Аливаа хэрэгт холбогдон гэм буруугаа тогтоолгох гэж байгаа хүмүүс мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээчихээд шүүхээр хэлэлцүүлэх үед “Мөрдөн байцаагч надад эрүү шүүлт тулгаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн. Би буруугүй” хэмээн мөрдөн байцаах чиг үүрэгтэй байгууллагын ажилтнуудыг буруутгадаг. Ийн яригчдын олонхынх нь үгийг шүүх бүрэлдэхүүн хэрэгсдэггүй.
Учир нь хэрэгт холбогдогчид өмгөөлөгчийн хамт байцаан шийтгэх ажиллагаанд оролцчихоод мөрдөгчдийг гүтгэсэн байдаг. Гэхдээ мөрдөн байцаагч, цагдаагийнхан эрүүдэн шүүх явдал гаргадаг уу гэвэл, тийм. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн ийм нэг хэргийн хавтсыг сөхье. Монгол Улсын Эрүүгийн хуулиар бус, нэгдэн орсон Олон улсын конвенцыг баримтлан шүүх шийдвэрээ гаргасан нь анхаарал татсан юм.
ЦОГТ-ОВООГИЙНХНЫГ ЦОЧИРДУУЛСАН ЗАЛУУС
2016 оны гуравдугаар сарын 26-ны бямба гариг. Амралтын өдөр байсан учраас Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Э.Өнөболд сумаас холгүй орших айлаас идэш залгуулахаар зорьжээ. Гэвч мал нь бэлчээрт гарсан учир явсан ажил нь бүтсэнгүй. Сумын төвөөс зорьж ирсэн хүнийг ганзага хоосон буцаах болсондоо ч тэр үү, зочноо дайлах монгол уламжлал ч нөлөөлсөн үү, гэрийн эзэн хугас литр шимийн архи халаан дайлжээ.
Нэлээд халамцсан төлөөлөгч унаагаа хөлөглөн сумын төвийг зорьж, гэртээ ормогцоо унтаад өгөв. Хэдий болтол унтсаныг бүү мэд, гаднаас удирдлага доор нь ажилладаг цагдаа Д.Цогнэмэх орж ирээд “Дундговийн Цагдаагийн газраас Хатанбаатар гэдэг мөрдөн байцаагч утсаар холбогдоод, “Энд хуурамч алт зарсан хоёр хүн “Тоёота Приус” маркийн 72-07 УНД дугаартай машинтай танай аймгийн чиглэлд явжээ. Саатуулан шалгаж өгөөч” гэлээ.
Таны утас холбогдохгүй байна гэнэ” хэмээн сэрээжээ. Өмнөговийн хамгийн хойд, засмал зам дагуух сум учраас Дундговиос ирсэн машин түүгээр дайрахгүй өнгөрнө гэж үгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргийнхээ дагуу дээрх мэдээллийн мөрөөр уг машиныг ирвэл саатуулан шалгах үүрэг цагдаадаа Э.Өнөболд өгөв.
Цагдаа Д.Цогнэмэх, олон нийтийн цагдаа н.Сэлэнгэ нар хэсгийн төлөөлөгчийн өгсөн тушаалын дагуу шалгалт хийж байтал удсан ч үгүй 72-07 УНД дугаартай ногоон “Приус” хүрээд ирж. Иргэн Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарын нэг нь жолоодож, нөгөө нь дэргэд сууж явсан бөгөөд цагдаа тэднийг зогсооход “Цогтцэцийгээс хот руу явж байна, юу болсон бэ” гэв. Хариуд нь Д.Цогнэмэх “Та нарыг түр саатуулж асууж тодруулах зүйл байна, хамт манай ажил руу явна уу” гээд цагдаагийн хэсгийн байрандаа авчирчээ.
Тэднийг саатуулан авчирсан тухайгаа Э.Өнөболдод илтгэхэд тэрбээр ажлын байрандаа ороод Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарт хандаж “Хуурамч алт яагаад зараад байгаа юм, та хоёрыг мэдэж байна” гэв. Саатуулагдсан хоёр эр “Хуурамч юм зараагүй” хэмээхэд дэслэгч Э.Өнөболд “Дундговь аймгаас та хоёрыг эрэн сурвалжилж байна, худлаа яриад бай” гэтэл нэг нь халааснаасаа жижиг ууттай дуураймал алт гарган иржээ.
Түүнийгээ “Нарантуул” захаас хүнээс авсан хэмээн тайлбарласан аж. Нарийвчилсан үзлэг машинд нь хийхэд гишгүүр доороосоо багагүй хэмжээний хуурамч алт гаргаад ирэв. Цагдаагийн хэсгийн байрныхаа гадаа машиныг нь авчиртал ойролцоох дэлгүүрийн худалдагч эмэгтэй “Наадуул чинь хуурамч алт зарна гээд явж байсан” гэсэн мэдээлэл цагдаа нарт өгчээ.
