“Horizon mountaineering club”-ын үүсгэн байгуулагчдын нэг, ОУХМ А.Баттогтохыг уулын спортын хорхойтнууд олон оргилд бараалхсанаар нь андахгүй. Иргэний нисэхийн үндэсний төвийн Аэродром, гэрэл суултын албаны механик инженер тэрбээр Балба улсын Макалу оргилд 2022 оны тавдугаар сарын 9-нд амжилттай авирч, төрийн далбаагаа мандуулсан билээ. Далайн түвшнээс дээш 8463 метрийн өндөрт орших тус оргил нь дэлхийд өндрөөрөө тавдугаарт эрэмбэлэгддэг. Өмнө нь Монгол хүний мөр гараагүй Макалуд авирахад түүнийг зорилго, зориг нь хөтөлжээ. Дэлхийд далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөртэй 14 оргил бий. “Монгол мөрөөдөл 14” төслийн эхний авиралтыг тэрбээр амжилттай эхлүүлж, уулын спортынхны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Уулын спортын төрлүүдээр олон жил тууштай хичээллэж, Европ тивийн ноён оргил Эльбрус, Өмнөд Америкийн Андын нурууны ноён оргил Аконкагуа болон Монголын 4000 метрээс дээш өндөр уулын олонход нь авирсан түүнтэй ярилцлаа.
-Уулчид хийморио сэргээхээр оргил руу тэмүүлдэг.Оройд нь гараад үгээр зүйрлэж хэлшгүй нэг тийм ер бусын зүйлийг мэдэрдэг болохоор тэгтлээ их дурладаг байж болох л юм.
-Хүн байгалийн амьтан шүү дээ. Ууланд авирахад үгээр хэлэмгүй гоё мэдрэмж авдаг болохоор уулчид “Уул дуудна” гэж ярьдаг юм. Төв суурин газар ажиллаж, амьдардаг хүнд тэр мэдрэмж үгүйлэгдэж, хөдөөг зорихыг хүснэ. Надад ч гэсэн ууландаа очиж, оргилд авирах сан гэх бодол төрдөг. Би байгальтай ойр байх дуртай. Өөрийн эрхгүй сэтгэл татагддаг. Амралтын өдрүүдэд үүргэвчээ үүрээд ууланд алхангаа байгалийн сайхныг харж баясах сайхан.
-Сонирхдог хобби, хичээллэдэг спорт чинь таныг эрсдэлтэй зүйлд өөрийгөө сориход бэлэн хүн байх нь гэсэн бодол төрүүллээ. Гэхдээ эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй шүү дээ.
-Ажил, хобби, аль аль нь хариуцлагатай, аюулгүй байдлаа хангахыг шаарддаг. Аэродромын алба нь агаарын хөлөг хөөрч, буух зурвасыг хариуцдаг. Агаарын хөлөгт саад учруулахаар ямар нэг зүйл байвал эрсдэл дагуулна. Уулын спортод ч гэсэн нэг л алдаа гаргавал тэр нь эхний бөгөөд сүүлчийнх байдаг юм. Тиймээс хийж буй ажилдаа үүрэг хариуцлагатай хандаж, дүрмийн дагуу гүйцэтгэх шаардлагатай.
-Оргилд аварсан хүмүүстэй яриа өрнүүлэхэд тэднийг хүсэл, сонирхол нь нэгтгэж байв уу?
-Тийм ээ, хүнийг хүсэл, тэмүүлэл нь хобби, сонирхол нэгтэй хүмүүстэй танилцуулдаг. Миний хувьд уулын спортоор хожуу хичээллэсэн.Хүнд төрж, өссөн газрынх нь орчин нөхцөл нөлөөлдөг. Би эхэндээ уулчин хүн болно гэж зориогүй. Зүгээр л ууланд алхаж, байгальд аялах дуртай нэгэн байлаа. Улаанбаатарт төвхнөн, ажиллаж, амьдарсан цагаасаа Богд ууланд алхдаг болсон. Сонирхол, хоббидоо хөтлөгдөж явсаар уулчидтай танилцаж, яриа өрнүүлэн найзын хүрээгээ тэлсэн юм. Тэдний ярианаас дэлхийн өндөр оргилууд хаана байдаг, уулчид хэрхэн зорьж, авирдаг талаарх мэдээлэл авч, “Авирч үзэх сэн” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг байв. Тэгээд л аялалд гарна. Ууланд хамт алхдаг нөхөдтэйгөө нэг өдөр ярилцаад “Horizon” клубийг байгуулж билээ.
-Хүмүүс уулчдын оргил өөд айхгүй тэмүүлэхийн гол утга учир юу юм бол гэж их боддог юм билээ.Таны хариултаас тэд гайхдаг зүйлийнхээ талаар мэдэж авах байх.
