Эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн нөхцөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй мөхөх үе хэдэнтээ тохиосон талаар судлаачид өгүүлсэн байдаг. Харин хөгжил, хувьслынхаа явцад хоорондоо уулгалан дайралцах, идэш хоолноосоо хордох, элдэв өвчин тахалд нэрвэгдэх, халдварлах зэргээр бөөнөөр үрэгдэх тохиолдол хэчнээн байсныг таашгүй. Шинжлэх ухаан хөгжсөний ачаар энэ мэт цаг бус үхлийн шалтгаануудыг тодорхой хэмжээнд хазаарлах боломж бүрджээ. Вакцин, антибиотик, эм, бэлдмэл гэхчлэн нээлтүүд хүн төрөлхтнийг өвчин, тахал, халдвараас аврах гол зэвсэг болсныг түүх өгүүлдэг.
1928 онд Британийн эрдэмтэн А.Флеминг анх антибиотик бүтээсэн нь шинжлэх ухааны хувьсгал болж, хүн төрөлхтний амьдралыг пенициллинээс өмнөх ба дараах гэж хуваан судлахад хүргэсэн. Эл нээлтийн ачаар дундаж наслалт хоёр дахин нэмэгдсэн гэж үздэг. 1796 онд Английн эмч Эдвард Женнер салхин цэцэг өвчний эсрэг анхны вакцин бүтээснээр хэдэн зуун дамжин олон сая хүний амийг авч одсон аюулт өвчнийг цурамлах их түүх эхэлсэн. Зөвхөн ХХ зуунд гэхэд вирусний гаралтай гоц халдварт эл өвчнөөр 300 сая гаруй хүн хорвоогоос явжээ. ДЭМБ 1967 онд салхин цэцэг өвчний эсрэг дархлаажуулах хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд эл тарилгыг бүтээснээс 180 гаруй жилийн дараа буюу 1979 онд зорилгодоо хүрчээ. Энэ тухай 1980 онд тус байгууллагын 33 дугаар чуулганаар “Хүн төрөлхтөн салхин цэцэг өвчний эсрэг ялалт байгууллаа” гэж албан ёсоор тунхаглав. Анхны вакцинаас хойш галзуу өвчин, татран, холер, хижиг, тарваган тахлын эсрэг зэргээр тарилгууд шил даран “мэндэлж” сая сая хүнийг аварсан.
Энэ бүхнийг нуршсан шалтгаан нь аливаа вакцин бол олон жилийн явцад баталгаажсан эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга гэдгийг сануулах зорилготой. Гэтэл 2024 оны арваннэгдүгээр сараас улсын хэмжээнд эхлүүлсэн, хүний хөхөнцөр буюу папиллома вирус (ХХВ)-ний эсрэг дархлаажуулалтад монголчууд үл итгэж, тун хойрго хандаж байна. Энэ сарын эхний байдлаар буюу өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хамрагдалт 33 хувиас хэтрээгүй байгааг албаныхан мэдээлжээ. Энэ нь “Вакцин хорт хавдрын суурь болдог, үргүйдэлд хүргэдэг” зэрэг элдэв ташаа мэдээлэлд автаж буйтай холбоотойгоос гадна “Бусдын жишгийг дагана, түрүүлж хөдөлж хүүхдээ туршилтын туулай болгохгүй” гэсэн хандлагатай эцэг, эх олон байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруугийнх гэхэд хилсдэхгүй. Сэрэмж илүүдэхгүй. Гэхдээ эрдэмтэн мэргэдийн нөр хөдөлмөрөөр, олон жил туршигдан бүтээгдэж, дэлхий дахинд баталгаажсан бүтээгдэхүүн гэж бий.
