
Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд
БНСУ-тай албан ёсны харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ бол зөвхөн ХХ зууны ерээд оноос хойших жилүүд. Эрт дээр үе гэж яривал, Монгол, Солонгосын ард түмний харилцаа зуун, мянганаар хэмжигдэх буурал түүхтэй. Үүнийг илтгэх баримт сэлт олон. 995 онд Гуулин улс Кидан гүрэнтэй харилцаж, 10 солонгос залууг хэл сургахаар монгол нутагт илгээсэн тухай эртний Солонгосын түүхэн сударт гардаг. Ийн эхэлсэн соёлын харилцаа 1030 жил болж байна. Монгол хэл сурахаар 10 залуу ирсний 1000 жилийн ой 1995 онд тохиож, сонин учралаар тэр жил жирийн нэг солонгос иргэн хөрөнгө оруулж, “Улаанбаатар” коллежийг (одоогийн ОУУБИС) байгуулж таарсныг би бэлгэшээдэг. Энэ сургуулийн анхны хичээлийн хонх дуугарсны 30 жил нь мөн энэ онд болж байгаа.
Дипломат харилцаа тогтоосноор хамтын ажиллагаа жинхэнэ ёс горимоороо хөгжиж, төлөвшдөг (жамтай) зүй тогтолтой. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гэмээнэ энэ нийтлэг жам горимоор явж буй. “Хүйтэн дайн”-ы үе шувтарч, улс орнууд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг харгалзахгүйгээр найрсгаар хамтран ажиллах уур амьсгал олон улсын харилцаанд нэвтэрч эхэлсэн 1990 онд манай хоёр улс бие биеийн туурга тусгаар орших эрхийг хүндэтгэж, дипломат харилцаа тогтоосон юм. Социалист тогтолцоотой БНМАУ тухайн үеийн Азийн социалист улсуудаас (Хятад, Вьетнам, Лаос, Камбож) албан ёсны харилцаа тогтоосон эхний улс БНСУ болсон.
Тэр түүхэн мөчөөс манай хоёр орны харилцаа тогтвортой урагшилсаар хүрч болох өндөрлөгт хүрч хөгжлөө. Хамтын ажиллагааны уламжлалт салбарууд (улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг)-аас гадна “ковид” зэрэг хил дамнасан халдварт өвчин эмгэг, цаг уурын өөрчлөлтөөс улбаатай хөрсний элэгдэл, элсний нүүдэл, агаар, орчны бохирдол, их хотын түгжрэл зэрэг бүс нутгийн чанартай нийтлэг асуудлаар хүртэл нягт хамтран ажиллаж байна.
Харилцаа тогтвортой байж, шуурхай тэлж гүнзгийрэхэд олон хүчин зүйл нөлөөлсний дотроос уламжлал болж төлөвшсөн дээд түвшний яриа хэлэлцээг онцолж тэмдэглэх нь зүйтэй. Дээд түвшний яриа хэлэлцээ дипломат харилцаа тогтоосны хойтон намар (1991) нь Ерөнхийлөгч П.Очирбат, Но Тхе Ү нарын уулзалтаар БНСУ-д эхэлж билээ. Чухамхүү анхны тэр уулзалтаар харилцааг ХХI зуунд НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмуудад тулгуурлан төрөл бүрийн салбарт бололцоотой бүхий л хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирч, харилцааны зарчим, чиглэлийг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргасан.
35 жилийн хугацаанд Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгч, зургаан Ерөнхий сайд БНСУ-д айлчилжээ. Мөн БНСУ-ын дөрвөн Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайд Монгол Улсад айлчилсан. Хоёр жил тутам төр засгийн тэргүүний хэмжээний айлчлал болж ирсэн байна. 2021 оны намар Монгол, Солонгосын тал дээд түвшний уулзалтыг тодорхой шалтгааны улмаас цахимаар зохион байгуулж билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Же Ин нар тэрхүү цахим уулзалтаар хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн, улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирч, хамтарсан тунхаглал гаргасан. Монгол Улс одоо АНУ, Япон, БНЭУ, БНТУ, БНСУ гэсэн таван улстай стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байна. Стратегийн түншлэл нь ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны дараа орох өндөр түвшний харилцаа юм.
