“Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дарь-Эхийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин нас барсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан юм. Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А ил харагдах гэмтэл шархгүй амиа алдсаныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд хэргийн газрын үзлэг хийхдээ тодорхойлсон ч хамт байсан гурван залууг нь холбогдуулан шалгаж эхэлсэн.
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь илэрснээс гадна хүчирхийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Харин зодуулж нас барсан гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр батлагдаагүй гэнэ.
Талийгаач 13 настай охинтой хамт байсан 19-20 настай гурван залууд бусдыг хүчирхийлсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үндэслэлээр хэрэг үүсгэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.