-Оргилд гарахад сэтгэл уужирч, цэлмэдэг. Хүн өгсөж явахдаа зүгээр нэг алхдаггүй. Цас, мөс, салхи шуурга гээд замд таарах саад бэрхшээлийг даван туулж, өөрийгөө ялж буйгаа мэдэрдэг. Гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, зөвхөн бие, сэтгэлээрээ мэдрэх тэр мэдрэмж хүнийг өөрийн эрхгүй татдаг юм. Ууланд авирах нь бясалгал хийхээс ялгаагүй. Дотоод сэтгэлтэйгээ ярилцаж, өөрийгөө хэн бэ гэдгээ ойлгож мэдрэх нь хүнийг олон талаар төлөвшүүлдэг. Өмнөө тулгарсан бүх зүйлийг туулж, давсан тэр мэдрэмжийг дахиад авмаар санагдах үед уулыг санадаг юм даа.
-Уул таныг өмнө нь хараагүй зүйлтэй тань учруулж, адал явдлын адармаатай ертөнцөд хөл тавиулдаг юм шиг ээ.Амь нас, амьдралаараа дэнчин тавьж, олон золиосыг гаргаж байж зорилгодоо хүрэх заримдаа хэцүү санагддаг биз?
-Тэгж ойлгож болно. Оргилд гарахын тулд урт зам туулдаг. Олон хүнтэй танилцан, газар үзэж, нүд тайлна. Үүнд, хэл, соёл, шашин шүтлэг хамаарахгүй. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүнд хараагүй, үзээгүй болгон нь сонин, содон байдаг. Адал явдлын ертөнцөөр аялж, мэдэх, мэдэхгүй саадыг даван туулаад эцэст нь санасандаа хүрэх бас л сонирхолтой. Амь нас, амьдралаараа дэнчин тавьж, олон золиосыг гаргаж байж өдий зэрэгт хүрсэн. Цаг хугацаа үнэ цэнтэй. Өдий зэрэгт хүрэхийн тулд өөрт байгаа бүх боломж, бололцоог дайчилсандаа харамсдаггүй.
-Хөтөч нарын амьдрал, ахуйн онцлог танд хэр сонирхолтой санагдсан бэ?
-Далайн түвшнээс дээш 8463 метрийн өндөрт орших Макалу оргилын ойролцоох тосгонд шерпа нарын амьдардаг газар бий. Оргилын өндөрлөг бүсэд амьдардаг тэд гэртээ харихын тулд автобуснаас буугаад явган алхаж, замдаа нэг хоноод очдог. Бас нэг сонирхолтой зүйл нь хоёр өдөр алхаж, уулын оройд гарахад сургууль байх жишээтэй. Тэр сургуульд шерпа нарын хүүхдүүд хичээл сурдаг юм билээ. Энэ мэтчилэн өвөрмөц, сонин ахуй угтах нь уулчдын сонирхлыг улам татдаг. Өмнөд Америк тивийн Андын нуруунд авирахад амьдралын хэв маяг нь өөр. Тухайлбал, бидний хувьд 11:00-16:00 цаг ид ажлын үе байхад тэнд амралтын цаг байдаг. Хүмүүс нь бүр хэвшчихсэн. Оройн сэрүүнд ажлаа хийнэ.
-“Horizon” клубийн ахлагч болсон цагаасаа авиралт хийх бүртээ баг ахалсан уу?
-Сүүлийн жилүүдэд клубийнхээ гишүүдтэй хөтөч хийж явсан болохоор Монголынхоо өндөр оргилуудын олонход нь авирсан. Ууланд авирахдаа байгалийн сайхныг харж, гэрэл зураг дарах сонирхолтой.
-Уулчдын авирах оргилууд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдгийг Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн “Үзэгчгүй үнэн” номыг уншихдаа ойлгосон. Оргилд хүлээж авах өдөр байхад буцаах ч өдөр буй гэдэг.
