манай улсын газрын доорх усны нөөцөөс дөрөв дахин их хэмжээний мөстөл, мөсөн голууд хайлж, үгүй болж, улмаар энэ нь цөлжилт, газрын доройтлыг гааруулж буйг хэлсэн. Манай улс мөстөл, мөсөн голуудаа хамгаалснаар цэвэр усны нөөцийнхөө 70 хувийг хамгаалах боломжтойг доктор Х.Пүрэвдагва анхааруулав. Дэлхий дээрх хамгийн их бохирдолтой хоёр голын нэг нь Туул болсныг тус голын сав газрын захиргааны дарга Б.Билгүүн илтгэлдээ дурдав.
Н.Мишээл