ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны салбарынхан байгалийн бүсчлэлээрээ ялгаатай гурван өөр газарт байгуулсан суурин судалгааны төвдөө туршилт, судалгаа идэвхтэй хийж байгаагаа мэдээллээ. Тухайлбал, Булган аймгийн Рашаант сумын нутаг дахь Элсэн тасархай, Дархан-Уулын Орхон сумын Бүрэнтолгой болон Говьсүмбэрийн Сүмбэр сумд энэ чиглэлийн судалгаа хийж буй аж. Элсэн тасархай дахь Цөлжилтийн суурин судалгааны төвийг хамгийн анх буюу 2010, Орхоныхыг 2012, Сүмбэр сумынхыг 2019 онд байгуулсан. Элсэн тасархайг цөлжилт, газрын доройтолд хамгийн их өртөж буй ойт хээрийн бүсийн төлөөлөл хэмээн үзэж сонгосон бөгөөд ойн зурвас байгуулах, элсний нүүдлийг сааруулах, цөлжилтөөс хамгаалах механик хаалт хийх ажлуудыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Тэгвэл тариалангийн бүс нутгийг төлөөлүүлж сонгосон Бүрэнтолгойн сууринд хамгаалалтын зурвас байгуулах, жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажлууд эхлүүлээд байгаа гэнэ. Харин хээрийн бүсэд хамаардаг Сүмбэр сумд элсний нүүдлийг сааруулах, ойн зурвас байгуулах туршилтыг үргэлжлүүлж буй аж. Бүс, бүслүүрийн хувьд эрс ялгаатай газруудыг сонгож судалгааны нэгж байгуулснаар тэдгээрийн онцлогт тохирох мод, бутыг тарьж нутагшуулах, цөлжилтийг сааруулах арга, технологиудыг тодорхойлох, улмаар үүнд үндэслэн бодлого, шийдэл боловсруулах ач холбогдолтойг онцлов.
Н.Мишээл