Вашингтоны хоёр нүүртэй бодлого дэлхий дахинд хор нөлөө учруулж байсан нь цөөнгүй. Гэлээ ч олон улсын гэрээг зөрчиж байсан үйлдэл нь Америкийн тусгай албадын үйл ажиллагаанд ер саад болж байсангүй. Москвагаас нууцаар Берлинтэй хийж байсан хэлэлцээрүүд нь ялалтыг золтой л сүйрүүлчхээгүй ч холбоотнуудыг хооронд нь эвдрэлцүүлэх шахаж байсан удаа бий аж. Швейцарт болсон нууц уулзалтуудын заримаас сонирхуулъя.
Швейцарын төвийг сахисан байдал нь далдуур тоглолт хийхэд нь өрнөдийнхөнд ямагт таатай боломж болдог байв. 1945 оны гуравдугаар сарын 8-нд Лугано гэдэг жижигхэн хотод хэдэн эр ирсэн байна. Галт тэргээр Берн хотыг зорихоор буудал руу явж байхдаа тэд хүмүүсийн анхаарлыг татахгүйг ихэд хичээж байв.
Бернд тэднийг АНУ-ын Стратегийн удирдах газрын Швейцар дахь удирдагч Аллен Даллес угтан авчээ. Ирсэн хүмүүсээс тэрбээр нэг ёсны “итгэмжлэх жуух” авч уншаад обергруппенфюрер (генерал) Карл Вольфын тэргүүлсэн Германы СС-ийн өндөр албаны офицерууд ирээд байгаад эргэлзсэнгүй.
Америкчууд болон нацистууд Зөвлөлтийн эсрэг хуйвалдаан хийхээр эртнээс төлөвлөж байв. 1943 онд Даллес Швейцарт ажиллахаар томилогдсон нь Берлинд тун ч завшаантай явдал болжээ. Юуны урьд Цагаан ордонд мэдэгдэлгүйгээр ажил хэрэг сэдэхээсээ энэ хүн эмээдэггүй байлаа. Хоёрдугаарт, коммунизмыг тууштай эсэргүүцдэг нэгэн байв. Даллес оросуудыг нэг нүдээр ч үздэггүйг Стратегийн удирдах албанд шургуулсан Габриэль хэмээх нууц нэртэй Германы тагнуул дээш нь мэдээлсэн байжээ.
Нууц хэлэлцээ нь холбоотнуудын тохиролцоог илт зөрчсөн үйлдэл байв. Италид герман цэргүүдийг буулгаж авахад Москваг оролцуулахыг АНУ хүсэхгүй байлаа. Хэлэлцээр хийхэд тохирох хүмүүсийг Германы генералууд дотроос Швейцар дахь Америкийн албаны хүмүүс 1944 оноос хайж байжээ. Даллесийн санаачилга Вашингтоны зүгээс дэмжлэг авахгүй байлаа. Гэтэл аз болоход Стратегийн албаны удирдах газартай холбоо тогтоох арга замыг германчууд өөрсдөө хайж байсан юм санж. 1945 оны хоёрдугаар сард Германы эзэнт улсын аюулгүй байдлын ерөнхий газрын элч нартай уулзжээ. Дайныг үргэлжлүүлэх, эсэх асуудлаар Берлинд санал зөрөлдөж, нацистын дээд удирдлагын зарим хэсэг нь хамтран ажиллах тал руу хазайж болзошгүй нь Даллест анзаарагдсан байна. Үүнээс ихээхэн олз ашиг олох тун хэрэгтэй байлаа. Цэрэг-дипломатын энэ нууц ажиллагааг “Санраиз” (“Үүрийн гэгээ”) гэж нэрлэх болов.
АНУ-ын хувьд генерал Вольф чухам санаанд нийцсэн хүн байлаа. СС-ийн удирдагч хийгээд Умард Итали дахь армийн “Ц” бүлгийн дэргэдэх цагдаагийн дарга Вольф тус байгууллагын удирдлагын үндсэн бүрэлдэхүүнд ордоггүй байв. Гэлээ ч райхсфюрер Генрих Гиммлерт шууд захирагддаг, Афольф Гитлерт ч нүүр талтай хүн байв.
Германчууд Швейцар дахь хэлэлцээрийг Берлиний зөвшөөрснөөр хийж байжээ. Вольф зарим тохиолдолд шууд удирдлагыг алгасан фюрертэй халз ярьчихна. 1945 оны эхээр Гитлертэй нэг удаа ярилцахдаа ЗХУ-ын эсрэг АНУ-тай ч, Британитай ч нэгдэх хэрэгтэйг хэлээд авчээ. Гитлер ч татгалзсангүй.
Энэ нууц хуйвалдаан Германы эсрэг эвсэлд хагарал үүсгэж, Өрнөд фронт дээр холбоотны хүчний идэвхийг сулруулж, Гитлерийн хувьд дайны төгсгөлийг аятай болгож болзошгүйг нацист удирдагч ойлгожээ. Амжилт олсон нөхцөлд Германы цэрэг байлдах чадвараа хадгалах боломжтой болж, Герман руу ухраад, дараа нь дорно руу зүглэх байв. Түүгээр ч барахгүй Вольф илүү ихийг төлөвлөж, Итали дахь вермахтын (Зэвсэгт хүчний) байрлалыг холбоотнуудын өмнө дэлгэж, ингэснээр Апеннинд америкчуудын хийх довтолгооны төлөвлөгөөг ихээхэн хөнгөвчилж өгсөн байна.