БНСУ-тай стратегийн түншлэлийн түвшинд харилцахаар тохирсон нь стратегийн чухал ач холбогдолтой алхам. Монгол Улс тэнцвэртэй гадаад бодлого явуулах шаардлагатай тулгарч ирсэн. Гадаад бодлогод тэнцвэрийг хангахад гуравдагч хөршүүдийн манай гадаад харилцаанд эзлэх жин нөлөө их чухал. Тэдний жин нөлөө их болж, бэхжихийн хэрээр гадаад бодлогын тэнцвэр хангагдах учиртай юм. БНСУ нь манай гуравдагч хөрш. Бүс нутагтаа хөгжлөөрөө тэргүүлэгч төдийгүй АПЕК-ийн гишүүн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй нөлөө бүхий улс.
Сүүлийн жилүүдэд болсон өндөр, дээд хэмжээний уулзалтын үеэр хамтын ажиллагааны тодорхой асуудлууд хөндөгдөж яригдсаны нэг нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) байгуулах, ховор металлыг хамтран судлах тухай байсан.
ЭЗТХ нь бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд их ач холбогдолтой хэлэлцээр болох учиртай. ЭЗТХ байгуулж, тууштай хэрэгжүүлж чадвал бизнесийн салбарт байгаа бэрхшээлийг зохистой шийдэх, бизнесийн орчин сайжрах боломжтой юм.БНСУ нь Монгол Улсын гадаад худалдааны том түнш. Дипломат харилцаа тогтоосон 1990 онд манай хоёр орны худалдааны эргэлт ердөө хоёр сая 700 мянган ам.доллар байсан бол 2023 онд 539 сая 220 мянган ам.долларт хүрсэн. Энэ бол урьд өмнө байгаагүй дээд хэмжээ. Худалдаанд экспорт, импортын зохистой харьцаа их чухал байдаг. Гэтэл Монголын импорт экспортоос үлэмж хэмжээгээр давж ирсэн нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм.
БНСУ-ын хувийн хэвшлийнхэн 1994 оноос Монголд хөрөнгө оруулж байна. Өнгөрсөн хугацаанд орсон шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 611 сая 200 мянган ам.доллар болжээ. 2023 оны хувьд өмнөх жилүүдээс ахиу (81 сая 260 мянган ам.доллар) хөрөнгө оруулалт хийсэн жил байлаа. Хөрөнгийн дийлэнх нь уул уурхайн салбарт ногдсон. Нийт хөрөнгө оруулалтын 33.9 хувь энэ салбарт ногдож байна. Бөөний болон жижиглэнгийн худалдаа, барилга, үл хөдлөх, мэдээлэл-технологийн салбарт оруулсан хөрөнгө удаалж буй.
Аялал жуулчлалыг сэргээх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2022 онд солонгос жуулчдыг визээс чөлөөлсөн билээ. Энэ нь цагаа олсон, улс төр, эдийн засгийн үр өгөөжтэй алхам болсон. Сүүлийн хоёр жилийн статистик мэдээг харахад, 2022 онд Солонгосоос 53 мянга 282 жуулчин ирсэн нь “ковид”-ын өмнөх жилүүдийн дундаж үзүүлэлт юм. Визээс чөлөөлснөөр солонгос жуулчид 2023 онд 142 мянга болж огцом нэмэгдсэн. Өнгөрөгч 193 мянга гаруй солонгос иргэн Монголд аялжээ. Aялал жуулчлал бол манай хоёр орны xамтын ажиллагааны ирээдүйтэй салбар төдийгүй том зах зээл. Цаашид юуны өмнө, жуулчдад манай дотоодын үнэ их бодитой байх, үйлчилгээний чанар, дэд бүтцээ сайжруулах тал дээр даацтай, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай.
