ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн судалгааны багийн нэр бүхий судлаач, археологичид Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт 2023 оны хавар хадны оршуулгыг авран хамгаалах малтлага, судалгаа хийсэн билээ. Тус олдворын талаарх мэдээллийг нутгийн иргэд анх өгсөн бөгөөд археологич Ю.Болдбаатар, С.Бат-Эрдэнэ тэргүүтэй судалгааны багийнхан Баянхонгор аймгийн Орон нутаг судлах музейн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтнуудыг байлцуулан тухайн газарт малтлага хийсэн. Тэндээс илрүүлсэн хадны хатмал оршуулгыг сэргээн засварлах ажлыг өдгөө Соёлын өвийн үндэсний төвийнхөн хариуцаж буй бол ясны хэмжилт судалгааг МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийнхэн, дээл, хувцас материалынхыг нь ХААИС-ийн судлаачид хийж байгаа аж. Харин будагны шинжилгээг Японд, он цагийн судалгааг нь АНУ-д хийлгэж буй гэнэ. Зарим судалгааны үр дүн эхнээсээ тодорхой болж байгааг ч судлаачид дурдлаа.
Япон Улсын Каназава их сургуулийн Соёлын өв судлалын хүрээлэнгийн профессор Такаши Гакухари, Хисаши Фүжита, доктор Р.Одонгоо нар саяхан уг олдвортой танилцаж, ДНХ-ийн болон генетикийн бусад шинжилгээ хийхээр тохиролцсон байна.
Ж.Сувд