Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр Улаанбаатар хот руу явж буй нь. 22.00 цаг
-Ослын улмаас нас барсан хүний тоо 16 хувиар өсчээ-
Нэгхэн сарын дотор ганцхан аймагт зам, тээврийн ослоор 11 хүн амиа алдсан гэдэг бага тоо биш. Тэдний цаана хэчнээн хүн өнчирч, шар махтайгаа хатаж байгаа бол. Осол, гэмтлээс сэргийлэх боломжтой хэдий ч бид хэнэггүй, өөрийгөө хуураад сурчихсан өөдгүй зангаасаа болж зам дээр хэдэн зуугаараа амь тавьж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар авто ослоор 181 хүн хорвоог орхиж, 530 хүн гэмтжээ. Ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөн аж.
Улаанбаатар хотоос 31 км зайд орших Төв аймгийн Аргалант цаашлаад Лүн сумын нутагт зам, тээврийн осол, зөрчил ямар байгааг энэ сарын 15-16-нд шилжих шөнө сурвалжиллаа. Төв аймгийг сонгосон нь учиртай. Тус аймгийн нутгаар улсын чанартай, хэвтээ, босоо тэнхлэгийн таван зам дамжин өнгөрдөг. Тодруулбал, Улаанбаатараас Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Архангай, Дархан-Уул, Хэнтий чиглэлийн 960 км замын хөдөлгөөний аюулгүй байдлыг Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхан хариуцдаг юм. Тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслүүд онхолдох, мөргөлдсөний улмаас хүний амь, эрүүл мэнд хохирсон хэрэг, зөрчил буурахгүй байна. Сонгууль, улсын баяр наадамтай холбоотойгоор хяналт, шалгалт суларснаас зөвхөн долдугаар сард 11 хүн дээрх тасгийн хариуцсан замд амь үрэгджээ. Харин өнгөрсөн оны долдугаар сард дөрвөн хүн нас барсан аж. Зам, тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн 21 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй бол найм нь Төв, зургаа нь өөр аймгийнх байжээ. Өвөрхангай, Улаанбаатарын чиглэлийн замд хоногт 5-6 мянган тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол Дархан-Уул чиглэлийн замд энэ тоо 8000-д хүрдэг гэнэ.
КАМЕРТ ӨРТӨХӨӨС БУС, АМИА АЛДАХААС НЬ ХАМГААЛ
“Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй орон нутгийн замын хяналт, шалгалтад ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Л.Амаржаргал, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ө.Амаржаргал, Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Пилжээ болон тус аймгийн Лүн сумын цагдаа-зохицуулагч нар оролцов. Биднийг 21.00 цагийн үед Аргалант суманд очиход орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн ид эрчимтэй байв. Улаанбаатар руу зорчиж буй тээврийн хэрэгслийг тоолж үзэхэд цагт 300 хол давсан юм. Лүн орох замд “Норд бенз” маркийн машин эвдэрсэнтэй таарлаа. Хэдийгээр замаа чөлөөлсөн ч гэрэлтүүлэгч, цацруулагч огт суурилуулаагүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулаагүй байв. Архангай аймгийг зорьж яваа уг машины жолооч “Машин дөнгөж сая эвдрээд ослын зогсолтын тэмдгээ байрлуулж амжсангүй” гэж тайлбарласан юм. Тэрбээр машиныхаа кабины хаалгыг ч мөн хааж “амжаагүй” аж. “Том оврын машины арын гэрэл дохио шавар шавхай болдог учраас нэмж цацруулагч суурилуулах ёстой. Зөрчлийн тухай хуульд зааснаар түр буюу удаан зогсох журам зөрчсөн гэсэн заалтаар 20 нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгоно” гэж тус тасгийн цагдаа-зохицуулагч, ахлах ахлагч Х.Батболд хэлэв. Эзэнгүй талд хонио хариулж яваа мэт ачаалал ихтэй замд том оврын хоёр ч машин эгнүүлчихээд ямар ч гэрэл дохио, анхааруулга байхгүй энэ үйлдлээ тэд “Том оврын машинууд биш, суудлын тэрэгнүүд л хурд хэтрүүлж, осол гаргадаг биз дээ” гэж хаацайлав. Энэ мэтээр ослын зогсолтын тэмдэг байршуулаагүйгээс шөнө осол их гардаг. Орон нутагт 30, хот сууринд 15 метрийн зайд уг тэмдгийг байршуулах ёстойг хэлэхэд илүүдэхгүй биз. Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас тус замын далан нурж эвдэрчээ.
“31-11 УНХ” улсын дугаартай жуулчны автобусны жолооч хурд хэтрүүлсэн зөрчил гаргав. Тэрбээр 80 км/цагийн хурдтай явж байсан цагдаагийн хоёр ч машиныг гүйцэж түрүүлээд дахин нэгийг ардаа орхих гэж байгаад эсрэг урсгалаас ирж буй машинтай эгээтэй л мөргөлдчихсөнгүй. Тэд 100 км/цагийн хурдтай явж байв. Ингэж хөдөөгийн замд “ниссэний” балгаар олон хүн амьдралаас үүрд халин одсон. Мөн хурд хэтрүүлсэн “Истана” маркийн машины жолоочийг түр саатуулав. Өвөрхангай аймгийг зорьж буй тэр машинд 10 гаруй зорчигч явсан бөгөөд хот хооронд зорчих зөвшөөрөлгүй, хууль бус тээвэр хийж байлаа. Энэ тухайгаа жолооч нь “Би ямар 120, 130 км/цагийн хурдтай явчихаа юу. Гүйцэж түрүүлэх гээл л хурдаа нэмсэн” гэж уцаарлав. Хачирхалтай нь, зорчигчид нь аминдаа хайргүй бололтой. Тэд жолоочоо удаан явсан хэмээн өмөөрч, хэл ам татлав. Жолооч залуу мөн зорчигчдоо үргээхгүйн тулд бичлэг хийлгэхгүй гэж цээжээрээ халхлах юм. Уг нь тэр камерын бичлэгээс бус, амиа алдахаас нь л хамгаалах үүрэгтэй баймаар. Хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчих, гар утсаараа ярих зэрэг жолоочийн аюултай үйлдлийг зорчигчид өөгшүүлэх нь харамсалтай. Энэ талаар Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Пилжээ “Хууль бус тээврийн хэрэгслүүд тодорхой давтамжтайгаар хөдөлгөөнд оролцож буй нь зөрчил гарах үндэс болж байна. Манай төвтэй гэрээтэй аж ахуйн нэгжийн автобусанд GPS байрлуулсан учраас хурд хэтрүүлдэггүй. Харин энэ “Истана” манайд бүртгэлгүй, хууль бусаар тээвэр хийж байна” гэв. Хэрэв хурд хэтрүүлбэл торгуулиас гадна тухайн аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг аж.
ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ 27 ЦЭГ БИЙ
Улаанбаатар руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдсэний дээр мал ачаад явж буй “Портер” маркийн машинууд цөөнгүй таарав. Тэд ихэвчлэн улсын дугаарын гэрлээ асаахгүй, машиныхаа тэвшин дээр өндөрлөгөө хийж, хийц, загварыг нь өөрчилжээ. “Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох гээд хэдэн мал ачаад гарсан юм. Хажууд суугаа настай хүн бүсээ зүүгээгүйгээс 20 мянган төгрөгөөр торгуулчихлаа. Жолооч нар хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх гээд аюултай байна” гэж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчиж явсан Т.Адъяа ярив.
22.00 цагийн үед ослын дохио нь ажилладаггүй хэрнээ “УАЗ-469” чирсэн машин таарав. Машин чирэх зориулалттай уян холбоо нь зургаа, хатуу нь дөрвөн метр урт байх ёстой. Гэтэл тэд нэг метр хүрэхгүй хатуу холболттой байлаа. Энэ нь машин эргэх үед хоёр машин хоорондоо тулах, огцом тоормослоход осол гарах эрсдэлтэй аж. “Өнгөрсөн онд замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэмт хэрэг нэг л бүртгэгдсэн. Ихэнх нь жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёл, сахилга дутмаг, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй байдал ажиглагдаж байна. 22.00-06.00 цагийн хооронд жолооч нарын анхаарал сарниж, нойр хүрдэг учраас осол их гардаг. Энэ үедээ жолооч нар манай аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг гэсэн судалгаа гарсан. Хөдөлгөөнд оролцож буй жолооч цагаа төлөвлөдөггүй, хувийн зохион байгуулалтгүй явдаг нь осол гарахад нөлөөлж байна. Зөвхөн цагдаагийн нүд хуурах гэж бүсээ зүүж, хурдаа хасах үзэгдэл түгээмэл. Өөрийн болон хайртай хүнийхээ амийг атгаж яваагаа байнга санах хэрэгтэй” гэж Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ө.Амаржаргал хэлэв. Мөн тэрбээр “Манай улсын замын нөхцөл байдал муу учраас 80 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцохыг л зөвшөөрдөг. Гэтэл хүчтэй, хурдтай машиндаа эрдэж, хурд хэтрүүлж байна. Ослын 70-80 хувь нь хурд хэтрүүлснээс болж байна шүү дээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар Өмнөговь аймгийн хоёр жолооч Дундговийн замд мөргөлдсөний улмаас таван хүн амиа алдсан бол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн нэг гэр бүлийн дөрвөн хүний амийг бүрэлгэсэн. Мөн Эрдэнэ сумын нутагт машин мөргөлдөж, гурван хүн нас барсан ноцтой осол гарлаа. Манай аймагт осол гарах эрсдэлтэй 27 цэг бий. Өнгөрсөн онд хоёр цэгийг засаж сайжруулсан. Атар 13 буюу огцом эргэлттэй газарт 500 м туузан хайс байршууллаа. Дундговь аймаг руу салдаг зам буюу осол их гардаг Өндөр довын уулзварын хэсгийг зассан. Ингэснээр өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл зам, тээврийн осол тэнд бүртгэгдээгүй” гэв. Харин Лүнгийн зам засвар, арчлалтын хэсгийн дарга Ц.Цэвээндорж “2017 оны зам засвар арчлалтын ажилд 400 орчим сая төгрөг л олгосон. 200 км замын нүх, тэмдэг, тэмдэглэгээг долдугаар сарын 1 хүртэл засаж дуусгалаа. Зам засвар, арчлалтын ажлыг хийхийн тулд тэрбум 200 орчим сая төгрөг шаардлагатай” гэв.
“Ерөнхийлөгч өршөөчихсөн шүү дээ. Жолооны үнэмлэх чинь гарахгүй байгаа биз дээ” гэж согтуугаар жолоо бариад эрхээ хасуулсан нөхөр омогдсон бол Завханаас гараад гурав хонож буй гэх улаан нүдэлсэн залуу, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, 100 км давуулан хурдлах жолооч нар гээд орон нутгийн замд ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Тусгай дуут дохиотой машин харангуутаа хурдаа хасаж, гэрлээ шилжүүлж байсан бол, дуут дохиогоо унтраагаад явахаар хажуугаар харвасан сум шиг л өнгөрөх юм. Уг нь тэд амиа авдартаа цоожлоод ирээгүй л байлтай. 03.00 цагийн үед ч Өвөрхангай, Улаанбаатар чиглэлийн энэ замд хөл хөдөлгөөн татрахгүй байв.