Ийм мэдээлэл авсан хэсгийн төлөөлөгч Э.Өнөболд архины халуун ч нэрмээс болсон уу, Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарт хатуурхаж эхэлжээ. Улмаар хувцсыг нь тайлуулан өрөөндөө гавласан байна. Энэ үед ахлагч Д.Цогнэмэх “Ингэж болохгүй шүү дээ” хэмээхэд “Чи миний доод албан тушаалтан, би чиний удирдах албан тушаалтан. Чи миний хий гэснийг хийх ёстой” хэмээн агсарсан байна.
Улмаар саатуулагдсан хоёр эрийг алгадаж, өшиглөжээ. Ц.Батдэлгэрийг бие засах хүсэлт тавихад нь нүцгэнээр нь дагуулан гарч, “Нохой явдлаар яв” хэмээн дөрвөн хөллүүлж мөлхүүлэхдээ “шороо долоо”, “чулуу амандаа зуу”, “гутлаа долоо” гэж долоолгон, зуулгасаар байрандаа оруулжээ. Өрөөндөө ормогцоо Ё.Даваажанцанг балбаж эхэлсэн байна. Дараа нь тэднийг гудамжинд гаргаж нүцгэнээр нь гавлаж орхижээ.
Энэ өдөр тус сумын Соёлын төвд иргэд шагай харваж амралтын өдрөө өнгөрөөж байсан бөгөөд тийшээгээ очихоор явж байсан эхнэр, нөхөр хоёр цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн үүдэнд хоёр нүцгэн хүн гавлуулан зодуулж байхыг харан, эхнэр нь “Ямар эвгүй юм бэ, хурдан яв” гэж нөхрөө шавдуулан шагайчид руу оржээ.
Соёлын төвд ормогцоо учир байдлыг сумын Засаг даргад хэлж. Засаг дарга н.Төгсбаатар ч шуурхайлан гарч, шагай харваж байсан иргэд ч цонх, хаалгаар цагдаагийн хэсгийн байр руу зэрэг нүд бэлчээв. Ийнхүү Цогт-Овоо сумынхныг согтуу хэсгийн төлөөлөгч залуу, хуурамч алт зарахыг завдсан нүцгэн хоёр эр балмагдуулан цочирдуулжээ.
ДУНДГОВИЙН ЦАГДААД ШИЛЖҮҮЛЭХ ХҮРТЛЭЭ БАЛБАЖЭЭ
Сумын Засаг дарга н.Төгсбаатар хэсгийн төлөөлөгчөө ийн авирлаж байхад нь очоод “Юу болоод байгаа юм бэ. Наад хүмүүсийнхээ хувцсыг өмсүүл. Ингэж болохгүй” гэж. Дэслэгч Э.Өнөболд үгэнд нь орж, зодож цохихоо болиод, гавыг нь тайлан, Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нар ч хувцсаа өмсөж байв. Энэ үед Засаг дарга ч гараад явлаа. Гэтэл хэсгийн төлөөлөгч хувцсыг нь дахин тайлуулан нүцгэнээр нь төмөр хашаанаас гавлаад байрандаа оржээ.
Энэ тухай Ц.Батдэлгэр “Намайг дөрвөн хөллүүлэн шороо долоолгож, чулуу, тоосгоны хэлтэрхий аманд зуулган байрандаа орсны дараа Ё.Даваажанцанг дагуулж нэг өрөөнд оруулан зодож байгаад гарч ирсэн. Тэгээд намайг өшиглөн зодож байтал тус сумын Засаг дарга нь орж ирээд “Юу болж байгаа юм бэ, одоо наад хүмүүсийнхээ хувцсыг нь өмсүүл” гэсэн.
Засаг дарга нь гарч явсны дараа дэслэгч Э.Өнөболд бидний хувцсыг тайлуулж, чармай нүцгэлээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын төмөр хашаанаас гавласан. 30-40 минутын дараа Засаг дарга нь дахиж ирээд “Наад хүмүүсээ ингэхээ боль, ажлаа хууль, журмын дагуу хий, сумын иргэд надад энэ явдлын чинь тухай мэдээлэл ирүүлээд байна. Фэйсбүүкт тавигдсан байна гэнэ” гэснээр цагдаа нь биднийг оруулж хувцас өмсүүлсэн” гэж мэдүүлжээ.
Харин Ё.Даваажанцан “Би Дундговь аймгийн Цагдаагийн газарт Ц.Батдэлгэрийн хамт шалгуулж байхдаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв орж, хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцахаар болсон. Энэ үед тус сумын цагдаа биднийг саатуулж, цагдаагийн хэсэг рүү авч явсан. Тэнд очиход дэслэгч Э.Өнөболд согтуу, энгийн хувцастай байсан.
“Хоёр муу хулгайч орон нутаг бузарлаад, юу хийгээд байгаа юм” гэж хэлээд миний толгой, дагз, шанаа руу олон удаа цохисон. Мөн гуя руу өшиглөсөн. Биднийг нүцгэлэн зодох үед хэсгийн цагдаа нь болон дүү нь “Одоо боль” гэхэд Өнөболд “Та нарт хамаагүй шүү п... нар минь” гэж хараан зодсон” хэмээн мэдүүлэг өгчээ.