Хэлэлцээрийн үндэс болгож Италийн фронтод довтолгоон хийхээс Англи-Америкийн командлалыг татгалзуулж, байлдааны ажиллагааг зогсоохыг Даллес санал болгов. Итали дахь холбоотны хүчний штабт тагнуулын албаны даргаар ажилладаг Британийн хошууч генерал Теренс Эйри удалгүй нууц уулзалтад оролцох болсон байна.
Германчуудад бүрэн итгэхгүй л байлаа. Вольфыг холбоотнуудыг муудалцуулах гол зорилготой гэж Даллес хардаж байв. Үүнээс болгоомжилж германчууд хэлэлцээр эхлүүлэх хүсэлтэй байгааг Британийн генерал Харольд Александер Зөвлөлтийн дипломатчдад дуулгав. Гадаад хэргийн ардын комиссар Вячеслав Молотов үүнд нааштай хандахдаа Москва хэлэлцээрт бас оролцох ёстой гэсэн байр суурьтай байлаа. Гайхалтай нь Зөвлөлтийн төлөөлөгчдийг бусдад мэдэгдэлгүйгээр Швейцарт аваачих боломжгүй гэдгээр шалтаглан Молотовт татгалзсан хариу өгчээ.
Даллес нацистуудтай удаа дараа уулзсан нь Москвад тодорхой болжээ. Харин юу ярилцсан нь ЗХУ-д нууц үлдэв. Холбоотнуудын энэ байдал Иосиф Сталины хилэнг бадрааж, үл итгэх хөрс суурь бий болголоо хэмээн үзэв. Тэгээд Вашингтон, Лондон руу захидал илгээж ЗХУ хэзээ ч ийм үйлдэл хийхгүй хэмээн онцолсон байна. “Дорнод фронтод Одерт ч юм уу, Германыг буулгаж авах, Зөвлөлтийн цэрэг фронт нээх боломжтой ийм нөхцөл байдал бий болсон бол Англи-Америкийн цэргийн командлалд энэ тухай мэдэгдэж, хэлэлцээрт оролцох өөрийн төлөөлөгчдийг илгээхийг, ийм тохиолдолд холбоотнуудад биенээсээ нууцлах юм байх ёсгүйг хүсэх байснаа хэлэх ёстой” хэмээн Америкийн Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд Сталин бичжээ.
Хүлээж авсан мэдээлэл нь үндэслэлгүй болохыг Зөвлөлтийн удирдагчид итгүүлэхийн тулд Америкийн Ерөнхийлөгч нууц хуйвалдаан хийснээ эхлээд үгүйсгэхийг оролдсон байна. Гэлээ ч Сталины эрс шийдэмгий довтолгоон Даллесын санаачилгыг зогсоож, Германы нууц даалгавартай элч нартай тогтоосон холбоо сүлбээгээ таслахыг тушаахаас аргагүй байдалд Цагаан ордныг хүргэв. Уг хэлэлцээрийг таслахад Зөвлөлтийн тагнуулчид ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Даллестай нацистуудын хийсэн ярианы зарим нарийн ширийнийг чухам тагнуулчид илрүүлсэн аж. “Эд бол өгсөн үүрэг даалгаврыг нарийн чанд биелүүлдэг, даруу төлөв хүмүүс” гэж өөрийн нууц ажилтнуудаа Рузвельтэд бичсэн нэгэн захидалдаа Сталин үнэлсэн байдаг. Швейцарт болсон тагнуулын үйл ажиллагааны түүх хожим нь олон түмэнд маш өндөр үнэлэгдсэн Юлиан Семёновын “Хаврын арван долоон учрал” гэдэг номны үндэс болсон юм. Энэ номоор олон ангит кино бүтээснийг бид сайн мэднэ.
Штирлиц болон Шлаг ламтан гэх хүмүүс амьдрал дээр байгаагүй. Гэхдээ бодит баатар уг номд хэд хэд бий. Тухайлбал, Британийн Нууц тагнуулын албаны орлогч дарга асан, “Кембрижийн тавал”-ын гишүүн Ким Филбигээс Москва олон үнэт мэдээлэл авч байсныг хэн бүхэн мэднэ. Өөрийн сувгаар Берлинээс мэдээлэл авдаг байсан Зөвлөлтийн тагнуулч Рудольф Ресслер мөн Швейцарт ажиллаж байжээ. Даллесын өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр Стратегийн удирдах албанд Зөвлөлтийн дөч гаруй тагнуулч дайны жилүүдэд ажиллаж байсан аж. Энэ бол ердөө илэрсэн нь.
“Берний үйл явдал” хүйтэн дайны эхлэлийг тавьсан юм. Даллес сүүлдээ Тагнуулын төв газрыг тэргүүлж, ЗХУ-тай сөргөлддөг харцгуудын нэг болсон байдаг. Тэрбээр тэтгэвэрт гарсан Вольфыг баривчлахыг Америкийн ч, Баруун Германы ч тусгай албадад амьсгал хураатлаа зөвшөөрөөгүй гэдэг. Энэ нацистыг Холокостын үйл явдалд оролцсоных нь төлөө 1964 онд л шүүсэн юм билээ. Тэрбээр өтөл настай болсон хойноо ч өөрийгөө “Фюрерийн үнэнч цэрэг” гэж нэрлэдэг байсан гэдэг. Энэ мэт хүмүүстэй хамтарч ажиллахаасаа Вашингтон хэзээ ч буцаж байсангүй.
Р.Жаргалант