МЭАЦТЛ-ийн хашаан дахь сэг зэм шатаах зуух
Монгол Улсын баялаг болсон мал ахуйн салбарыг эрчимжүүлж, малын чанар, түүнээс авах ашгийг нэмэгдүүлэхээр УИХ 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр баталж байв. Эл хөтөлбөрт малын халдварт өвчний дэгдэлтийг зогсоохоор тусгаж, гадаад улсаас дэвшилт тоног төхөөрөмж оруулж ирэх ажил 2011 оноос эрчимжжээ. Тэр дунд хэрэгцээгүй төхөөрөмж цөөнгүйг оруулж ирсний нэг нь мал эмнэлгийн хог хаягдал, сэг зэм шатааж устгах зуух.
Эл зуухыг 2013 онд улсын төсвөөс 598.5 сая төгрөг гарган Английн “Inciner8” гэх компаниас худалдаж авчээ. Авчирснаасаа хойш нэг ч удаа ажиллуулж үзээгүй энэ зуух өдгөө Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (МЭАЦТЛ)-ийн хашаанд “тавилга” мэт хадгалагдаж байна. Зуухыг авчирсан онд гоц халдварт шүлхий өвчин олон суманд дэгдэж, 3000 гаруй үхэр устгах шаардлага гарсан юм.
Нэг үхэр шатаахад 6-8 цаг зарцуулдаг, ингэхдээ цагт 15 литр шатахуун зарцуулдаг учир тухайн үед зуухыг ашиглаагүй гэдгийг албаныхан хэлэв.
Урсгал зардал өндөртэй, манай улсад ашиглахад тохиромжгүй уг зуухыг 2014 оны хоёрдугаар сард тус лабораторид шилжүүлсэн байна. Шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд гаргажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2013 онд салбарын яам уг зуухыг оруулж ирсэн бөгөөд ашиглах боломжгүйг нь мэдээд ийн шилжүүлсэн гэнэ. Зуухыг зөөх зориулалттай чиргүүлийн чадлаас үүнийг харж болох аж. “Батсээр” компанийнхан чиргүүлийг ОХУ-аас 22.8 сая төгрөгөөр оруулж иржээ. Ингээд зуухыг МЭАЦТЛ-д аваачсаны дараахан дугуйнууд нь хагарсан гэнэ.
...Орчин үеийн энэ төрлийн зуух маш дэвшилтэй болсон, ажиллуулахад ч хялбар. Үнэ нь ч хямд. Гэтэл манайд оруулж ирсэн зуух ажиллуулахад хэцүү. Ямар ч судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр авсны гор энэ. Энэ зуух үхрийг бүхэлд нь үнс болгодог. Тос, яс удаан шатдаг учир урсгал зардал их гарах нь ойлгомжтой. Зуухны бүтцийг өөрчлөх ямар ч боломжгүй. Тиймээс хог гэж ойлгож болно...
“Манай лабораторид ашиглаж буй бүх тоног төхөөрөмж Мал эмнэлэг, үржлийн газраас шилжиж ирсэн байдаг. Эл зуух ч ийм замаар ирсэн. Өнгөрсөн хавар ХХААХҮ-ийн сайд тушаал гаргаж, ашиглахгүй байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт гаргах үүрэг өгсөн. Ингээд судлахад ашиглах боломжгүй нэлээд олон тоног төхөөрөмж байсан. Тэднийг хэрэгцээтэй байгууллагад нь шилжүүлнэ” гэж МЭАЦТЛ-ийн эх сурвалж ярив.
Зуухыг ашиглахын тулд шинэ чиргүүл, өргөгч машин авах зэргээр багагүй зардал гаргах учраас тус лабораторийнхон шилжүүлэх талаар ярьж эхэлжээ. Өвчний голомтод ажилладаг Онцгой байдал болон Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэж өгвөл зуух байнгын ажиллагаатай байх магадлалтай гэж таамаглаад, ийм газарт шилжүүлэх талаар салбарын яаманд албан бичиг хүргүүлж буй гэнэ.
Эсвэл хотын захиргаатай хамтран хогийн цэгт байрлуулаад, тэндээ мал амьтны гаралтай болон аюултай хог хаягдлыг шатаах байдлаар ашиглах өөр арга бий гэдгийг ч онцоллоо.
Харамсалтай нь, эл зуухыг ашиглах боломжгүй гэдгийг зарим эх сурвалж хэлэв. Урсгал зардлыг нь бууруулах боломжгүй учраас тэр аж. Монголын эрдэмтэд хамтран гарц хайхаар ажилласан ч зуухны бүтцээс болоод уг санаачилга саатжээ. “Орчин үеийн энэ төрлийн зуух маш дэвшилтэй болсон, ажиллуулахад ч хялбар.
Үнэ нь ч хямд. Гэтэл манайд оруулж ирсэн зуух ажиллуулахад хэцүү. Ямар ч судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр авсны гор энэ. Энэ зуух үхрийг бүхэлд нь үнс болгодог. Тос, яс удаан шатдаг учир урсгал зардал өндөр гарах нь ойлгомжтой. Зуухны бүтцийг өөрчлөх ямар ч боломжгүй. Тиймээс хог гэж ойлгож болно” хэмээн ажиллуулах боломжгүй талаар хэд хэдэн хүн тайлбарласан юм.
ХХААХҮЯ-ныхан мал эмнэлгийн хог хаягдал, сэг зэм шатааж устгах зуух нэмж авахаар саяхнаас төлөвлөн, судалгаа хийж эхэлсэн сурагтай. Тэд Чех, Герман, Болгар улсад үйлдвэрлэсэн зуухыг судалж эхэлсэн аж. Ялангуяа Болгарт үйлдвэрлэсэн зуухнаас авах сонирхолтой байгаа аж. Тэр зуух нь ажиллуулахад хялбар, нэг дор 10-20 мал шатаах бололцоотой бөгөөд сэг зэмийн ясыг үнс, өөх, махыг нь тос болгодог гэнэ. Түүгээр нь бүтээгдэхүүн хийх бүрэн боломжтой ажээ.
“Монгол мал” үндэсний хөтөлбөр гол онцлог нь хувьчлагдсан мал эмнэлгүүдийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Мал эмнэлэг, үржлийн газрын харьяа тасгуудыг сумдад нээсэн явдал байв. Тасаг бүр боловсон хүчний 3-5 орон тоотой бөгөөд тэд малын үржлийг сайжруулж, малаас авах түүхий эдийг нэмэгдүүлэхэд анхаарах учиртай. Гэвч эл хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байсаар. Сумдад ажиллаж буй өнөөх мэргэжилтнүүд ажил хийгээгүй хэрнээ улсаас цалин авч буй.
Өөрөөр хэлбэл, “Монгол мал” хөтөлбөр гэж сул орон тоо нэмж, хэрэгцээгүй тоног төхөөрөмж авснаас өөр гавьтай ажил хийсэнгүй. Оруулж ирэх зуух нь одоогийнхоос дээрдэхгүй бол цаашид эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай, эсэх нь эргэлзээтэй болох нь.
Татвар төлөгчдийн улсдаа тушаасан мөнгө хэрэгцээгүй тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн халаасыг түнтийлгэж, хог болсон тоног төхөөрөмжүүд тоос шороонд дарагдан хураагдсан эд хөрөнгийн тоог нэмсээр. Сэг зэм устгах энэ зуух дээрхийн жишээ. Эл зуухыг төмрийн хаягдал авдаг газарт тушаахаас өөр зам үлдээгүй бололтой.