Эрчим хүчний оргил ачааллын үе дууссанаар айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ээлж дараалан хэрэглээгээ хязгаарлуулж, харанхуй суудаг цаг ард хоцорсон хэмээн салбарын холбогдох байгууллагууд ойрын өдрүүдэд пиар хийх боллоо. Импортын эрчим хүчний хэрэглээ ч өдрөөс өдөрт буурч, чадлын дутагдал үүсэх, гэнэт хязгаарлалт хийх эрсдэл үгүй болсон гэж Эрчим хүчний зохицуулах хорооныхон нийслэлчүүдийг тайвшруулж буй. Салбарын сайд нь ч “2025 он гарснаас хойш бид цахилгааны хязгаарлалт хийгээгүй” хэмээн гайхуулах, саймшрахын завсарт саяхан ярьсан. Гэтэл бодит байдалд улаанбаатарчууд одоо ч цахилгаанаа таслуулж, хэрэглээгээ хязгаарлуулсан хэвээр байна. УБЦТС ТӨХК төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийх нэрийн дор нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгааныг дүүрэг дүүргээр нь ээлжлэн 8-10 цаг хязгаарласаар олон хоног өнгөрлөө. Өчигдөр гэхэд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүрэг дэх 10 гаруй хорооны олон мянган айл, аж ахуйн нэгжийн цахилгааныг 09.00-17.30 цаг хүртэл таслав. Нийслэлчүүд энэ хооронд ажил, амьдралаа зохицуулах гэж хэрэндээ бужигналдаж, төлөвлөгөөгүй, гэнэтийн “бэлэг” дүүрэн хотод амьдарч байгаагийнхаа төлөөсийг давхар төлж, хохирч байна. Энэ хугацаанд бий болсон алдагдсан боломжийн өртөг, иргэдийн амьдралд үзүүлж буй хор хохирлыг мөнгөн дүнгээр хэмжвэл багагүй тоо гарах нь ойлгомжтой. Хзягаарлалтын үед худалдаа, үйлчилгээнийхээс эхлээд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хүртэл саатаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрч байна. Цахилгаангүй болсон нэгэн цэцэрлэгийн багш эцэг, эхчүүдийг хүүхдээ эрт авахыг шаардсанаас үүдэн тэдний дунд бөөн зөрчил, үл ойлголцол үүссэн тохиолдол гарсан гэнэ. Түүнчлэн иргэдийн хэвийн амьдралын горим алдагдаж, хооллож ундлах, бие засах, орон байрандаа тав тухтай амрах зэрэг анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрлээ. Улмаар хооллох, унтаж амрах хугацаа нь ч тэр хэрээр хойшилж, эрүүл мэндээрээ хохирох болов. Зарим тохиолдолд цахилгаан хуваарьт цагаасаа 30-60 минутын дараа ирж байгааг ч иргэд хэллээ. Өдөр болгон шахам олон мянган айлын цахилгааныг хязгаарлаж буй энэ байдлыг эрчим хүчний хямрал гэхээс өөр юу гэх вэ. Төрийн байгууллагынхан нь “Оргил ачааллын үе дууссан” хэмээн наашаа харж биднийг тайвшруулах ч цаашаа харуутаа хязгаарлалтын “товч”-оо дарж, хэрэглэгчдийг хохироосоор байна.
Хэдийгээр цахилгаан түгээх компанийн зүгээс “Эрчим хүчний тасралтгүй, аюулгүй байдлын хүрээнд хуваарьт засвар, үйлчилгээ хийхээс аргагүй” гэсэн тайлбар өгч буй ч үнэхээр засвар хийж байгаа юу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй. Ингэж хардахад хүргэсэн шалтгаан нь хотын төв, захын хороололгүй олон мянган айл, аж ахуйн нэгжийн гэрлийг ээлж дараалан, зохион байгуулалттай гэмээр унтрааж буйтай холбоотой. Өнгөрсөн жилийн хавар, зун засвар, үйлчилгээ хийсэн гэх газрууд ч энэ хуваарьт багтаж байгаа. Цаашид ийм байдлаар хэр удаан хугацаанд хязгаарлалт хийж, нийслэлчүүдийг “шоглох”-ыг таашгүй. Жил жилийн зун цахилгаан, халуун усаа хэсэгчлэн хязгаарлуулдаг энэ байдал хаа хүрч зогсохыг хэлэх арга алга. Эрчим хүчний реформ хийх нэрийдлээр цахилгааны тарифыг 30-85 хувиар нэмж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ачаа дарамт нэмсэн хүмүүс хязгаарлалт хийж, хэрэглэгчдийг хохироодог явдлыг таслан зогсооход анхаарах нь өвлийн их ачааллын үед гэлтгүй өнөөдрийн ч тулгамдсан асуудал болчхоод байна.