Ядуусын зовлон дээр баячуудын диваажин бүтдэг гэдэг. Үнэнч шударгаар хөдөлмөрлөдөг иргэд, мөнчгөрөөрөө ажил, бизнес эрхэлж байгаа хүмүүс Монголд аятай таатай амьдрах нөхцөл улам бүр хумигдсаар буй. Татварын хахир хатуу бодлого, төлбөр, хураамжийн дарамт тэднийг өөдийн нар үзүүлэхгүй зүдрээж, туйлдуулж гүйцлээ. Харин энэ зовлон дээр данхар төр, дарга ангийнхны бүтээсэн диваажин цаг, минутаар цэцэглэн хөгжиж, төрийн “хайр ивээл”-д багтсан хүмүүс хэн бүхнээс илүү боломж эдэлж, дэндүү жаргалтай, тансаг, ахуйн зовлонгоос ангид амьдарч байна. Төрийн албан тушаал эрхэлж, ард түмэнд үйлчилснийхээ төлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн байгууллагынхан төсвийн хөрөнгөөр хэрхэн туйлж, тансаглаж байгааг тэдний өөрсдөдөө зориулан бүтээлгэж буй орд харш гэлтэй барилгуудаас нь бэлхнээ харж болно. Тэд хотын төвийн аль өнгөтэй өөдтэй, ашигтай байршилд хамгийн нүсэр, гял цал, тэнгэр баганадсан өндөр барилгууд бариулан төвхнөж, татвар төлөгчдийн мөнгийг “үл хөдлөх хөрөнгө” болгон царцааж, төрийн үйлчилгээг “тэнгэр”-ээс үзүүлсээр.
Хэлтсүүд нь хүртэл нүсэр барилгатай
Та ажиллаж, амьдарч буй газрынхаа ойр орчмыг сайтар ажиглаад үзээрэй. Таны эргэн тойронд төрийн байгууллагын харьяалалтай “орд харш” нэг бус бий гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Нийслэлийн төв талбай тойрсон хэсэг, Их, Бага тойрууд гэхэд ийм барилга тоймгүй олон. Яамдаас эхлээд дүүргүүдийн ЗДТГ, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, тэдгээрийн хэлтсүүд хүртэл тэрбум тэрбумын өртөгтэй, тэнгэр баганадсан өндөр барилгуудад тусдаа төвхнөх болов. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс гэхэд 10 орчим давхар “гялгар” барилгад байрладаг. Дүүргийн нэг хэлтэс л ийм нүсэр барилгатай гээд бод л доо. Хууль зүй, дотоод хэргийн яам хуучин барилгаа өргөтгөх нэрээр долоон давхар шинэ “харш”-д төвхнөсөн. Мөн л нүсэр томд тооцогддог. Барилгын хэв загвар, дотоод тохижилт нь олны анхаарал татаж, татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй зарцуулсан гэх хардлага, шүүмжлэл дагуулж байсан нь саяхан. Үүний араас Гадаад харилцааны яам хуучин бууриныхаа хажууд шинэ “ордон” бариулаад буй. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нутаг сэлгэж, хотын төвөөс Яармаг руу нүүсэн. Ингэхдээ мөн л барилгаа байдаг чинээгээр нь томруулж бариулсан. Тус барилга нь 68 мянган ам метр талбай бүхий гурван корпустай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр боссон гэдэг. Дүүргүүд ч үүнээс дутахгүй лут барилгуудтай. Сүхбаатар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байр үүний бодитой жишээ. Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс гэхэд хуучин суурин дээрээ залгаа байршилтай, нүсэр том барилга бариулж, төвхнөөд байгаа. Энэ мэтчилэн дурдвал төрийн байгууллагынхны тансаглалын жишээ дуусахгүй. Одоо шинээр барьж буй, ашиглалтад оруулахаар зэхэж байгаа барилга, байгууламж ч цөөнгүй. Эндээс манай төр ямар үрэлгэн, бодлогогүй, данхар бүтэцтэй нь тод харагдаж буй юм.
Ам, ажлын зөрүү ба албаныхны тансаглал
Үе үеийн Засгийн газар төрийн байгууллагын үндсэн бүтцийг алдагдуулахгүйгээр чанартай, чадамжтай, цомхон болгох зорилго тавьж ирсэн. Тэдгээрээс магадгүй энэ талаар хамгийн чанга ярьж, энэ сэдвийг төрийн хэмнэлт, цахим шилжилтийн агуулгаар баяжуулж гаргаж ирсэн нь Л.Оюун-Эрдэнийн удирдсан сүүлийн хоёр Засгийн газар юм. Тэд “Төсвийн мөнгөөр барилга байшин түрээсэлдэг байдлыг зогсоож, төрийн байгууллагыг аль болох цомхон бүтэцтэй, бага эд хөрөнгөтэй, чадамжтай, хариуцлагатай, түргэн шуурхай үйлчилгээтэй болгоно” гэж чихэнд хоногштол ярьсан, одоо ч үүнийгээ улиглан давтсаар буй. Гэвч бодит байдалд ам, ажил нь алд, дэлэм зөрсөөр. Төрийн байгууллагынхан улам олуулаа болов, тансаглал, төсөвт учруулдаг дарамт нь дийлдэхээ болив. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар манай улс дахь төрийн албан хаагчийн тоо 228 мянгад хүрсэн. Энэ нь 2020 оныхоос даруй 23 мянгаар өссөн дүн байв. Төрийн албан хаагчийн тоо өсөхийн хэрээр тэднийг багтааж шингээх, байр сууцаар хангах шаардлага тулгарч, үүнийг дагаад татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах, “тарвалзах” явдал утгаа алдлаа.
