Туркийн Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсантай холбоотойгоор эхэлсэн эсэргүүцлийн жагсаал 4 дэх өдрөө үргэлжлэн, тус улсын бүх том хотуудыг хамрав.
Туркт олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийхийг албан ёсоор хориглосон ч гудамжинд жагсах хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байна.
Цагдаа нар тэднийг тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж байна.
Сүүлийн үеэд улс орнуудад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг “өнгөт хувьсгал” хэмээн нэрлэдэг болсон бол Туркийн эл жагсаалыг “төмпөн шанагны хувьсгал” хэмээн нэрлэж байна.
2008 онд Исландын засгийн газрыг огцроход хүргэсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг “төмпөн шанаганы” хувьсгал гэж анх нэрийдсэн байдаг.
Истамбулын жагсагчид орон сууц болон бусад байшин барилгын гэрлийг асааж, унтраан, төмпөн шанага цохиж одоогийн ерөнхийлөгч Эрдоганыг огцрохыг шаардаж байна.
Режеп Тайип Эрдоган сүүлийн 22 жилийн турш Туркийн Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болоод байгаа юм.
Түүний хүчтэй өрсөлдөгч гэгддэг Э. Имамоглу нь энэ ням гарагт Бүгд Найрамдах Ардын намаас 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлагдах байсан ч авлига авсан, террорист байгууллагуудад тусалсан хэрэгт буруутгагдан 100 гаруй хүний хамт өнгөрсөн лхагва гарагт саатуулагдсан юм.
Харин тус намын тэргүүн Озгюрь Озель Э. Имамоглугийн баривчилгаа нь улс төрийн сэдэлтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлж, жагсагчдад хандан, “Энэ бол Бүгд найрамдах Ардын намын жагсаал биш ээ, энд хотын дарга Э. Имамоглуг дэмжиж, ардчиллын төлөө тэмцэхээр бүх намын төлөөллүүд цугласан байна.” хэмээн мэдэгджээ.