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох хүний хөхөнцөр вирусний эсрэг вакцин бүтээх судалгааг Австрали, Америкийн эрдэмтэд 1980-аад оноос эхэлж, 26 жилийн дараа буюу 2006 онд “Гардасил” нэрээр албан ёсоор батлан, үйлдвэрлэж эхэлсэн. Үүнээс нэг жилийн дараа гэхэд дэлхийн 80 орон иргэдээ “Гардасил”-аар дархлаажуулахаар хүлээн зөвшөөрчээ. 2007 онд үүнтэй ижил үйлчилгээ бүхий “Церварикс” вакциныг АНУ-д “бойжуулсныг” Австрали болон Европын Холбооны улсуудад баталгаажуулсан байдаг. Өдгөө 150 гаруй улс ХХВ-ний эсрэг дархлаажуулалтдаа эдгээр вакциныг нэвтрүүлээд байна. Германы эмч, вирус судлаач эрдэмтэн Харальд цур Хаусен ХХВ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдгийг 1970-аад оноос судалж, баталсны зэрэгцээ эл вирусний онцгой аюултай буюу хорт хавдар үүсгэгч төрлийг тогтоожээ. Эл төрлийн хавдартай эмэгтэйчүүд байнга ХХВ-ээр халдварлаж байгааг тэрбээр илрүүлсэн (тухайн үед олон эмч, мэргэжилтэн умайн хүзүүний хорт хавдар нь энгийн херпес вирусээс үүдэлтэй гэдэгт санал нэгдэж байв). Энэхүү нээлтэд 2008 онд Нобелийн шагнал хүртээжээ. Вакцин бүтээх ажил түүний судалгаануудад тулгуурласан аж. Харальд Хаусений онцлон тэмдэглэснээр умайн хүзүүний хорт хавдрын 99 хүртэлх хувь нь ХХВ-ний халдвараас улбаатай буюу ийм вирусээр халдварласан эсүүд тодорхой хугацааны дараа гарцаагүй хорт хавдар үүсгэдэг.
Өнөөгийн байдлаар олон улсын эрдэмтэд ХХВ-ний 200 гаруй хэв шинж буюу төрлийг судалж, тогтоогоод буй. Үүнээс 19 төрөл нь умайн хүзүү болон хоолой, шулуун гэдэсний зэрэг хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Дээр дурдсан вакцинуудын үр дүнд умайн хүзүүний хорт хавдрын 70 орчим хувийг үүсгэдэг ХХВ-ний 16 ба 18 гэсэн хоёр төрлөөс хамгаалдаг нь олон жилийн туршилт, судалгаагаар батлагджээ. Түүнчлэн умайн хүзүүний хавдрын нийт тохиолдлын 60 хувийг 16 хэв шинж нь дангаараа эзэлдгийн зэрэгцээ хоолойн хорт хавдар үүсгэдгийг ч эрдэмтэд нотолсон.
Ер нь аливаа вакцинд үл итгэх үзэл бодолдоо, эсвэл хувийн эрх ашгийн тодорхой нэг зорилгодоо тулгуурлан элдэв худал мэдээлэл цацаж нийгмийг талцуулдаг хийрхэл өнөөдөр манай нийгэмд үзэгдэл болсныг энэ удаагийн дархлаажуулах аяны явц харуулж байх шиг. Ташрамд дурдахад, “Ковид”-ын үед аргагүй эрхэд албадлагаар вакцин хийлгэсэн. Сайн дураар хийлгэх сонголт байсан бол татгалзах байсан” гэхчлэн өдгөө харамсах хүн цөөнгүй. “Ковид-19”-ийн дэгдэлтээс хойш хэдэн жилийн дараа өөрт нь илэрсэн өвчин, эмгэгийг хүртэл тэр үеийн вакцинтай холбож буруутгах хүмүүс ч байна. Энгийн иргэд төдийгүй зарим эмч, эмнэлгийн байгууллагынхан ингэж тайлбарлаж, ухуулж байгаа нь харамсалтай. Тухайн үед вакциныг “түргэвчилсэн” аргаар гарган авсан нь үнэн боловч хэрэв тарилгагүй байсан бол дэлхийн хэмжээнд, тэр дундаа Монгол шиг хүн ам цөөнтэй улсад ямархан гамшиг болох байсныг төсөөлөхөд л аймаар. Гэтэл вакциныг “хардах” хандлага өнөөдөр ч ХХВ-ний эсрэг дархлаажуулалтаар хүчтэй илэрч байна. Манай улс 2012 онд 12-15 насны охидыг орон даяар анх дархлаажуулахаар товлосон ч ажил урагшлаагүй нь мөн л энэ удаагийнх шиг ташуурч, шуугиан дэгдээснээр олон нийтийг самууруулсантай холбоотой. Үүний үр дагаварт умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол өсөж, нас баралт нэмэгджээ. Уг нь эл өвчнөөс вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой.
Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаант нас баралтын тавд умайн хүзүүнийх багтаж буй бол манай улсад хоёрдугаарт бичигдэж байгааг ДЭМБ-ын мэдээллээс харж болно. Жил бүр дэлхийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол барагцаагаар 470 000 бүртгэгдэж, 230 000 гаруй нь нас бардаг гэсэн таагүй үзүүлэлт байна. Нийт нас баралтын 80 орчим хувь нь буурай хөгжилтэй буюу дархлаажуулалтад хамрагдаагүй орнуудад тохиолддог аж. Тэгвэл 2024 оны сүүлийн хагас жилийн статистикаас харвал Монголд умайн хүзүүний хорт хавдрын 4720 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралт 160 байжээ. Жил бүр барагцаагаар 400 гаруй шинэ тохиолдол илрүүлж байгаа нь манай хүн амын дунд эзлэх эмэгтэйчүүдийн тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэнэ. Тодруулбал, энэ төрлийн өвчлөл дэлхийд 100 000 тутамд дунджаар 14 тохиолдол бол манайхны хувьд 20 давжээ. Үүний хэрээр нас баралт өндөр гэсэн үг. Эл үзүүлэлтээрээ бид тивдээ “тэргүүлэгч” дөрвөн улсын нэг болсон. ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Эдгээр тоо баримт Монгол Улсад ХХВ-ний эсрэг дархлаажуулалт нэн шаардлагатайг илтгэнэ.
Олон улсын эмч, судлаачдын тайлбарласнаар ХХВ нь бэлгийн замаар дамждаг хамгийн түгээмэл халдвар. Энэ нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний, эсрэг хүйсийнхэнд шулуун гэдэс, бэлэг эрхтэн, ам залгиурын хавдар үүсгэдэг. Түүнчлэн бэлгийн үү, ургацаг үүсгэдэг бөгөөд төрөх замаар нярайд залгиураар халдварлах аюултай. Ийм шалтгаанаар залгиурын хавдартай болсон нярайд хэд хэдэн удаа хагалгаа хийсэн тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл ХХВ-ний эсрэг вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулах цор ганц боломж юм. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд охид, эмэгтэйчүүдээ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн хөтөлбөрийнхөө дагуу дархлаажуулалтад хамруулдаг бол Африк тивийн буурай хөгжилтэй зарим улсад вакцинд хамрагдах боломж хомс талаар ДЭМБ-ын тайланд дурджээ. Гэтэл бид улсаас үнэ төлбөргүй хийх вакцинд үр хүүхдээ хамруулахаас цааргалах нь тоогүй.
2012 онд эхлүүлсэн ч хангалттай гүйцэтгэлд хүрэлгүй зогссон, ХХВ-ний эсрэг вакцинжуулалтын анхны хөтөлбөрт нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн дунд сургуулийн 12-15 насны 10 мянга орчим охиныг хамруулсан бөгөөд өнөөдөр ид нөхөн үржихүйн насандаа яваа тэдний дунд үр дүнгийн гурван том судалгаа хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн талаар доктор Б.Цэцэгсайхан хэд хэдэн ярилцлагадаа дурджээ. “Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагаас гадаадын эрдэмтэдтэй хамтран хийсэн эл судалгааны талаар тэрбээр “2012 онд “Гардасил” вакцин хийлгэсэн охидоос 1900-г нь тав, 11 жилийн дараа судалгаанд хамруулахад ХХВ-ээс 90 хувь хамгаалагдсан нь, мөн жирэмслэлтэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй нь батлагдсан. Таван жилийн дараа гэхэд вакцин хийлгээгүй 10 охин тутмын нэгт хавдар үүсэх өндөр эрсдэлт ХХВ-ний 16 хэв шинж илэрсэн бол дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдэд ийм эрсдэл 10 дахин бага байсан. 11 жилийн дараа буюу 2024 оны судалгааны үр дүнгээс харахад вакцинжуулалтад орсон эмэгтэйчүүдэд хавдрын шинж тэмдэг илрээгүй. Харин вакцин хийлгээгүй найман эмэгтэй тутмын нэгт ХХВ-ний халдварын шинж илэрсэн. Манай улсад нэвтрүүлсэн умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцины үр дүн бусад орныхтой адил өндөр үр дүнтэй гэдгийг нотолсноороо эл судалгаа ач холбогдолтой” гэж тодотгожээ. Хамарсан хүрээ бага ч гэлээ тухайн үеийн дархлаажуулалтын үр дүн ийм байна. Үүнээс харахад ХХВ-ний эсрэг тарилгыг товлолт хугацаанд нь хийлгэвэл алсдаа нийгмийн эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой нь илт. Иймийн учир умайн хүзүүний хорт хавдар үүсгэгчийн эсрэг дархлаажуулалтад охид, хөвгүүдээ хамруулахыг мэргэжилтнүүд зөвлөж “мөргөх” шахам болж буй.
