Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт “Макро эдийн засаг тогтвортой байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн макро эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд эрчимтэй саарч буй, цаашид нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй гэж мэдээлэв. Тус зөвлөлийнхөн Монгол Улсын 2026-2028 оны буюу дунд хугацааны макро эдийн засгийн төсөөллийг боловсруулж Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлснээ өчигдөр танилцуулсан юм.
Макро эдийн засгийн 2023 оны эерэг үр дүнгүүд өнгөрсөн жилд бүхэлдээ саарсан нь төсвийн гүйцэтгэл, төлбөрийн тэнцэл, валютын нөөц, ханшийн үзүүлэлтээр батлагдсан бөгөөд энэ нь цаашдаа илүү хүнд сорилтууд дагуулж болзошгүй гэв. Төсвийн бодлогыг тэлэх ойрын хугацааны боломжууд бий ч төдийлөн сайнаар нөлөөлөхгүй, үр дүн нь таатай бус байх магадлалтай хэмээлээ. Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа эрсдэлээс хамгаалсан бодлого баримтлах, төсвийн алдагдал нэмэгдэхээс сэргийлэх, зарлагаа хязгаарлах, тодорхой төрлийн зардлыг хэмнэх байр суурьтаа бат зогсох шаардлагатайг тус зөвлөлийнхөн анхааруулсан. Түүнчлэн уул уурхайн түүхий эдээс хамааралтай хэт өөдрөг шийдвэр гаргахгүй, төсөөлөл боловсруулахгүй байх, нүүрсний экспортоос үүдэлтэйгээр төсвийн орлого тасалдах бодит эрсдэл бийг тооцоолох нь чухал гэлээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн манай улсын одоогийн бодит нөхцөл байдал, ирээдүйд учирч болзошгүй сорилтуудыг харгалзан дотоодын нийт бүтээгдэхүүн 2026 онд 5.4, 2027 онд 5.5, 2028 онд 5.7 хувиар өснө гэж тооцсон байна. Харин инфляцын түвшин ирэх онд 8.2, үүний дараа жилд 7.2, 2028 онд 6.8 хувьд хүрнэ гэж төсөөлжээ.
Н.Мишээл