Ардын жүжигчин Э.Амартүвшинийг дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарууллаа.
Тодруулбал, “Opera world” цахим хуудас 2023 оноос эхлэн олон улсад үнэлэгдсэн дуурийн дуучдыг хоолойн төрлөөр нь таван ангилалд хуваан, шилдгүүдийг нь шалгаруулж буй билээ. Тэгвэл өнөө жилийн дэлхийн шилдэг баритоны жагсаалтыг Ардын жүжигчин Э.Амартүвшин 5900 оноогоор тэргүүлжээ. Харин удаах байрт 5200 оноогоор Францын дуучин шалгарсан бол гуравдугаарт ОХУ-ын уран бүтээлч бичигджээ.
Шилдгүүдийн жагсаалтад багтахын тулд тухайн дуучин “Ла скала”, “Метрополитан” зэрэг томоохон театрт тоглосон байх ёстой аж. Ингэхдээ дуурийн театр, фестиваль, концертын их танхимд дуулах бүрд 100 оноо өгдөг гэнэ. Улмаар 52 долоо хоногийн туршид үзүүлсэн амжилт, цуглуулсан оноог нь харгалзан эцсийн дүнг гаргадаг юм байна.
Ташрамд дурдахад, Э.Амартүвшин энэ оны анхны тоглолтоо Италийн алдарт “Ла скала” театрын тайзнаа Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дууриар эхэлсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттод 100 дахь удаагаа Вений театрын тайзнаа дуулжээ.
У.Цэцэгсүрэн