Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Ар мухар гэдэг газарт өчигдөр 12.30 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж буй талаар ОБЕГ-аас мэдээлсэн юм. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаагаас ой, хээрийн түймрийн эрсдэл ихсэж буйг тус газраас анхаарууллаа. Иймд нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон шар өвсний түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн байна. Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын, Цагдаагийн удирдах болон Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж эхлэв. Хөдөлгөөнт эргүүлийнхэн нийслэлийн таван дүүргийн ногоон бүсийн 31 чиглэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах гэнэ.
Ташрамд дурдахад, цаг агаарын урьдчилсан мэдээгээр хоёрдугаар улиралд агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байх тул ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг албаныхан онцгойлон анхаарууллаа.
Ч.Туяа