ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам, Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчин, экологийн яамнаас Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотод 2025 оны 3-р сарын 12-15-нд “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал, Хүчээ нэгтгэе” сэдэвт олон улсын хурал зохион байгуулжээ. Ирвэс нутагладаг 12 улс орны төлөөлөл оролцож, Монгол Улсаас уг хуралд БОУАӨЯ-ны холбогдох албан хаагч болон БОУАӨЯ-ны дэргэдэх Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид, Увс нуурын УТХГ-ын захиргаа, ТББ-ын төлөөлөл оролцов. Цоохор ирвэс нь нэн ховор амьтан ба дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны үнэлгээгээр “Эмзэг” ангилалд багтсан аж.
Дэлхий дээр нийт 4000 орчим цоохор ирвэс байдгаас 2500 гаруй ирвэстэйгээр БНХАУ тэргүүлдэг ба Монгол Улс ирвэсийн тоо 1000 орчим болж, 2 дахь том популяци бүхий улс орон болсон. Харин ОХУ (Алтай, Тува, Буриад, Красноярск) нийт 87 ирвэстэй гэсэн судалгаа гарсан байна.
Тиймээс сүүлийн жилүүдэд ОХУ-ын талаас цоохор ирвэсийн хамгааллыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, өсгөж үржүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг дурдсан. Ирвэс хамгаалал, судалгааны ажлын өнөөгийн байдлын талаар 12 орны төрийн байгууллагууд хамгааллын ажлын үр дүнгээ танилцуулж, төрийн бус байгууллага, ШУ-ны байгууллагын эрдэмтэн судлаач нар судалгааны үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлж, судалгаа, хамгаалалд сүүлийн үеийн нэвтрүүлж буй технологийн дэвшлээ танилцуулав. Мөн харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны зорилтуудаа тодорхойллоо.