Алдархаан сумын Өгөөмөр багийн нутагт орших Борх хайрхан
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн уянгын бороотой, долгилон урсах Богдын голын уяхан шивнээтэй, Доной баян долоон түмэн адуугаа хураан байж бүрэн, эсэхийг нь мэддэг байсан гэлцдэг уудам хөндийтэй, алдартнуудын өлгий Алдархаан суманд мэндэлж, орчлонгийн тоосыг хөдөлгөөд 25 оныг элээжээ, би. Сумаа алдартнуудын өлгий хэмээн тодотгосон нь учиртай. Зөвхөн спортын салбараас л гэхэд “Олимпын өвөө” хэмээн олноо хүндлэгдсэн Ш.Магван гуай, Соёлын гавьяат зүтгэлтэн Ото ах (Ж.Отгонцагаан), шатрын спортоос мэндэлсэн анхны Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн тэргүүтэй аваргууд манай сумынх. Үүний сацуу Монголын яруу найрагт өнөө ч тодоос тод гэрэлтэн, Дорнын их найрагч хэмээн ард олноороо цоллуулсан Б.Явуухулан, Монгол Улсын баатар, армийн генерал Б.Дорж гээд дурдаад байвал цаг, цаас нэлээд орно.
Алдархаан сум “Домог түүхийн өлгий” гэдэг сайхан дуутай. Нутгаас төрсөн дуучин Д.Пэрэнлэйлхагвын амилуулсан эл уран бүтээлийг дүрсжүүлсэн нь саяхан зурагтаар гарлаа.
Өгөөмөр багийн нутагт орших Б.Явуухулангийн мэндэлсэн Хүүшийн өвөлжөө, Мандаат хайрхан, Өндөр цагаан хайрхан, Баян булаг, Зүүн цагаан дэрс, Борхын гол гээд бичиж суухад хүртэл бие, сэтгэлийг минь эзэмдэх нутагтай минь “уулзуулав”. Зах хязгааргүй мэт үргэлжлэх Бор хярын элсэн манхан дундаас тэнгэр өөд тэмүүлсэн Өндөр цагаан хайрхан минь хамгийн түрүүнд нүднээ туслаа. Дэлхий дэлэгнэсэн дэлгэр сайхан зун шувтрах дөхөж, хүмүүний заяаг онож төрсөн нутагтай бүхэн хөлтэй нь хөлхөн, хөлгүй нь мөлхөөд ч болтугай газрын диваажингаа зорьж буй болоод ч тэр үү “Нутаг руугаа хэзээ явах вэ” гэж олон хүн надаас асуув даа. Даанч би хүлгийн жолоо залж чадсангүй. Өмөлзөж харамлам Өндөр цагаан хайрхан минь хүүгээ харуулдаж суугаа даа. Хайрхны минь зүүн талд Их хүнхрийн бууц бий. Тэнд өвөөгийнх өвөлждөг байсан сан. Одоо ч манай ах, дүү нар өвөлжиж, өвгөдийнхөө голомтыг сахин суугаа. Намайг тэнтэр тунтар алхаж, “Аав аа, ээж ээ” хэмээн шулганан хэлд ороход л манайх тэнд нутаглаж, адуу малаа хариулан, аараг толгодоо дамжиж нүүдэллэн амьдарч байсан. Зөвхөн манайх бус, удмынхан маань хэдэн үеэрээ нутаглан, аж төрсөн хүй цөглөсөн нутаг минь Их хүнхрийн бууц билээ.
...Манай удмынхны төдийгүй алдархаанчуудын бас нэгэн бахархал бол Хорин хоёрынхон. Элэнц өвөө Ж.Готов, эмээ Н.Пагма нар минь 22 хүүхэд (19 эрэгтэй, гурван эмэгтэй) төрүүлж, өсгөсөн буянтан. Би дөрөв дэх үеийнх нь “мөчир”...
