Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрсний орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс гурав дахин буурсан гэж тус биржийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн мэдээлэв. 2024 оны гуравдугаар сарын 14-ний байдлаар хоёр их наяд төгрөгийн нүүрсийг хөрөнгийн биржээр борлуулсан бол өнөө жилийн энэ үед 630-640 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн аж. Харин экспортолсон нүүрсний хэмжээ оны эхний гурван сард өнгөрсөн жилийнхээс 400 мянган тонноор өсөж, 11.3 саяд хүрчээ. Хөрөнгийн биржээр арилжсан нүүрсний хувь хэмжээ өссөн ч уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналтаас үүдэн орлого нь ийнхүү буурчээ. Сүүлийн нэг жил орчмын хугацаанд нүүрсний ханш 44 хувиар унасан байна. Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн бирж энэ он гарснаас хойш 5000 тонн зэс, хоёр сая орчим тонн төмрийн хүдэр борлуулжээ.
Н.Ган