Монгол орон даяар өнгөрсөн онд эхлүүлсэн “хоёр” дахь удаагийн дархлаажуулалтад 11-14 насны 78 000 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Дэлхийн жишгээр бол 9-15 насныхныг зорилтот бүлэг болгон дархлаажуулалтад хамруулдаг байна. Манайд нэвтрүүлж буй вакцины хувьд АНУ-ын “Мерк шарп” үйлдвэрийн, ХХВ-ний зургаа, 11, 16, 18 буюу хорт хавдар үүсгэдэг аюултай төрлийн халдвараас сэргийлэх “Гардасил” бөгөөд нэг хүн/тунгаар савлагджээ. Өмнөх туршлагаас харахад вирусний халдвараас нэг хүн/тун нь ч хамгаалах бүрэн боломжтой гэдгийг Монголд болон олон улсад баталсан байна. Өнгөрсөн оны сүүлийн сарын байдлаар дархлаажуулалтад 17 500 гаруй хүүхэд хамрагдсаны 60 хувь нь нийслэл, 40 хувь нь орон нутгийнх гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 15-ны байдлаар вакцин хийлгэсэн хүүхэд 22 000 хүрээгүй буюу дорвитой өсөөгүй нь хамрагдалт хангалтгүйг илтгэнэ. Гэхдээ саарын хажуугаар сайн мэдээ ч байна. Сүүлийн үед зарим аймгийнхан энэ ажилд идэвхийлж байгаа сурагтай. Тухайлбал, Архангай аймгийн сум, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын дунд товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлэх аян өрнүүлсний үр дүнд ХХВ-ний эсрэг вакцинжуулалтад 98 хувь хамрагдсан нь улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болжээ.
2023 онд дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, ХХВ-ний эсрэг вакциныг заавал хийлгэх ёстойг “тунхагласан”. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдах нь иргэний үүргээ биелүүлж, хуулиа дээдэлж буй хэрэг гэдгийг эцэг, эх, асран хамгаалагчид ойлгож, ухамсарлаасай. Товлолын дагуу ирэх тавдугаар сард охид, хөвгүүдийг вакцинд хамруулах аян орон даяар дахин эхлэхийг сануулъя.
2020 онд ДЭМБ умайн хүзүүний хорт хавдрыг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэмээж эл өвчлөлийг устгах дэлхийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд 2030 он гэхэд 90/70/90 гэсэн үзүүлэлтэд хүрэх зорилт тавьжээ. Тодруулбал, ХХВ-ний эсрэг вакцинжуулалтын хамрах хүрээг 90, скрининг буюу эрт илрүүлгийг 70, умайн хүзүүний эмгэгтэй эмэгтэйчүүдийг шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд 90 хүртэл хувь хамруулах төлөвлөгөө юм. Эл зорилтыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг эрс бууруулах, устгах боломжтой. Цаашлаад энэ төрлийн хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 2050 он гэхэд таван сая тохиолдлоор бууруулна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.
Австрали улс 1991 оноос вакцинжуулалтын үндэсний хөтөлбөрөө эхэлж, 2016 он гэхэд 15 настай охидын 79, хөвгүүдийн 73 хувийг вакцинд хамруулсны үр дүнд 18-24 насны эмэгтэйчүүдийн дунд ХХВ-ний тархалт 1.1 хувь болгож буурсан сайн туршлага байна. Өдгөө тус улс энэ төрлийн хорт хавдрыг устгасан анхдагч болохоор зорьж буй. Монгол Улс ДЭМБ-ын уриалгад нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулж, дөрвөн хувьд хүргэх зорилттой. Гэвч дархлаажуулалтаа эрчимжүүлж, төлөвлөснөө хэрэгжүүлэхгүй бол амлалтаасаа хоёронтоо ухарсан “хар жагсаалт”-д бичигдэх нигууртай.
ХХВ-ээс болгоомжилж, аливаа эрсдэл гарахаас айх нь зөвхөн монголчуудын асуудал биш аж. Олон оронд ХХВ-ний эсрэг вакцинжуулалтын үеэр “авиртай” хүмүүс элдэв асуултаар тандалт судалгааны байгууллагын мэргэжилтнүүдийг дардаг талаар интернэт мэдээллүүдээс харж болно. Тэгэхээр энэ чиглэлийн ташаа ойлголтын талаарх асуултуудыг багцлан ДЭМБ болон мэргэжилтнүүдийн зөвлөгөөг ташрамд товчхон хүргэе.