Хоёр орны эдийн засагт чамгүй үр өгөөжтэй байж ирсэн хамтын ажиллагаа бол монгол иргэд Солонгост хөдөлмөр эрхлэх явдал юм. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл монгол иргэдэд олгох тухай санамж бичиг 2004 онд байгуулагдаж, хөдөлмөрийн харилцаа албан ёсоор эхэлсэн. 2004-2022 онд Монголын 36 467 иргэн БНСУ-д гэрээгээр барилга, хөдөө аж ахуй, загас агнуур, хүлэмжийн аж ахуй, хүнд, жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллажээ. Энэ бол гэрээгээр ажилласан иргэдийн тоо. Хувиараа хөдөлмөр эрхэлсэн иргэд үүнээс хэдэн арав дахин олон.
Монголын хөдөлмөрийн насны иргэд гадагшаа их гарч, дотоодод ажиллах хүчний хомсдол мэдрэгдээд эхэллээ. 2024 оны статистик мэдээгээр, 2025 онд манай дотоодын хөдөлмөрийн зах зээлд 83 мянга гаруй ажиллах хүч дутагдахаар байна. Эдийн засгийн мега төслүүд хэрэгжих хэрээр ажиллах хүчний хомсдол их болох төлөв ажиглагдаж байна. Солонгосын “Эдийн засаг” сонины 2024 оны наймдугаар сарын 18-ны дугаарт “Монголын 10 хүн тутмын нэг нь Солонгост ажилласан байх жишээтэй. Монголчуудын ажилладаг гол салбар нь айл нүүлгэх, ачаа бараа зөөх. Энэ салбарт ажилладаг 4500 ажиллах хүчний 32 хувь нь монголчууд байна. Монгол иргэдийг бөөнөөр нь буцаавал энэ салбар ажиллах хүчний хомсдолд орох эрсдэлийн өмнө тулж ирнэ” гэж бичжээ. Энэ бол тодорхой салбаруудад ажиллах хүчний хомсдол зөвхөн энд төдийгүй Солонгост ч мэдрэгдэж байгаагийн нэг жишээ юм.
Эрүүл мэндийн салбарын харилцаа их өргөжлөө. Манай иргэд Солонгосын эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, онош тодруулах зэргээр олон төрлийн үйлчилгээ авч байна. Солонгосын эмнэлэг, эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажилласнаар монгол эмч нар орчин цагийн оношилгоо, эмчилгээний арга ухаанд суралцаж, элэг, бөөр зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажиллаврыг улс орон дотроо, бие даан хийдэг болсон. Эмнэлэг хоорондын солилцоогоор, хүмүүнлэгийн байгууллагын шугамаар жил бүр эмч нарын олон баг, сайн дурын үйлчилгээний баг Монголд ирж, үзлэг, эмчилгээ хийдэг уламжлал бий болсон.
Манай улс эм, эмийн бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор хангаж байна. Засгийн газар 2024 оны эцсээр зарим нэрийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгосоос импортлохоор тохиролцсон. Солонгос бол эм, тарианы үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, гарал үүсэл зэрэгт хатуу хяналт тавьдаг улс гэдгийг бид мэднэ. БНСУ нь манай улсын улс төр, нийгэм-эдийн засгийн шилжилтийг эхнээс нь тууштай дэмжсэн улсын нэг. Монгол Улс БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA: Official development assistance)-ийн сангийн хөтөлбөрүүдэд 1990 оноос хамрагдаж эхэлсэн. 1990-2021 оны хооронд Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн сангаас авч ашигласан буцалтгүй тусламж 455 сая ам.доллар болжээ. Эдийн засаг хүнд байсан шилжилтийн эхний жилүүдэд тусламжийн хөрөнгийг сургалтын компьютер, дүрс оношилгооны аппарат, түргэний машин, сурах бичиг хэвлүүлэх зэргээр боловсрол, эрүүл мэнд, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд түлхүү ашигласан.
2000-аад оны эхнээс буцалтгүй тусламжийн багц үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Тэр үеэс бид ХАЁТ-ийн хөрөнгийг техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд ашигладаг болсон. 2011 оноос хойш Монгол Улсыг ХАЁТ-ийн гол түнш орны нэгээр сонгож, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхтэй дэмжих бодлого баримталж эхлэснээр дээрх өөрчлөлт гарсан.
