Өмнөговь аймагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ.
Тодруулбал, тус аймгийн Ханхонгор сумын нутагт өнгөрсөн баасан гарагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдөлжээ. Чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ. Газар хөдлөлтийн төв нь Даланзадгадын төвөөс баруун зүгт 23, Хүрмэнгийнхээс хойд зүгт 24, Ханхонгор сумын төвөөс баруун урд зүгт 38 км зайд болсон аж. Нутгийн иргэдийн хэлснээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багт чичирхийлэл илүү хүчтэй мэдрэгдэж, аяга, таваг хагаран, нүргэлсэн чимээ сонсогджээ. Мөн энэ өдөр 15.19 цагт эл байршилд газар 4.1 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Өөрөөр хэлбэл, тус аймгийн Ханхонгор сумын нутагт нэг өдөрт хоёр удаа газар 4.1-ээс дээш магнитудын хүчтэй хөдөлжээ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг нь баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд газар гурваас бага магнитудын хүчтэй хөдлөхөд хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитудад хүрэхэд том талбайг хамарсан сүйрэл болдог аж.
У.Цэцэг