“Тоёота Приус-20” маркийн машин “Ланд Круйзер-200”-тай мөргөлдөж, шатсаны улмаас дотор нь сууж явсан, гэр бүлийн долоон хүн газар дээрээ нас барсан ноцтой осол Төв аймгийн Аргалант суманд өнгөрсөн онд гарсан. Гэвч эл хэргийн буруутанд өдий хүртэл хариуцлага тооцоогүй аж. Уг ослоор охиноо алдсан иргэн Ц.Бат-Өлзий өчигдөр энэ асуудлаар АТГ-ынханд хандаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ осолтой холбоотой хэргийг жилийн хугацаанд хоёр удаа хааж, дөрвөн удаа прокурорт шилжүүллээ. Хэргийг хариуцсан мөрдөн байцаагч, прокурорууд ашиг сонирхлын зөрчилд автсан байж болзошгүй гэх эргэлзээ, сэжиг төрүүлэхүйц олон зүйл байна. Нийслэлийн Цагдаагийн газрын III хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Ууганцэцэг гэхэд л есөн иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, амиа алдсан хүмүүсийн цогцсыг холбогдох мэргэжилтнүүдээр шинжлүүлж, дүгнэлт гаргуулан, хохирогчидтой холбоотой бүх төрлийн бүртгэл, лавлагааг бүрдүүлсэн атлаа түүнийгээ хэрэгт хавсаргаагүй. Түүнчлэн осол гарсан хэсэг дэх камерыг яаравчлан шалгуулаагүйгээс тухайн өдрийн бичлэг олдоогүй. Долоон хүний эрдэнэт амь үрэгдсэн энэ хэрэгт хууль хяналтын байгууллагынхан хайнга хандаж байна” гэж ярьсан юм. Хэргийн газрын үзлэгийн зураг ч мөрдөн байцаалтын явцад алга болсон гэдгийг тэрбээр онцлов. Хэргийг илрүүлэхэд саад учруулж, удаашруулан, ажлаа хангалттай хийхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцуулах хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээ ч Ц.Бат-Өлзий хэллээ. Уг ослыг нүдээр үзэж, гар утсаараа бичлэг хийсэн хэд хэдэн хүн бий гэнэ. Осол гаргасан жолоочийн бурууг тогтооход тэднийг туслахыг хохирогчийн гэр бүлийнхэн хүслээ.