П.Батчулуун эмчид холбогдох хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Талийгаач А-ийн ээж Д.Алтантуяа “Охиныхоо хамаг эд эрхтнийг тонуулсан бид буруутан мэт цахим орчинд хэлэгдэж байгаад үнэхээр харамсалтай байна. Энэ нь бидэнд үнэхээр хүндээр тусаж, сэтгэл санааг зовоож, аргагүй эрхэнд хэвлэлийн хурал хийгээд сууж байгааг минь ард түмэн минь ойлгоорой. Анх донор болгоё гэхэд өдөржингөө эргэлзэж байгаад хоёр бөөр, элгийг нь өгөхөөр зөвшөөр ч гарын үсэг зурсан. Ах, дүү нар нь дургүй байсан хэдий ч элэг, бөөр нь хэрэгтэй нэгэнд нь буян болог гэсэн үүднээс донор болохыг зөвшөөрсөн. Гэтэл миний охины хөл, гарын яс, судас, шөрмөс, тойгийг давхар авчаад хоосон хальсан дотор цутгамал цутгаад хөл гарыг нь төмөр утсаар оёсон хоосон хөндий шахам хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө хүн ёсоор биш “хүн ээ аваарай гээд” шидэх шахам манай хүүхдүүдэд хүлээлгэж өгсөн байна лээ. П.Батчулуун эмчээс 100 төгрөг ч нэхээгүй. Танихгүй хүмүүс “мөнгө авсан юм уу? Хэдэн төгрөг авсан, хүүхдийнхээ эд, эртнийг хэдэн төгрөгөөр зарсан” гэхчлэн бидэн рүү дайрч байгаа нь сэтгэл санааны хувьд үнэхээр хүндээр тусаж байгаа юм. Сэтгэл санааны хохирол болон миний хүүхдээс авсан эд, эрхтнийг өг гэж хэлээгүй. Надаар яг юуг яриулах гээд байгаан бол. Ахиж шүүх хурал болбол би ормооргүй байна. Дахин дахин шүүх хуралд оролцох надад хэцүү санагдаж байна. Хүүхдийнхээ ясыг өндөлзүүлье гээд ч ясгүй болсон хүүхдийнхээ хальсыг нь өндөлзүүлмээргүй байна. Гурван хүүхэдтэйгээ тайван баймаар байна" гэлээ.