БНСУ нь Монгол Улсын зам, тээврийн салбарын голлох түнш улсын нэг. Монголд галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах нэгдсэн төвийн барилга барих, төвийн үйл ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Монголын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах дунд болон урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулна. Төсөл 2021 онд эхэлсэн, хойтон (2026) дуусна. 14 сая ам.долларын өртөгтэй уг төслийг Солонгосын төмөр замын корпорац хэрэгжүүлж байгаа.
Монгол Улс БНСУ-ын ХАЁТ-ийн сангаас 1992-2024 оны хооронд 20 төсөлд 780 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Зээлийн хөрөнгийг эрүүл мэндийн салбарын бааз суурийг бэхжүүлэх, орон нутагт эрчим хүчний хангамжийг сайжруулах, хот хоорондын зорчигч тээврийн парк шинэчлэл, орон нутгийн холбоо харилцааны сүлжээг шинэчлэх, төрийн холбооны хүчин чадлыг бэхжүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлийн нийгэм-эдийн засгийн чухал ач холбогдолтой төслүүдэд ашигласан. Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн томоохон объектын нэг нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа Эмчилгээ, оношилгооны төв. Энэ төв ашиглалтад орсноор манай иргэд өмнө нь гадагшаа явж авдаг байсан олон төрлийн үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдсэн. Монголын 10 аймагт эрчим хүчний эх үүсвэр (ДЦС)-ийг шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Энэ төслийг бүрэн хэрэгжүүлснээр орон нутгийн хэмжээнд цахилгаан, дулааны хангамж сайжрах бөгөөд дулааны алдагдал, агаар, орчны бохирдол буурах учиртай.
Улаанбаатар хотод “Солонго 1, 2” орон сууцын хороолол, Баянголын амaнд түрээсийн орон сууцын хороолол тус тус барьж байна. Иргэдийн орлогод нийцсэн боломжийн үнэтэй жишиг хороолол болохын хувьд давуу талтай юм. Соёл урлаг, боловсролын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа их тэлж өргөжлөө. Солонгос урлаг (кино), ахуйн соёл (үйлчилгээ, хоол), хэл Монголын нийгэмд хурдтай нэвтэрлээ. Солонгос хэлийг зохих түвшинд эзэмшсэн монгол хүн хэдэн зуун мянгаар тоологдох болжээ. 2024 оны статистик мэдээгээр, 10 мянга гаруй монгол залуу Солонгост сурч, манай дотоодод ерөнхий боловсролын 44 сургууль, 10 орчим их, дээд сургуульд солонгос хэл зааж байна.
Монголын солонгос судлал цар хүрээ, агуулгын хувьд их өргөжиж хөгжлөө. Монголын солонгос судлалд “Чингис хаан судлал” гэсэн шинэ салбар бий болж гүнзгийрэв. Монголын солонгос судлалын гол төв, хүн хүч, судалгаа ОУУБИС-д төвлөрч байна. Монголд аялах дур сонирхолтой, монгол хэл, соёл сонирхдог солонгос залуус жилээс жилд олон болж байна гэсэн таатай мэдээлэл бий. Хоёр талын Засгийн газар, ард иргэдийн хүчин зүтгэл, оролцооны үрээр 35 жилд цагийн аясыг даахуйц бат бэх харилцааны суурийг тавьж хөгжүүлжээ. Монголын ард иргэд энэ харилцаа, хамтын ажиллагааны үр шимийг хүртэж байна. Цаашид хүч бололцоогоо нэгтгэж, хамтын ажиллагааны эрчийг сааруулахгүй байх явдал чухал юм. Хамтдаа бий болгосон энэ үнэт зүйлсээ сайн тордож, авч явах явдал өнөө болон хожмын чухал зорилт байх болно.
П.Үржинлхүндэв
(Олон улсын Улаанбаатарын их сургууль (ОУУБИС)-ийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн ахлах зөвлөх, Элчин сайд)