Намрын хяруу унаж, уул толгод цагаан дахаа нөмрөхөд манайх Өндөр цагаан хайрхны өвөлжөө рүүгээ нүүдэг байлаа. Алдархаан, Ца гаан хайрхан сумын заагт орших нутагт минь хөмүүл, агь, таана гээд говийн чимэг болсон ургамал бүхэн бий. Тийм том элсэн манхнуудын дунд байдаг мөртлөө Өндөр цагаан хайрхны тэрүүхэнд ёстой л хонь хариулж ханамгүй талбиун бэлчээртэй. Хэчнээн хүйтэрч, жавар тачигнасан ч гэрийн яндангаар савсах утаа амгалан гэгч нь эгц өөдөө суунагладаг нөмөртэй хайрхан минь өвөртөө өтгөн бууцтай, өөлөхийн аргагүй нямбайлан барьсан өвөлжөөтэй. Зуд турхан болж, хаа сайгүй зутарч байхад ч хайрхан минь ханагар өвөртөө биднийг бөөцийлж, хавирга нэвт сүлбэм жавраас халхалсаар урин дулаан цагтай золгуулдаг сан. Ер нь Бор хярын элсэнд зуд болж, хэн нэгэн хотоо харлуулж байхыг би лав үзээгүй, тэгсэн гэж сонсож ч байгаагүй.
Бор хярын элсийг залгаад Борхын гол, Зүүн цагаан дэрс бий. Чацаргана битүү ургасан өтгөн шугуйтай, хужир мараа их, хараа цуцам уудам талтай. Зүүн цагаан дэрснээс Өндөр цагаан хайрхан, Их хүнхрийн бууц руу явдаг ганцхан жимтэй. Борхын сүв гэж нутгийнхан маань нэрлэдэг жимийг олохгүй л бол тэнд очно гэж санахын ч хэрэггүй. Бугуйл шидэм энүүхэнд харагдавч үнэндээ 30 гаруй км алс. Нутгийнхан маань тэр жимийг андахгүй ч будилж төөрсөн, зорьсон газраа ололгүй буцсан нь цөөнгүй. Зүүн цагаан дэрсэнд Ихрийн хаяа хэмээх газарт нэгэн өвөлжөө бий. Тэнд нагац өвөөгийнх минь өвөлждөг байсан юм. Малаа ундаалж, хужирлах гээд байсхийгээд элснээс бууж ирэх сайхан. Далиманд нь өвөөгийндөө очин эрхэлж, хамаг л амттай шимтэй, нарийн нандин бүхнээр нь бор ходоодоо дүүргээд харьдаг байлаа.
Хичээл эхлээд удаагүй байхад л “Амралт хурдан болоосой. Гэртээ харих юм сан” хэмээн хоног тоолон хүлээх хэчнээн гачлантай гэж санана. Нохойн дуу ойртох тусам өдөр, хоног аргамжаатай юм шиг явна гэж байхгүй. Би нэгдүгээр ангидаа аймгийн төвд сурч, Ж.Сүхбаатар (аавын хамгийн том ах) ахынд суудаг байсан юм. Өвлийн амралт эхлэнгүүт замын унаанд дайгдан, өвөөгийндөө очно. Тэндээс өнөөх жимээр тэмээтэй жонжуулсаар харьдаг байлаа. Манайх “Бурмаагийн улаан” нэртэй унжуу бөхтэй тэмээтэй байв. Буруу, зөвгүй номхон, амгалан амьтан. Нэг удаа өвөөгийнхөөсөө гэртээ харихаар улаан тэмээндээ дүүтэйгээ сундлаад жонжуулж явлаа. Цагаан сар дөхчихсөн, бас болоогүй ээ, дундуураа нэг шуудайтай юм ганзагалчихсан. Гэртээ харина гээд бөөн баяр. Борхын сүвээ арайхийж олоод, жонжуулж явахдаа манхны уруу буухад өнөөх шуудайтай юм бид хоёрыг урагш нь түрээд байсныг ер анзаарсангүй. Томоо гэгчийн бүүрэгний уруу ширүүхэн яваад ортол тэмээнийхээ бөхөн дээгүүр даваад уначихдаг байгаа. “Бурмаагийн улаан” юу болоод өнгөрөв гэсэн шиг амгалан нүдээрээ зөөлөн ширтээд зогсож байх нь тэр. Хөөрхий минь туйлаад, бид хоёрыг хэмхэлсэн бол яана. Тэгэхгүй юм гэхэд тэр том манхнууд дунд явгалаад үлдээсэн бол хээрийн амьтны хоол болж, осгож, эндэх ч байсан юм бил үү.