- ХХВ-ний халдварын оргил үе нь 16-25 насны хооронд тохиолддог бол үүнээс 5-10 жилийн дараа хорт хавдар үүсдэгийг ДЭМБ-ын тайланд дурджээ. Нэг удаа бэлгийн хавьталд ороход уг вирусээр халдварлах эрсдэл 80 хувьтай аж. Тиймээс вакциныг бэлгийн харьцаанд орохоос өмнө 9-14 насанд хийлгэх нь хамгийн тохиромжтой бөгөөд хүн амын зорилтот хэсгийг дархлаажуулснаар сүргийн дархлаа бий болдгийг тус байгууллагын зөвлөмжид дурджээ. Вакцинд хамрагдах нас нь хэтэрсэн, түүнчлэн нэгэнт ХХВ-ний халдвар авсан нь дархлаажуулалтын эсрэг заалт биш учраас насанд хүрэгчид сайн дурын үндсэнд тулгуурлан, тухайн улсынхаа хууль, журмын дагуу үнэ төлбөртэй болон төлбөргүйгээр вакцин хийлгэж болно. Манай иргэд ч сайн дураараа вакцинд төлбөртэй хамрагдах боломжтой. Ташрамд сонирхуулахад, Францад 14-23 насны, бэлгийн амьдралд ороогүй, эсвэл нэг жилээс бага хугацаанд ийм харьцаанд орсон охидыг ХХВ-ний эсрэг вакцинд хамруулдаг бөгөөд зардал болох 200 гаруй ам.долларын 65 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг аж. Британийн хувьд 9-15 насны эрэгтэй, 9-26 насны эмэгтэйчүүдийг үндэсний хөтөлбөртөө хамруулдаг. Харин вакцинд хамрагдаагүй үлдсэн өсвөр үеийнхэн, залуучууд 25 нас хүртлээ үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй.
- “Яагаад миний хүүхэд ХХВ-ний вакциныг ийм балчир насандаа хийлгэх шаардлагатай вэ” гэдэг хамгийн түгээмэл асуултад “Хэрэв 9-14 насандаа вакцин хийлгэвэл авах тунгийн хэмжээ 1-2 байна. 14-өөс дээш насанд хийлгэвэл олон буюу гурван удаа вакцинд хамрагдах шаардлагатай” гэж хариулсан байна.
- “Энэ вакциныг хөвгүүдэд хийдэг нь ямар учиртай вэ” гэхээр ХХВ эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд ч хоргүй болон хорт хавдар үүсгэдэг. Тиймээс хөвгүүдийг вакцинжуулах нь ирээдүйд халдвар авах эрсдэлийг бууруулах, сэргийлэх ач холбогдолтой. Хамгийн эрсдэлтэй нь эрэгтэйчүүд эл вирусийг тээж, эмэгтэйчүүдэд дамжуулдаг тул вакциныг хөвгүүдэд зөвлөдөг.
- Хэдийгээр умайн хүзүүний хорт хавдраас хамгаална гэдэг ч вакцин эсрэгээрээ үйлчилдэг гэдэг нь үнэн үү гэсэн асуултад мэргэжилтнүүд “Үгүй. ХХВ-ний вакцинууд нь зохиомлоор үүсгэсэн вирустэй төстэй тоосонцор агуулдаг. Вакцин нь вирусний ДНХ, амьд биологийн бүтээгдэхүүн агуулаагүй тул дархлаажуулалтын явцад вирусний халдвар авахгүй” гэж хариулжээ.
- Тэгвэл энэ төрлийн вакцинаас болж ирээдүйд үргүйдэлд хүргэнэ гэсэн айдастай аав, ээжүүд тайван байж болно. Анхны вакцин гарснаас хойших 20 гаруй жилийн хугацаанд тийм тохиолдол бүртгэгдээгүйг вакцинжуулалтын аюулгүй байдлыг судлах албаныхан дэлхийн туршлагад тулгуурлан тэмдэглэжээ. ДЭМБ эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэдэг гол байгууллагын хувьд ХХВ-ний вакцинжуулалтын талаарх 2022 оны тайландаа “Вакцинжуулалт болон эмэгтэйчүүдийн үргүйдэл хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй гэдгийг тэргүүлэх мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанд үндэслэн нотолсон” гэжээ. Түүнчлэн олон оронд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлснийг баталсан жишээ өчнөөн байна. Тухайлбал, 2006-2013 онд Дани улсад вакцин хийлгэсний дараах тандалтад 540 805 эмэгтэйг хамруулахад жирэмслэлтийн явцад ямар нэгэн хүндрэл гараагүй гэсэн дүгнэлт гарчээ.
