АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүйгээр 24 цагийн турш үзүүлэхээр болжээ. Тус эмнэлгийнхэн төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлд Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-тэй хамтарч ажиллахаар болсон байна. Тодруулбал, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Гэмтлийн яаралтай тусламжийг Монгол-Японы эмнэлэгт үзүүлж эхэлснээр улсын лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал, төвлөрлийг бууруулж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж эмч нар үзэж байна.
Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар хоногт 500 орчим хүн үйлчлүүлдэг. Энэ сарын 18-нд гэхэд тус тасгаар 505 хүн үйлчлүүлсний 215 нь хүүхэд байжээ.
Ч.Болор