“Наурызын баяр-2025” арга хэмжээг нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийнхөн хамтран Д.Сүхбаатарын талбайд уржигдар зохион байгууллаа. Давтагдашгүй өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монголыг олон улсад сурталчлан таниулахаар “Наурызын баяр-2025” арга хэмжээг анх удаа төв талбайд зохион байгуулсан нь энэ юм. Үүний хүрээнд казах күрес буюу казах үндэсний бөхийн барилдаан болон урлагийн тоглолт зэргийг олны хүртээл болгов. Мөн гар урлалын үзэсгэлэн дэлгэн, үндэстний онцлогийг шингээсэн тоглоом наадгай, хоол амталгаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ өрнүүлсэн юм.
Үүнээс гадна эл баярт зориулан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөх барилдаж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн байна.
Ташрамд дурдахад, манай улсын хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд тэдний 76.3 хувь нь Баян-Өлгий аймагт амьдарч буй гэнэ.
Наурызын баярыг дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар гуравдугаар сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцсэн өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2010 оны 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталсан аж. Улмаар ЮНЕСКО эл баярыг биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэснээр дэлхий дахинд 400 сая гаруй хүн тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Наурыз нь шашны бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм.
У.Сүрэн