Чөдөртэй юм шиг явж өгдөггүй байсан өдөр хоног амралтаараа харьсны дараа ёстой л бууны сум шиг харваад өнгөрнө. Аав, ээжийнхээ гар хурууны үзүүрт олигтой нэмэр болж амжаагүй байхад л буцах болчихно. Бага байхад одоогийнх шиг машин элбэг бус. Аймгийн төв орох унаа олох шиг хэцүү даваа байгаагүй. Борх хайрхны өвөрт унаа хүлээн өдөржингөө харуулдан сууна. Арайхийж машин ирлээ гэхэд багтах зайгүй байх. Нэг удаа амралтаараа гэртээ оччихоод буцах гэтэл унаа олддоггүй ээ. Аав намайг өөр рүүгээ харуулан дүүрч, үстэй дээлээр ороогоод, сумын төв рүү хүргэж өгөхөөр тэмээгээр явлаа. Балчир байсан би байтугай бяд суусан ат ч жийрхэм жавартай өдөр байсан юм даг. Өндөр цагаан хайрхнаас Алдархаан сум нэлээд зайтай. Өдөржингөө явж сумын төв орж билээ. Тэндээсээ аймаг руу явах унаанд суулаа. Аав намайг хүргэж өгчихөөд, шөнөжингөө тэмээтэй жонжуулсаар харих замдаа хацраа хайрсан гэнэ лээ. Намайг эрдэм боловсролтой, хүний дайтай хүн болгох гэж аав минь хэчнээн жил амьдралын шуургыг сөрсөн бол...
Манайх зуны дэлгэр цагт Тэмээ улаан, Буурлын хясаа хавиар зусна. Түүний эгц хойно буюу голын ард Алдархаан сум бий. Манайх Бор ах (ээжийн төрсөн ах)-ынхтай зусдаг байв. Тэдний хүү Б.Бадамсүрэн ахыг бид Хархүү гэж авгайлдаг. Хархүү ах манай нутгийн Лхагваа ахын хүү Лха-Очиртой багаасаа нөхөрлөсөн улс. Хөдөөний ажил мундах биш дээ. Өнөөдөр хийснийгээ маргааш ёс мэт давтана. Бид гурав хонь хариулж, адуунд явсан ч үргэлж холбоотой юм шиг дэгддэг сэн. Хоёр ах маань чөлөө л гарвал барилдана, би засна. Багаасаа Борхын голд сэлж, Бор хярын элсэнд тонгочиж өссөн хоёр ах маань 2014 оны улсын наадамд тус бүр тав даван, начин цол хүртэж, нутгийн олноо баярлуулав.
Монголын хамгийн шилдэг хүчтнүүд зодоглодог улсын наадамд нэг жил нэг сумаас, тэр ч бүү хэл нэг голоос ихэр начин төрсөн нь яахын аргагүй ховор тохиолдол. Тийнхүү манай сумынхан 56 жилийн дараа (хамгийн сүүлд буюу 1958 онд Ж.Жигмэддорж улсын начин цол хүртээд байсан) улсын цолтонтой болохдоо “бөөндөн”, магнайгаа хагартал баярлаж билээ.
Жаргал, зовлон ээлжилдэг алаг хорвоод хүн хүнээр баян, өнөр байхаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Манай удмынхны төдийгүй алдархаанчуудын бас нэгэн бахархал бол Хорин хоёрынхон. Элэнц өвөө Ж.Готов, эмээ Н.Пагма нар минь 22 хүүхэд (19 эрэгтэй, гурван эмэгтэй) төрүүлж, өсгөсөн буянтан. Би дөрөв дэх үеийнх нь “мөчир”. Ээжийн талынхан удам угсаагаа алдаршуулах, дурсаж явах зорилгоор ургийн овгоо Хорин хоёр гэж өөрчлөөд олон жил болж байна.
