Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын тушаалаар Монголын хүүхдийн зуны спортын VIII наадмын Зохион байгуулах хэлтэс байгуулж, нэгдсэн зааврыг нь баталсан. Түүнчлэн тус наадмын хөтөлбөрт дуатлоны спортыг анх удаа багтаажээ. Заавар ёсоор тамирчид 2.5 км гүйж, дараа нь 10 км уулын дугуйгаар уралдан, төгсгөлд нь 1.25 км гүйж барианд орох юм. Наадмын шигшээ тэмцээнүүд тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 5-нд Улаанбаатар хотод болно. Биеийн тамир, спортын улсын хорооны тухай хуулийн дагуу, Засгийн газрын тогтоолоор хүүхдийн спортын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ нь зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх тамирчдын залгамж халааг бэлтгэж, ур чадварыг нь сайжруулах зорилготой аж.