- ХХВ-ний халдварыг вакцин хийлгэхгүй эмчлэх арга байдаг, эсэхийг хүмүүс их асуудаг аж. Харамсалтай нь ХХВ-ийг дархлаа дэмжигч болон вирусний эсрэг бусад эм, бэлдмэлээр эмчилдэггүй. Боловсруулсан эмчилгээний тактикууд нь зөвхөн вирусний халдварын үр дагаврыг арилгахад чиглэдэг байна.
- “Вакциныг зарим оронд хоригложээ” гэсэн хүмүүсийн эргэлзээг тайлах хариулт бол “ХХВ-ний эсрэг вакцинаас татгалзсан улс байхгүй. Энэтхэг зэрэг цөөхөн улсад вакциныг зөвхөн төлбөртэй хийдэг учраас хүн амын багагүй хэсгийнхэн үүнд хамрагдах боломжгүй байна” гэж хариулжээ. Тэгвэл бидний хувьд аливаа дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагддагийг сануулахад илүүдэхгүй.
- Муу жишээгээр байнга шахам “цоллуулдаг” Африкийн буурай орнууд ч биднээс өмнө энэ төрлийн дархлаажуулалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэтэл бид үр хүүхдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулахдаа эргэлзсээр байгаа нь тэнэглэл буй за. 2019 онд Кени улс умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч ХХВ-ний эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэхэд Ерөнхийлөгч Ухуру Кениата нь “Шинжлэх ухааны ололтыг эсэргүүцэн тэмцэхгүй байцгаая. Бид бүгдээрээ үр хүүхэд, хойч үеийнхэндээ зөв, сайн сайхан ирээдүйг хүсдэг учраас харилцан ярилцаж, саналаа нэгтгэе” хэмээн уриалсан байдаг.
Эцэст нь давтан давтан хэлэхэд, ХХВ-ний халдвараас бүрэн сэргийлэх боломж бий. Энэ бол вакцин. Умайн хүзүүний хорт хавдраар өвдөхгүй байх арга, эмчилгээ ч бий. Энэ бол вакцин. Тодруулбал, зөвхөн ХХВ-ний эсрэг вакцины дархлаажуулалт нь амь авч одох хөнөөлтэй хорт хавдраас бидний хойч үеийнхнийг аврах болно.
Хорт хавдар
Хучуур эдийн гаралтай хорт эсүүд хяналтгүй хуваагдан, тархаж, эд, эрхтнийг устгадаг бүлэг өвчнийг хорт хавдар хэмээн тодорхойлдог. Хавдар хэрхэн үүсдэгийг ойлгохын тулд эсийн талаар мэдэх хэрэгтэй. Хүний биеийг барилга гэж үзвэл эс нь материал юм. Эсүүд өөрийн гэсэн тодорхой хөтөлбөртэй, үүнийгээ л хариуцдаг. Хэрэв дотор нь нөхөгдөх боломжгүй согог үүсэх, эсвэл хэт хуучирвал эс үхдэг. Эс бүр “командын төв”-тэй. Мөн түүнд генетикийн материал болох ДНХ агуулагддаг бөгөөд энэ нь эс ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаарх дэлгэрэнгүй заавар гэсэн үг. Заримдаа ДНХ эвдэрдэг. Гэхдээ цөөхөн, эсвэл ач холбогдолгүй эвдрэл бол эс үүнийг “засдаг”. Харин хэт олон эвдрэл, эсвэл амин чухал үйл явцад нөлөөлж байвал эс өөрийгөө “засах” боломжгүй бөгөөд энэ нь хорт хавдар болж, биологийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээ больж, хяналтгүй хуваагдаж, “дархлагдана”. Эсүүд цус, тунгалгийн урсгалаар бүх биеэр чөлөөтэй “зорчдог”. Ер нь хүний дархлааны систем хэвийн бус эсийг таньж, устгадаг. Гэхдээ заримдаа энэ үйл явц бүтэлгүйтдэгээс болж хорт эсүүд үржиж, хавдар үүсгэдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам шинэ “газар нутгийг” эзэлдэг.