Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Элит” хотхоны 12 дугаар байрны нэг сууцыг түрээслэн мөрийтэй тоглож байсан хүмүүст баг өмссөн, “Вепрь” буу, хутгаар зэвсэглэсэн этгээдүүд халдаж, мөрийнд тавьж байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алтыг нь дээрэмдээд зугтсан хэрэг өнгөрсөн жилийн аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө гарсан юм. Уг хэргийг “Шош” гэж нэрлэгддэг Н.Ариунгэрэл тэргүүтэй 5-6 хүн үйлдсэн.
Тэдэнд холбогдох хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шийдэлгүй өдий хүрсэн. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд нийцүүлэх гэх мэт шалтаг тоочин шүүгч нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад, яллагдагч нарыг батлан даалтад гаргажээ.
Гэтэл уг хэрэгт холбогдогчдын нэг Н.Гэлэгбаатар Хан-Уул дүүргийн нутагт хүн хутгалж, аминд нь хүрэх шахсан гэнэ. Тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст энэ хэргийг шалгаж буй бөгөөд тус хэлтсийн эх сурвалж “Олон жил шоронд сууж байсан Оюунбилэгийн Тамирыг Н.Гэлэгбаатар хутгалж шархдуулсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн жил гарсан зэвсэгт дээрмийн хэргийг нь шийдвэрлэлгүй өдий хүрч байна. Ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорилгүй, гадуур шалгаж байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн” хэмээсэн юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч зэвсэгт дээрмийн хэрэгт холбогдсон этгээдүүдийг батлан даалтаар суллахдаа хүний эрхийг хамгаалж, хангаж байна л гэж үзсэн байлгүй. Ийм ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүс жирийн иргэдэд халдаж амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулбал яах вэ гэдгийг бодолцоогүй бололтой.