“Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг орон даяар эхлүүлж буйгаа Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас өчигдөр мэдээлэв. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрсдэлийн боловсрол олгох гэнэ. Тус байгууллагын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн үүний талаар “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагт Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиодог. Уг өдөр энэ жил гуравдугаар сарын 26-нд тохиож байна. Засгийн газрын тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг энэ долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулна. Үүнд идэвхтэй оролцохыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалъя. Ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын бие даалтын долоо хоног эхэлж байна. Энэхүү долоо хоногийн хугацаанд сурагчдад эрсдэлийн талаар мэдлэг, мэдээлэл өгөх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар таниулах юм” гэв. Онцгой байдлын байгууллагынхан аяныг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн холбогдох албаныхантай хамтран зохион байгуулах нь.
Ч.Зул