Энэ жил улсын хэмжээнд нийт 177.5 мянган малчин өрхийн 66 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарсан. Зуншлага тааруу байгаагаас 9.2 сая малыг өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжүүлж, хаваржуулах саналаа орон нутгаас ХХААХҮЯ-нд ирүүлсэн боловч тэгэх ямар ч боломжгүй гэнэ.
Бэлчээрийн даацаа бодсон ч, одоогийн мал эмнэлгийн хүчин чадал, орон нутгийн хяналт шалгалт, зохион байгуулалтаа бодсон ч тэр, манай улсад есөн сая малыг нааш цааш хөлөөр нь тууж, отор хийх боломж үнэндээ байхгүй. Энэ жил зуншлага сайн байгаа тул отроор мал өвөлжүүлж, хаваржуулах хамгийн боломжит нутаг нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн зүүн гурван аймаг. Гэтэл тэндхийн олон суманд малын гоц халдварт шүлхий, цэцэг гэх мэт өвчний голомттой тул “эрүүл бүс” гэгдээд буй үлдсэн хэсэгхэн газарт дээд тал нь 1.5 сая мал л отроор оруулах боломжтой гэж Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг хэлсэн. Энэ нь олон жилийн дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт юм байна.
Илт зуд турхан нүүрлэж, цаг хэцүүдсэн жил л хамгийн ихдээ хоёр сая малаа өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжүүлж, хаваржуулдаг аж. Түүнээс биш ердийн үед бол манай улс 450-650 орчим мянган малыг өөр аймаг, сумын нутагт оторлуулдаг байна. Тэгэхээр одоо үлдсэн долоон сая гаруй малаа яах билээ гэсэн асуулт гарч ирнэ. Бидний мууг мэдсэн юм шиг тэнгэр хангай хожуу ч гэсэн ивээж, энэ сарын дундаас эхлэн нийт нутгаар орсон хур бороо газрын өнгийг засаж амжив.
Тэр дундаа Архангай, Өвөрхангай, Төв болон говийн зарим аймагт зуншлага сайжирсан тул өөр тийшээ отор нүүдлээр явалгүй, орон нутагтаа зохицуулалт хийж, өвөл, хаврыг давах зөвлөмж өгчээ. Гэхдээ тэгэх ямар ч боломжгүй хэсгийнхнийг бол отор нүүдэл хийх эрхийг нь шууд хааж боохгүй гэлээ. Хамгийн гол нь малчид тус тусын орон нутагтаа малаа урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамруулахын зэрэгцээ отор нүүдлийн явц дахь хяналтын цэгийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа аж.
Ган, зуд нүүрлэсэн жил отрын бүс нутагт олон тооны мал оруулахад багагүй асуудал босож ирдэг. Ялангуяа, өнөө жилийнх шиг малын гоц халдварт өвчин хаа сайгүй дэгдсэн нөхцөлд бүр ч ярвигтай. Одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь болон Улаанбаатар хотод шүлхий, баруун таван аймагт мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Тиймээс Өвөрхангай, Төв, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг 13 аймгийн 164 сум буюу эрүүл бүсэд аж төрж буй малчдыг малаа заавал зүүн аймгууд руу отроор оруулах гэж яарахгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байна.
“Үнэхээр гарцаагүй нөхцөл байдалд орвол урьдчилж гэрээгээ байгуулаад, орон нутагтаа малаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, “Манай сумаас тэр гэдэг малчны төдөн толгой, эрүүл мал хөдөллөө шүү” гэсэн бичиг, тэмдэгтэй нүүх ёстой. Нөгөө хүлээж авах орон нутгийн мэргэжилтнүүд ч хяналт шалгалт, үзлэг шинжилгээгээ яс хийгээд, өвөлжих газрыг нь зааж өгөх учиртай юм.
Отор нүүдлийн зам зуурт халдварт өвчин тусахгүй байх талаас нь мөн хаана хаанаа анхаарах зохицуулалт хийж байна. Хамгийн гол нь манай малчид өөрсдөө тун хариуцлагатай байх хэрэгтэй” хэмээн Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг ярилаа.
Одоогоор манай улсад Архангай аймгийн Тариат, Өвөрхангайн Нарийнтээл, Төв аймгийн Лүн зэрэг дөрвөн газарт малын гоц халдварт өвчний хорио цээрийн хяналтын дөрөвхөн цэг байдаг аж. Энэ жил нөхцөл байдал илүү ярвигтай байгаа тул Засгийн газраас үүн дээр нэмээд, отрын бүсийн зам зуурын гол гол уулзварт 13 пост шинээр ажиллуулахаар тогтжээ. Тухайлбал, зүүн гурван аймгийн зааг дээрх авто замын уулзварт Хэнтий, Дорнод, Сүхбаатараас хамтарсан мэргэжлийн баг гаргах гэнэ.