Би Хорин хоёрын удмынх гээд хүмүүст хэлэхээр “Пөөх, нээрэн үү. Эхээс 22-уулаа гэж үү. Арай худлаа байх” гээд их гайхдаг юм. Хорин хоёрынхны тухай домог, үлгэр мэт яриа цөөнгүй. Олон сарлагтай, чамгүй чинээлэг айл байсан юм билээ. Хайнагаар мод бэлтгэн, үхэр тэргэн дээр ачаад аймаг ордог байж. Хөсгийнх нь түрүүч Улиастай орж явахад сүүлч нь дөнгөж Морин даваан дээр гарч ирдэг байсан тухай нэгэн настай хүн надад ярьсан юм. Хүүхдүүдээ аяганыхаа тоогоор бүртгэдэг байж. Хоол аягалж байгаад аяга илүү гарвал хэн нэгэн нь дутуу байна гэдэг байсан юм билээ. Олон хүүхэдтэй байсан болохоор түүртээд ч тэр үү, цөөнгүй удаа хүүхдээ буурин дээрээ мартаад нүүж явсан гэдэг. Хоёр жилийн өмнөх Цагаан сарын үеэр манайхан Улаанбаатар хотод ургийн золголт хийв ээ.
Олуулаа тул өрх бүрийг төлөөлөн 1-2 хүн ирсэн ч лав 500-гаад садан маань цугласан юм.
“Хорвоогийн олон урин хавраар
Үрийн зулай үнэрлэж нялхарсан
Хоёр биенийхээ халуун хайрыг
Хорин хоёр болгож ургуулсан” хэмээн “Ховор заяа” дуугаа дуулсаар манайхны нэгдсэн золголт эхлэхэд “За байз энэ хүнтэй түрүүн золгосон бил үү. Андуураад золголгүй үлдээчих вий дээ. Ёс алдвал баларсан юм болно” гээд нэлээд будлисан шүү, би. Өмнө нь таньдаг, ядахдаа зүсийг нь харж байсан 200-гаад л хүн байсан болохоор тэгж будлисан хэрэг.
Бид гурван жилийн өмнө нутагтаа ургийн баяраа тэмдэглэж, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн үүдэнд эмээгийнхээ хөшөөг сүндэрлүүлсэн юм.
Нутгаасаа гараад долоон жил болжээ, манайх. Намайг ерөнхий боловсролын сургуулиа төгссөн жил буюу 2010 онд манай аймагт айхтар зуд нүүрлэж, малынхаа ихэнхийг шийр амраасан ч нутгаа орхиж, Замын-Үүд рүү шилжих шийдвэр гаргах аав, ээж хоёрт минь амар байгаагүй. Хүний нутагт очсоныхоо дараа ээж “Нутгаа санаад байх юм. Өдийд мөн ч сайхан байгаа даа. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг үнэн юм. Хэдүүлээ буцах уу” хэмээн цөөнгүй удаа цөхөрсөн янзтай хэлсэн сэн. Харин аав бодлогошрон, дуугаа хурааж, уртаа гэгч нь санаа алддаг байв.
Өнгөрсөн жил нутагтаа очих нь ээ хөдөө маань нэлээд эзгүйрчээ. Хэдэн жилийн өмнөх шиг айлууд газрын холоос цайвалзан, голоо даган ярайтал буудаг байсан нь цөөрч. Ид хийж, бүтээх насан дээрээ яваа залуучууд амьдрахын эрхэнд, зарим нь биеийн амрыг харан төв суурин бараадаж, настай голдуу хэдхэн хүн бууриа сахин, малаа маллаж байна лээ. Адуу мал багширч, араатан жигүүртэн сүлжилдэн, цэцэг, жимсээ мөчир нь даахгүй, бие биенээ налан ургадаг нь хэвээрээ ч эзгүйрснийг нь хараад аав минь “Өвөг дээдэс минь энд төрж, энд л ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Замын-Үүдэд хэдэн жил амьдарчихаад нутаг руугаа буцаж, гавьяаныхаа амралтыг эдлэн, тэднийхээ гал голомтыг сахина аа” хэмээн шийдэмгий өгүүлсэн нь санаанаас ер гарахгүй юм. Би ч бас аавтайгаа хамт нутагтаа өтөлнө өө. Өндөр цагаан хайрхныхаа өвөрт өвөлжин, Борх хайрхныхаа дэргэд зусаж, Бор хярын элснээсээ суль, сульхир түүн, Борхын голдоо сэлж, шугуйнаас нь шавайгаа ханатал чацаргана идээд, Шар тал, Зүүн цагаан дэрс рүү саалийн хэдэн үнээгээ туучихаад амьдарвал л болох нь тэр. Илүү хүсэж, шунах юм ер алга.