Хаврын өдөр ч өнгөрч, ийнхүү хэсгийн төлөөлөгчийн хэрцгий авир дор хуурамч алт авч явсан хоёр эрийн хулхи буугаад байтал 23.00 цагийн үед Дундговийн Цагдаагийн газраас хоёр хүн сэжигтнүүдийг авахаар ирэв. Дэслэгч Э.Өнөболд саатуулагдсан хоёр хүнийг “Та хоёр ялтан суудлаар суу” гэж суулгаад цээж рүү нь өшиглөн унагаж, дэвсэлжээ.
Улмаар “Гараар цохихоор гар минь өвдөөд байна. Цахилгаан бороохой аваад ир” гэж цагдаадаа үүрэгдэв. Д.Цогнэмэх “Байхгүй” гэтэл нулимс асгаруулагч хий гарган ирж, “Нүдээ том нээ” хэмээн тушааж, саатуулагдсан эрс рүү цацсан аж.
Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарыг Дундговийн Цагдаагийн газарт шилжүүлж, улмаар бусдыг залилан мэхэлсэн хэрэгт шалгах болсон бөгөөд сэжигтэн хоёр эр ч Цогт-Овоогийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Э.Өнөболдын эсрэг гэмдол гаргажээ.
ТАНХАЙРСАН ГЭЖ ПРОКУРОР БУРУУТГАСАН Ч ШҮҮХ ЭРҮҮ ШҮҮЛТ ГЭЖ ҮЗЭВ
ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн дэслэгч Э.Өнөболдыг эрүүгийн хэрэгт буруутган шалгаж, УЕПГ-аас тогтоосон харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах хяналт тавин яллах дүгнэлт үйлджээ. Э.Өнөболдыг прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар “Зэвсгийн чанартай зүйл ашиглан танхайрсан” гэж буруутган шүүхэд шилжүүлсэн аж.
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сард энэ хэргийг хэлэлцээд хавтаст хэргийн болон шүүхийн хэлэлцүүлгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Өнөболд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлан танхайрсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс илүүтэй, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдож байна.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөөр болов. Э.Өнөболд цагдаагийн алба хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 27.1.5 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн тухай мэдээллийг хойшлуулшгүй шалгах эрх бүхий этгээд. Түүний хашиж буй албан тушаал нь хэрэг бүртгэх эрх бүхий этгээд байх тул Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектэд хамаарч байна.
Шүүгдэгч Э.Өнөболд нь хэрэг бүртгэх эрх бүхий этгээдийн хувьд хохирогч нарт хүч хэрэглэн заналхийлж, тарчлаан зовоох, тохуурхан даажигнах зэргээр хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадсан үйлдэл хийж, эрүү шүүлт тулгасан болох нь тогтоогдож байна. Э.Өнөболдын үйлдэл нь танхайрсан гэмт хэргээс илүүтэйгээр Үндсэн хуулиар хамгаалдсан хүний эрх, эрх чөлөө, тухайлбал Үндсэн хуулийн 16.13 дахь хэсэгт заасан “Хэнд ч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна” хэмээн дүгнэжээ.
Ингээд цагдаагийн байгууллагад хэсгийн төлөөлөгчийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурав жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм. Улмаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг нь хоёр жил тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.
Гэвч Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд шийдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар Э.Өнөболдод гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял оноов. Дээд шүүх хэргийг хянаад шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны байх” шаардлага хангаагүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх Э.Өнөболдыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж дүгнэхдээ нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн холбогдож байгаа талаар Олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэжээ.
Үндсэн хуулийн 10.1 дэх хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Олон Улсын гэрээний тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байхад хэрэг маргааныг шийдэхдээ хууль тогтоомжийн эрэмбэ, түүнийг хэрэглэх үндсэн зарчмын дагуу дотоодын хууль тогтоомж нь олон улсын гэрээний заалттай зөрчилдөж байгаа, эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.
1984 оны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-од “Эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж эрүүдэн шүүлт явуулах субъектэд хэн хамаарч болох талаар өргөн агуулгаар тусгажээ.
Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд уг гэмт хэргийн субъект нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэж дээрх конвенцын заалтыг явцууруулан зохицуулсан тул олон улсын гэрээ, конвенцын заалт, түүний ойлголтыг энэхүү хэрэгт баримтлах үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172.4 дэх хэсэгт заасан субъектээр хязгаарлалгүйгээр тухайн харилцааг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн тайлбарлан хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх хууль зүйн үндэслэл болно” гэж Дээд шүүхийн шүүгчид үзээд Э.Өнөболдыг эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 251.1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагчаар ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жил дөрвөн сар хорих ялаар шийтгэхээр эцэслэн шийдэв.