Уг нь манай улс 2022 оноос Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний гол зорилго нь төрийн зардлыг хэмнэх, үр ашигтай зарцуулахад оршдог. Тус хуулийн 7.1-т “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэвч шинэ барилгад төвхнөсөн төрийн байгууллагынхан бүгд энэ хуулийн зүйл заалтын дагуу байр бариулсан уу гэвэл үүн шиг худал зүйл үгүй. Зарим нь хуучин байртайгаа хаяа залгуулаад л өндөр барилга босгочихсон байдаг. Монголбанк гэхэд хуучин “бор”-тойгоо хаяа дэрлүүлээд л гял цал, шил толь болсон нүсэр барилга бариулчихсан. Чухам хэчнээн давхар, хэдэн төгрөгөөр барьсан гэдэг нь ч тодорхойгүй. Яамд, дүүргийн Засаг даргын Тамгын газрууд, агентлагийн хэлтсүүд олон давхар барилгатай байх зайлшгүй шаардлагатай юу гээд харахаар зарим нь хуучин, умгар байрандаа үйл ажиллагаа явуулаад болоод л байдаг. Тиймээс түүнийг төсвийн мөнгөөр туйлсан тансаглал л гэж хэлэхээс, хардахаас өөр арга алга.
Төрийн ажил “ногоон гэрэл”-ээр, түмнийх бартаатай замаар
Төрийн байгууллагуудын барилга, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажил нүд ирмэхийн зуурт өрнөж, нэг л мэдэхэд өндөр гэгчийн байр сууц босчихсон байдаг. Шаардлагатай төсөв санхүүжилтийг нь ч “ногоон гэрэл”-ээр, ямар нэгэн төвөг бэрхшээлгүй шийдчихдэг. Харин нийгэмд нэн шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барих гэж зардал мөнгийг нь яаж гацааж, ажлыг нь хэдэн он дамнуулан сунжруулдаг билээ. Түлэнхийн төв, Яармаг дахь Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийг гэхэд ашиглалтад оруулах гэж 10 гаруй жил болсон шүү дээ. Гэтэл хотын захиргааны шинэ байрыг Яармагт хоёр жил ч хүрэхгүй хугацаанд барьчихсан. Эндээс манай төр засаг боловсрол, эрүүл мэндийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаас илүү төрийн байгууллагынхны тав тух, тансаглалд хөрөнгө мөнгө харамгүй зарцуулдаг нь тодорхой харагдаж байна. Онцгой байдлын байгууллагынханд олон давхар шинэ барилга шаардлагатай юу, эсвэл алба хаагчдыг хувцас, хэрэгслээр хангах нь илүү чухал уу гэдгийг авч үзэхэд ч одоогийнхоос эсрэг эрэмбэ гарна. Уг нь төрийн байгууллагынхан төрийн зорилт, чиг үүргийг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж, иргэдэд үйлчлэх л үндсэн үүрэгтэй. Харин яг одоо тэд иргэдээсээ давсан их эрх ямба эдэлж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад саад учруулдаг хамгийн том “дайсан” нь болчихлоо.
Хэмнэлт, тооцооллоо эндээс л эхлүүлье
Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах нь эдийн засгийг тогтвортой байлгахад, төр, иргэний хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс улс орнууд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, зардлаа нарийн хянадаг. Төрийн албан хаагчид нь онцгой эрх ямба эдэлдэггүй, орд харш шиг олон давхар барилгад суудаггүй, үнэтэй машин хөлөглөдөггүй, татвар төлөгчдийн халааснаас гарч буй мөнгөнд дээд зэргийн хэмнэлттэй ханддаг. Харин манай улс ингэж чаддаггүйдээ л өнөөдөр эдийн засгаа хүнд нөхцөлд оруулчхаад байна. Төсвийн орлого тасалдаж, төлөвлөсөн ажлуудаа урагшлуулж чадахгүй болсон энэ өдрүүдэд төрийн хэмнэлтийн бодлого, төсөл, хөтөлбөр, томоохон бүтээн байгуулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж, үнэлж хэрэгжүүлэхийн чухлыг олон хүн хөндөх болов. Угтаа үүнийг төрийн байгууллагын үрэлгэн зардлыг хэмнэхээс, төсөвт дарамт учруулан байж барилга, байгууламж бариулдгийг болиулахаас эхлүүлэх нь хамгийн зүйтэй мэт. Төрийн байгууллагынхныг ингэж тансаглуулахад татвар төлөгчдийн мөнгө дэндүү хайран биш гэж үү.
Н.Мишээл