Есдүгээр сарын 15-наас ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд зам зуурын хяналтын 13 цэгт ажиллах 82 хүний томилолт, байрлах байр, хоол, хөдөлгөөнт эргүүлийн унааны зардлыг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэхэд бэлэн болжээ. Мөн улсын тусгай хэрэгцээнд одоо ашиглаж буй аймаг дундын отрын есөн бүс нутагт аж төрж байгаа малчидтай хэл амаа ололцож, нүүлгэн шилжүүлэх, бэлчээр чөлөөлөх түвэгтэй ажлыг өнөө жил овоо дориун ахиулсан тухайгаа ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар хэлсэн. Энэ мэтээр төр, засгийн түвшинд тодорхой ажлууд хийж байгаа аж. Харин одоо малчдаас хариуцлага нэхэх нь зүйтэй.
Малаа үзлэг шинжилгээнд оруулж, эрүүл мэндийн бичиг аваагүй малчин өрхүүдийг отрын бүсэд нэвтрүүлэхгүй гэдгийг долдугаар сараас хойш анхааруулсаар буй. Малчин хүн малаа эрүүлжүүлэлгүй отор нүүдэл хийж яваад гоц халдварт өвчин тараасан бол гарсан бүх хохирлыг тухайн этгээд хариуцах заалтыг бодитоор хэрэгжүүлнэ гэж “далайлгасан”. Өөрөөр хэлбэл, орон нутагтаа ч мэдэгдэлгүй, дураараа хаа нэг газар очоод, өвөлжчихдөг хөг ер нь өнгөрөх тийшээ ханджээ гэдэг нь эндээс ойлгогдоно байх.
“Урьд нь болоод байсан юм чинь яав л гэж” гээд баахан явдал чирэгдэл болж нэг газар очдог, нөгөө орон нутгийнхан нь хүлээж авдаггүй, хээр хэдэн арав хоносон тохиолдол өнгөрсөн жил гарчээ. Бас дур мэдэн отор хийж яваад, нүүдлийн замд суурь мал нь халдварт өвчин тусаж, хүний нутагт буянт сүргээ хуугаар нь устгуулах дээрээ тулсан тохиолдол ч бишгүй гэнэ. Тиймээс орон нутагтаа заавал мэдэгдэж, малдаа ариутгал халдваргүйтгэл хийлгэн, угаалга туулганд хамруулж, өрхийн эрүүл мэндийн дэвтрээ авч явах хэрэгтэйг онцгой анхаараасай билээ.
Нөгөөтэйгүүр, ХХААХҮ-ийн сайд есдүгээр сараас эхлээд аймгуудын Засаг дарга нарт “Тийм тийм бүс нутагт энэ жил гоц халдварт өвчин дэгдсэн учраас тэр аймаг, сумын малыг тийш нь отроор оруулж болохгүй” гэсэн зөвлөмж хүргүүлдэг ч үүнийг тэр бүр ажил хэрэг болгодог орон нутгийн удирдлага цөөн байдгийг О.Амгаланбаатар дарга онцолсон.
“Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Говьсүмбэр аймгийн Малахын отрын бэлчээрийн бүс нутагт Төв аймгийн Баяндэлгэр, Сэргэлэн, Баянжаргалан, Баянцагаан сумаас мал оруулж өвөлжүүлэх боломжгүй” хэмээн есдүгээр сард Засаг даргад нь мэдэгдээд байхад л орон нутгийн малчдадаа энэ мэдээллийг сайн хүргээгүйн улмаас өнгөрсөн жил хоёр ч айл хөхөө өвлийн хүйтэнд Хэрлэнгийн гүүрэн дээр 14 хоносон гэнэ. Тэгэхээр малчдаас гадна орон нутгийн удирдлагууд бас сайтар хариуцлагатай байх шаардлага тулгарч байна.
Цаашлаад энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага ч бий гэнэ. Одоогоор аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах ганц журам л үйлчилж байгаа учраас хэт даварсан малчид, хариуцлагагүй, сэтгэлгүй загнасан орон нутгийн удирдлагуудад төр төмөр нүүрээ үзүүлэх боломж байдаггүй аж.
Тиймээс Аймаг дундын отрын бэлчээрийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулаад буй гэнэ. Экологийн тэнцвэр алдагдаж, хангай дэлхий хүртэл цаанаасаа хавчаад байхад бид ядаж хариуцлагын тухай ярих нь зүйн хэрэг билээ.