-Би учиргүй их шүтлэгтэй хүн биш. Гэхдээ оргилд хүндэтгэлтэй хандаж, сүсэглэдэг. Амь насаа даатгаад гарна. Зөвхөн би гэлтгүй уулчид байгальтай хүндэтгэж харьцдаг. Хаана ч явсан аливаа зүйлтэй зөв харьцах нь зүйтэй юм. Миний хувьд одоогоор хоёр тивийн оргилд авирсан байна. Аконкагуад (дтд 6965 метр) авирахын өмнө чулуунд нэг ч хүрээгүй. Уул уулчдад зөвхөн бодит байдлыг мэдрүүлдэг. Тэнд боловсрол мэдлэг, яс үндэс, угсаа гарал огт хамаагүй. Уулчин хүн боломжгүй зүйлийн ард гарсныхаа дараа л өөрийгөө ялдаг юм. Яг тэр үед аливаа зүйлийг энгийнээр харж эхэлдэг. Уул хүмүүсийн ямар зан чанар, хэр хатуужил, тэсвэртэйг үнэнээр нь харуулна. Анх авирч байгаа залуусаас “Би түүний өмнө түрүүлж алхаад заавал гарах ёстой” гэсэн дэврүүн хөөрүү бодол харагддаг. Ууланд хэдэн удаа авирсных нь дараа дахин ярилцахад өөр бодолтой болсон нь анзаарагддаг юм. Уул хүний мэлмийг нээж, амьдралыг энгийнээр харах ухаан хайрладаг нь гайхалтай. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, ууланд татагдаагүй бол үгээр хэлэмгүй гоё мэдрэмжийг мэдрэхгүй өнгөрөх байсан. Уулчин хүн өндөрт өөрийгөө сорихын тулд айдсаа давах зоригтой байх ёстой. Тиймээс сэтгэл зүйгээ сайтар бэлдэх хэрэгтэй. Оргилд зорьж авирсан бол буцах замгүй, зөвхөн урагшлах л жимтэй. Уулын спорт эрсдэл өндөртэй тул хамгийн гол нь эсэн мэнд буух нь чухал.
-Макалуд мөрөө гаргасан Монголын уулчдаас та анхных нь шүү дээ.
-Макалу дэлхийд өндрөөрөө тавд жагсдаг. Үндсэн авиралт өглөө эхэлсэн. Тэнд олон улсын уулчид цугладаг юм. Адармаатай аялалд дурладаг тэдний ярилцдаг сэдвийн хүрээ өргөн. Би учиргүй дотносож нөхөрлөдөггүй ч байнга холбоотой байдаг. Ууланд анхаарлаа нэгээхэн ч сарниулж болохгүй. Анхаарал жаахан сарних төдийд алдаа гаргана. Эндсэн хүн цөөнгүй байдаг тул болгоомж, сэрэмжтэй байхын тулд уулчид сэтгэл хөдлөл гаргадаггүй. Оргилын оройд гарах үеийн цаг агаарыг сайтар тооцоолох ёстой. Хөлгийн жолоо анх залахад Монголын уулчид “Эсэн мэнд эргээд уулзана шүү” гээд үдэж байв. Нөхдөөсөө эргэж уулзах том даалгавар авсан би итгэлийг нь алдахгүйн тулд тун хашир авирсан. Надад тэр үед зорилгодоо хүрэх л хамгийн чухал байсан даа.
-Таныг дэлхийн дээвэр Эверестэд авирах гэж байгаа талаар сонслоо. Хэзээ зорих вэ?
-Дөрөвдүгээр сарын эхээр зорино. Дэлхийн дээвэр Эверестэд хэзээ нэг өдөр авирна гэх мөрөөдөл надад байсан. Тиймээс судалж байна. Хэдэн жилийн өмнө 8000 гаруй өндөртэй ууланд өндөр зардлаар авирсан ч Эверестийг зорих зорилгоо орхиогүй. Энэ жил ИНЕГ, мөн төрсөн нутаг болох Ховд аймгийн Чандмань сумын 100, мөн Монгол, Оросын экспедиц Отгонтэнгэр хайрханд авирсны 70, "Horizon mountaineering" ТББ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй. Би үүнд сэтгэлийн бэлэг болгож, дэлхийн дээвэр Эверестэд авирч, төрийнхөө алтан соёмбот далбаагаа мандуулъя гэж зорилго тавьсан юм.
-Оргилд авирахад өндөр зардал гаргана. Эверестэд авирахад 35 мянган ам.доллар зарцуулах тооцоо, судалгаа гаргаад та хандивын данс нээсэн гэв үү?
-Уулчид Эверестэд авирахын тулд хэдэн мянган ам.доллар зарцуулдаг. Зардлыг задалж яривал нэлээд их юм болно. Өндөр оргилд нэг өдөр гарчихдаггүй. Олон хоног зарцуулна. Тэнд бэлтгэл хийхээс гадна байрлах байр, ачааны хөлс, хоол хүнсний материал, тогооч, ачаа үүрдэг хүмүүс, хөтөч болж явах шерпад цалин өгнө гээд зардал их гарна. Уулын багаж, хэрэгсэл өндөр өртөгтэй. Чанартай хувцас, сайн хэрэгсэлтэй байх тусам эрсдэлгүй авирна. Би олон хүний дэм тусаар өдий зэрэгтэй яваа. Энэ ташрамд, намайг ойлгож дэмждэг ИНЕГ-ын хамт олон, нутгийн зөвлөл, зон олон, ах дүүс, уулын болон клубийнхээ хамт олонд баярлаж талархдагаа илэрхийлье.