Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө
Редакцын ёс зүй

Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэ цэнтэй, Улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ

Ц.Балдорж

 

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралт

Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг энэхүү ёс зүйн зарчмаар илэрхийлж байна.

Ёс зүйн зарчим/бүлэг

Ёс зүйн зарчмууд

1.   Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.

 

 

1.1    Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.

1.2    Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.

1.3     Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.

1.4    Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй.  

1.5    Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.

1.6    Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана.

1.7    Хэвлэлийн мэдээг өөрчлөлтгүйгээр нийтэлж, нэвтрүүлбэл редакцын агуулгаас ялгаж тэмдэглэнэ.

1.8    Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.

1.9     Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй  залруулна.

2.  Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.

2.1   Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг бусад аргаар авч болно.

2.2    Мэдээлэл олж авах бусад арга гэдэгт өөрийн болон байгууллагын нэрийг худал хэлэх буюу хэлэхгүй байх, дарамтлах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнахыг хамаатуулна.

2.3   Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.

2.4    Өөрийгөө хамгаалах чадваргүй буюу бусдаас хамаарал бүхий хүнээс мэдээлэл, гэрэл зураг авахдаа мэдрэмжтэй хандана. Энэ нь юун түрүүнд оюун санааны болон бие махбодийн хувьд өөрийгөө захирах чадваргүй, сэтгэл санааны хүнд байдалд орсон хүнд хамаарна.

2.5   Насанд хүрээгүй хүнээс зөвхөн эцэг, эх асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл авч болно.

3.  Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.

3.1   Гэмт хэргийн талаар мэдээлэхдээ тухайн хүний харьяалал шашин, үндэс угсаа, бусад цөөнхийн төлөөлөл рүү зөвхөн тухайн хэргийг ойлгоход маш чухал тохиолдолд хэрэглэнэ.

3.2   Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ.

4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.

4.1    Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ.

4.2    Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.

4.3     Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дууриах, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй.

4.4      Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана.

4.5      Гамшиг, осол, гэмт хэргийн улмаас хохирогсдын цогцсыг нарийвчлан харуулахгүй. 

4.6      Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана.

5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.

5.1    Гуравдагч талын санхүүжилтээр аялалд хамрагдсан бол аяллын тухай мэдээлэлд санхүүжилтийн талаар тодорхой дурьдана.

 

 

 

6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.

 

 

6.1      Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон  зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана.

         6.2      Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон              бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгоно.

6.3     Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй.

6.4     Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүний нэр, хувийн бусад мэдээллийг нийтэд дэлгэхгүй.

6.5      Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй.

6.6     Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ.

6.7    Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ.

6.8    Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн  гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй.

7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.

 

8. Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.

 

9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.

9.1  Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана.

10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ.