Аялал жуулчлалын үйл ажиллагаагаа өргөжүүлэн бизнес, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, хөгжүүлж, монголчууддаа гүүр болж байгаа “Сурада Эйжэнси” ХХК-ийн гүйцэтгэх захирал (CEO) Б.Золзаяатай ярилцлаа. Эднийх Хайнаны аялал жуулчлалын холбооны Монгол дахь албан ёсны, цор ганц төлөөлөгч компани гэдгээрээ ихээхэн онцлогтой.
-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу. Хайнаны аялал жуулчлалын холбооны Монгол дахь төлөөлөгчийн хувьд танай компанийн онцлог, давуу тал юу вэ?
-Манай компани 2023 оны аравдугаар сараас хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд албан ёсоор Хайнаны аялал жуулчлалын холбооны Монгол дахь түнш болж, үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Ингэснээр монгол аялагчдадаа олон боломж, давуу талуудыг бий болгоод байна. Юуны түрүүнд бид аялагчдаа иж бүрэн даатгалд хамруулдаг. Аяллын даатгал тодорхой нэг хүрээг хамардаг бол манайх тухайн аяллын явцад аялагчдад үүссэн бүх асуудлыг хариуцдаг. Эрүүл мэндийн асуудал тулгарлаа гэхэд үзлэг, оношилгоонд хамруулна. Аваар осолд орж, бэртэж гэмтсэн тохиолдолд ч мөн бид түнш байгууллагынхаа тусламжтайгаар шийдвэрлэж, даатгалын нөхөн төлбөрийг нь олгодог. Мөн аяллын явцад аялагчдад маань ямар нэгэн асуудал бэрхшээл тохиолдвол түүнийг дор бүр нь шуурхай шийдвэрлэж, 24/7 онлайн туслахын үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, бид аялагчдадаа тусламж үзүүлэх, асуудлыг нь шийдвэрлэх байнгын бэлтгэлтэй байдаг. Аялал жуулчлалын холбооны албан ёсны түнш байна гэдэг нь бүрэн итгэлтэй, найдвартай, хариуцлагатай үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.
-Жуулчдын хувьд аюулгүй байдал, тав тух хамгийн чухал нь шүү дээ. Тэгэхээр “Сурада Эйжэнси”-д аяллаа даатгаснаар энэ бүхэнд санаа зовох шаардлагагүй гэж ойлголоо.
-Тийм ээ. Аюулгүй байдлын хувьд санаа зовох зүйлгүй гэсэн үг. Тухайн аялагчид ямар нэгэн зүйл таалагдахгүй, эсвэл сэтгэл ханамжгүй байдал үүслээ гэхэд аялал жуулчлалын холбооноос түүнийг дор дор нь шийдвэрлэдэг. Аяллын явцад хүмүүс өрөөгөө солиулахаас эхлээд янз бүрийн зүйл хүснэ, шаардлагууд тавина шүү дээ. Тэр болгоныг нь бид шуурхай шийдвэрлэдэг.
Манай компани Хайнаны аялал жуулчлалын түнш гэдэг давуу талдаа тулгуурлаад Зүүн Өмнөд Азид, тэр дундаа Хятад руу чиглэсэн эрүүл мэндийн аяллын хөтөлбөрүүдийг шинээр нээгээд буй. Альцгеймер, тархины саажилт, чихрийн шижин зэрэг өвчинтэй хүмүүсийг холбооныхоо тусламжтайгаар жуулчилж, эрүүл мэндийн салбар өндөр түвшинд хөгжсөн оронд эмчлүүлэх боломжийг санал болгодог. Энэ үйлчилгээг үзүүлснийхээ төлөө манай компани ямар нэгэн нэмэгдэл төлбөр, зардал үйлчлүүлэгчдээс авдаггүй. Үндсэн зардлаар албан ёсны орчуулгатай үйлчилгээ үзүүлдэг. Онцлог нь манай орчуулагчид бүгд монгол хүмүүс байдаг.
-Та бүхэн яагаад Хайнан чиглэлийг сонгож, аяллын үйлчилгээ үзүүлэх болсон бэ?
-Хайнан бол тасралтгүй хөгжиж байгаа аялал жуулчлалын шинэ бүс. Тайланд, Вьетнам зэрэг Зүүн Өмнөд Азийн бусад оронтой харьцуулахад аюулгүй байдлын талаасаа эрсдэл бага. Камержуулалт сайтай. Монголчууд олноороо аялдаг Зүүн Өмнөд Азийн зарим оронд жуулчид хулгай дээрэмд өртөх зэргээр хохирох тохиолдол элбэг. Хүний хулгай, наймааны золиос болох нь ч бий. Харин БНХАУ-д камержуулалт сайн хөгжсөн учраас аюул багатайд тооцогддог. Ялангуяа аялал жуулчлалын гол бүс гэгддэг Хайнанд хяналт өндөр. Энэ үүднээсээ гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ аялж байгаа хүмүүст илүү тохиромжтой, аюулгүй, найдвартай. Хайнаныг сонгосон хамгийн гол шалтгаан нь энэ юм.
-Хайнан чиглэлд жуулчлуулж байгаа хүмүүс ер нь голдуу ямар төрлийн аяллыг түлхүү сонирхож, хамрагдаж байна вэ. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй аялал зохион байгуулсан учир тодорхой чиг баримжаатай болсон гэж бодож байна.
-Олонх нь хөтөлбөртэй аялал сонгодог. Хайнан нь дэлхийд гуравхан байдаг “Атлантис” усан паркаараа алдартай. Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ явж байгаа хүмүүс усан паркийг ихэд сонирхож, зорьж очдог. Одоогоор Хайнан дэлхийн хамгийн цэвэр агаартай аралд тооцогдож байна. Үйлдвэр байхгүй учраас агаар нь маш цэвэрхэн. Ганц үйлдвэр байгаа нь банананых. Тэр нь ямар нэгэн байдлаар байгальд бохирдол үүсгэдэггүй. Дээрээс нь бүх машин нь цахилгаанаар явдаг. Арлын хотуудтай харьцуулахад гудамж, талбайнууд нь ч цэвэр цэмцгэр.
Хайнан арал 2025 онд чөлөөт худалдааны бүс болж байгаа. Үүнтэй холбогдуулан манай компани энэ жилээс олон улсын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж эхэлж байгаа. Казахстан, Орос, Беларусь, Серби болон Монгол, Хятад улсыг хамруулсан үзэсгэлэн зохион байгуулах юм.
Мөн зуны улиралд англи, хятад хэлний эрчимжүүлсэн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үндсэндээ аяллаар хязгаарлагдахгүй эрүүл мэнд, боловсрол (сургалт), бизнесийн жуулчлалын чиглэлээр хүч түрэн ажиллахад анхаарч байгаа гэсэн үг. Худалдааны чөлөөт бүс гэдэг утгаараа Хайнанд ч олон давуу тал бий болж байна. Тухайлбал, Лондон, Сидней, Парис, Япон, Солонгос гээд дэлхийн олон хот, улс руу чиглэсэн нислэгийг Хайнанаас үйлдэж эхэллээ. Хайнанаар дамжаад эдгээр улс руу чөлөөтэй нисэх боломжтой.
-Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах болсны гол зорилго нь юу вэ. Энэ нь монголчуудад ямар ач холбогдолтой вэ?
-Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, бараа, бүтээгдэхүүнийг нь Хятадын зах зээлд нийлүүлэх боломжийг эрэлхийлж байна. Өмнөд хөршөөс зөвхөн авдаг биш, ноос, ноолуур, чацаргана гээд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ онцлог бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Жишээлбэл, дайвар бүтээгдэхүүнийг экспортлоход ихээхэн бэрхшээлтэй байдаг. Харин бид үүнийг арай өөр аргаар Саньяа хот руу шууд илгээх ч юм уу, ийм байдлаар боломжууд бүрдүүлэх юм. Ер нь Монголынхоо эдийн засаг, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгын хүрээнд компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлсээр байна.
-Ойрын хугацаанд ямар үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Ирэх тавдугаар сарын эхээр Орос, Беларусь, Казахстан, Серби, Монголын бизнесменүүдийг нэгэн дор цуглуулаад, Хятадын худалдан авагчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Цар хүрээний хувьд нэлээд өргөн арга хэмжээ болно. Энэ дундаа үндэсний компаниудаа илүү онцлоод Хятадаас Монгол руу жуулчид татахыг зорьж байна. Өмнөд зүгийн хятад хүмүүс цас үзээгүй байдаг. Тиймээс өвлийн улиралд хятад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа. Манай улсын аялал жуулчлалын оргил үе нь урин дулааны улиралд, Наадмын үеэр тохиодог шүү дээ. Үүнээс бусад үед, ялангуяа өвөл жуулчлал “унасан” үед цас мөсний аялал зохион байгуулж, хятад жуулчдыг татаж болно.
-Хайнан руу хэдийд аялахад хамгийн тохиромжтой юм бол?
-Мэдээж оргил үе нь 12-1 дүгээр сар. Гэхдээ жилийн хэдийд ч аялах боломжтой. Үнийн хувьд бусад аяллаас хамгийн хямд, боломжийн нь Хайнаных.
Манай компанийн аялагчдаа буулгадаг зочид буудал Ялонг (Yalong) буланд байдаг. Тухайн хэсгийн далайн эрэг нь маш тогтуун, цэвэрхэн. Төвийн буудлуудтай зарим далайн эрэг хүчтэй давлагаатай, хүүхэд ороход тохиромжгүй, элс нь хогтой байдаг шүү дээ. Харин энэ хэсэг нарийн ширхэгтэй, маш цэвэрхэн элстэй. Дээрээс нь хүүхдэд аюулгүй. Ялангуяа гэр бүлээрээ явж байгаа хүмүүст, ээж нарт хамгийн амар, аюулгүй байдаг.
Манай улс далайн түвшнээс 1500 метрийн өндөрт оршдог. Энэ онцлогоосоо болоод монголчуудын олонх нь Д витамины дутагдалтай байдаг. Хүүхдээ далайн эрэгт, элсэн дээр тоглуулж амраангаа витамины хэрэгцээг нь нөхөхөд хамгийн тохиромжтой, аюулгүй, тав тухтай, цэвэрхэн орчинтой газар бол Ялонг булан. Манай зарим ээжүүд аялалд явахаасаа өмнө болон явж ирснийхээ дараа хүүхдийнхээ Д витаминыг шинжлүүлэхэд эрс ялгаатай хариу гарсан талаар хэлдэг юм.
-Аяллын хуваарь болон төлбөрийн нөхцөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Манайх илүү олон хүнийг аялуулах зорилготой учир төлбөрийн хувьд маш уян хатан нөхцөлтэй. Бид “Pocket”-той хамтарч ажилладаг. Мөн компанийн хувь лизинг санал болгодог. Түүнчлэн манайхтай хамтарч ажилладаг 2-3 банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлийн хүсэлт гаргаж, аялах боломжтой. Долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт шууд нислэгтэй аялал зохион байгуулдаг. Үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү эйр” компанитай хамтран ажиллаж байна. Түүнчлэн Хайнан болон Сингапур, Тайланд, Вьетнам, Макао, Хонконг, Шанхай, Гуанжоу руу хосолсон аялал зохион байгуулдаг. Хайнанд аялаад, тэндээсээ эдгээр газар луу явах боломжтой гэсэн үг. Энэ улсууд дахь албан ёсны байгууллагуудтай хамтарч ажилладгаараа мөн онцлогтой.
-Шинэ чиглэлүүддээ аялагчдаа явуулаад эхэлчихсэн гэсэн үг үү?
-Макао руу аялуулаад эхэлчихсэн. Ирэх сараас эхлээд шинэ чиглэлүүдээ илүү эрчимжүүлнэ. Тухайлбал, дөрөвдүгээр сард сурагчдын амралт эхлэхээр Шанхайн “Диснейлэнд” рүү аяллууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Эцэг, эхчүүд маань энэ үеэр хүүхдүүдтэйгээ Шанхай, Хайнаны хосолсон аялалд хамрагдах боломжтой.
-Хөтөлбөртэй аяллын үргэлжлэх хугацаа, хоног нь хамгийн ихдээ хэд байдаг вэ?
-Зөвхөн манай компаниар нэг сар хүртэлх хугацаагаар аялж болно. Бусад компанийн хувьд бол боломжгүй. Хайнан чиглэлийн аяллаа өргөжүүлээд вилла, машин түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа. Долоон шөнө, найман өдрийн хөтөлбөрөөс гадна VIP аяллуудыг мөн гаргаад буй. VIP тур нь ямар онцлогтой вэ гэхээр найз нөхөд, хамт олноороо буюу хэсэг бүлгээрээ явж буй хүмүүст зориулсан арай өндөр түвшний аялал юм. Тухайлбал, дан залуучуудад зориулсан тусгай аялал байж болно. Мөн бид аялагчдынхаа тав тухыг бодолцон аяллын нэг группээ 20 хүнээс хэтрүүлэхгүй бүрдүүлдэг. Цөөн хүнтэй аялал нь мэдээж VIP турын дараагийн түвшний аялал болдог.
-“Сурада Эйжэнси” компани нь Хайнан төв байгуулсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Хайнан руу хувиараа явахаар тийзээ авчихсан мөртлөө очоод хэрхэхээ мэдэхгүй байгаа, эсвэл тэнд байх хугацаандаа ямар нэгэн асуудалд орсон хүмүүст манай төв туслалцаа үзүүлэх боломжтой. Өөр компанийн аяллаар явж байгаа хүмүүст ч үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, Хайнантай холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл, тусламж, үйлчилгээг нэг дороос үзүүлнэ гэсэн үг. Сая Цагаан сарын өмнөхөн газраар дамжиж явсан 66 жуулчин Хайнанд очоод “хаягдсан” тохиолдол гарсан. Тэднийг хэн ч тосож аваагүй, хүлээж авах буудал байгаагүй. Консулын газраас манай түнш болох аялал жуулчлалын холбоо руу хандаад, тэдгээр аялагчийн асуудлыг шийдүүлсэн. Тэгэхээр цаашид бид яг ийм байдлаар “Манай компанийн үйлчлүүлэгч мөн, биш” гэж ялгалгүйгээр бүх монголчууддаа элгэмсгээр тусална. Хайнан арлын нэр хүндийг хамгаалах, тэнд очсон монгол хүн бүрийг сэтгэл хангалуун аялуулах нь бидний баримталдаг гол зарчим. Цаг зав, мөнгө санхүү, сэтгэл зүрхээ зориулан аялалд явж байгаа хүн нэг бүрийг бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байлгахыг зорьдог доо.