Олны хүндэтгэлийг хүлээгээд байсан Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй Японы Засгийн газрын нэр хүнд сүүлийн гурван сарын дотор унаж, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хийсэн санал асуулгаар 20 гаруйхан хувийн дэмжлэг авчээ. Сайд нарын одоогийн танхим үе үе дэмжигчдийнхээ итгэлийг үе үе алдаж байсан ч энэ удаагийн үзүүлэлт Ш.Абэгийн удирдсан дөрвөн жил хагасын хугацаан дахь бүх дээд амжилтыг эвдлээ.
Өнгөрсөн хоёр сард тус улсын Засгийн газрыг дэмжигчдийн итгэл тус бүр 10 хувиар буурсан нь хамгийн доод үзүүлэлт болох, эсэх нь тодорхойгүй. Үүний хариулт болох олон нийтийн санал асуулгын дүн тун удахгүй гарна. “Өнгөрсөн жилүүдэд Абэгийн Засгийн газрыг дэмжигчдийн түвшин ялангуяа парламент нь улсын нууц, энх тайван, аюулгүй байдлын тухай хууль батлах үед түр унаж, дараа нь дахин сэргэсэн. Энэ удаа дэмжигчдийн түвшин тааруу байгаа нь түр бус, нэлээд удаан үргэлжилж болзошгүй” гэж Кэйогийн их сургуулийн профессор Кэн Зимбо ярьжээ.
Ажлын нааштай үр дүнд хүрч байж л Засгийн газар ч, эрх баригч Либерал-ардчилсан нам ч нэр хүндээ өсгөнө. Үүний нотолгоо болж, энэ сарын эхээр Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдэж, хэл ам таталсан сайд нар болон эрх баригч намын удирдагчдыг халж, сэлгэсэн. Тодруулбал, 19 сайдын 14-ийг нь өөрчиллөө. Дотоод бодлогын маргаантай асуудлуудын улмаас нэр хүнд нь эрс унасан жилүүдэд оноо нэмж байсан гадаад бодлого нь л Ш.Абэд энэ удаа тус болно хэмээн шинжээчид үзэж байна.
Тухайлбал, “Оростой харилцахад амжилт олбол түүнд тус болно. Ирэх сард ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Ш.Абэ оролцох бөгөөд Өмнөд Курилын асуудлаар, жишээлбэл, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ямар нэг амжилт олбол тэрбээр оноо авах боломжтой” гэж Японы олон улс судлалын хүрээлэнгийн шинжээч Хиронори Фүшита үзэж байна.
Орос, эсвэл Умард Солонгосын чиглэлээр өөрчлөлт гарах шинжгүй байгаа нь Ш.Абэгийн дотоод бодлогод ч нөлөөлж болзошгүй. Тодруулбал, хүн амын дэмжлэг сул байх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн гол зорилтоо тэрбээр хэрэгжүүлэхэд саад болох юм.
НЭР ХҮНД НЬ УНАСАН ШАЛТГААН
Төрийн эрхэнд ер бусын амжилттай эргэн ирсэн 2012 онд Ш.Абэ, түүний баг хэдэн жилийн турш Японы дотоод улс төрийн ертөнцөд манлайлж, ард иргэдийнхээ дэмжлэгийг авч байсан нь судалгааны өндөр бөгөөд тогтвортой үзүүлэлтэд тусгалаа олж байв. Түүний Засгийн газрыг дэмжигчдийн түвшин оргил үедээ 74 хувьд хүрч байсан юм.
Дэлхийн II дайн дууссанаас хойш анх удаа Японы Өөрийгөө хамгаалах хүчний цэргүүдийг хилийн чанадад болох ажиллагаанд хэд хэдэн нөхцөлд оролцуулахыг зөвшөөрөх тогтоолыг парламентын хоёр танхимд хэлэлцүүлэхээр эрх баригч нам оруулсан нь 2014 онд Ш.Абэгийн нэр хүндэд эхний хүнд цохилт болсон юм. Парламентад үнэмлэхүй олонхын суудал эзэлдэг эрх баригч эвсэл жилийн дараа уг тогтоолыг тусгасан хууль баталсан нь нэрмээс болжээ.
Гэвч үүний дараа Ш.Абэ Сайд нарын танхимдаа сонгогчдын 50 гаруй хувийн дэмжлэгийг авч чадсан. Харин нэр хүндээ унагасан хоёр дахь давалгаа энэ онд эхлэв. Авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан ар араасаа дэгдэж, Засгийн газар болон эрх баригч Либерал-ардчилсан намын гишүүдийн цагаа олоогүй, болгоомжгүй хэлсэн үг дэмжигчдийнх нь үзүүлэлтийг 30 гаруйхан хувь болтол буулгасан байна.
Дотнын найз Котаро Какэгийнх болох “Kake Gakuen” хэмээх боловсролын байгууллагатай холбогдох баримт бичгээс улбаатай шүүмжлэлд Ш.Абэ өөрөө ч өртжээ. Эхимэ мужийн эдийн засгийн тусгай шинэ бүсэд мал эмнэлгийн сургууль нээхийг К.Какэ хүссэнийг Ш.Абэ дэмжсэн нь эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн шүүмжлэлд өртсөн юм.
Үүний араас ч элдэв хэл ам өдөр бүр гарч, хэвлэлүүдийн гол сэдэв болсон. Засгийн газрынхаа бодлогыг сөрөг хүчнийхэн, олон нийтийн хөдөлгөөнийхөн шүүмжилж байсан ч иргэдийг өдөөн турхирч, жагсах дээрээ тулаагүй. Гэхдээ цөөн хүн оролцсон цуглаанууд болсон билээ.
ЦААШИД ХИЙХ АЖЛЫН ХУВИЛБАР
Ш.Абэд засгийн эрхэнд үлдэх хоёр хувилбар бий гэж ажиглагчид үзэж байгаа юм. Эхний алхмаа тэрбээр эхэлж, танхимдаа халаа, сэлгээ хийсэн. Үүний дараа парламентаа тарааж, богино хугацааны дотор сонгууль явуулах гэнэ. Ийм алхам хийгээд ялсан ч одоогийнх шиг ялангуяа парламентын доод танхимд үнэмлэхүй олонх болж, аливаа хуулийн төслийг хялбархан батлуулж чадахгүй. Үүнийг нь ч одоо хүчтэй шүүмжилж буй. Мөн төвийг сахисан намууд суудал авч, эрх баригч болон сөрөг хүчний эвсэл хоорондын тэмцлийг хурцатгах гэнэ.
Хоёрдугаарт, ирэх жилийн арванхоёрдугаар сарын эцсээр болох ээлжит сонгуулийг хүлээх хувилбар багтжээ. Бараг бүтэн жил хагасын хугацааны дотор байр сууриа бэхжүүлж, сонгогчдын итгэлийг эргүүлэн авах боломж олгоно. Эсвэл шүүмжлэл даамжирсаар сонгуульд ялагдахад хүрч болзошгүй.
ЗАСГИЙН НЭР ХҮНДЭД НӨЛӨӨЛӨХ ГАДААД БОДЛОГО
Шинзо Абэ өөрийн нэр хүнд болон Засгийн газрынхаа дэмжлэгийн түвшнийг нэмэгдүүлэхэд гадаад бодлогоо чадварлагаар ашиглаж байгаа. Сайд нарын танхимын олон нийтийн дэмжлэг буурах хандлага ажиглагдах үед гадаад бодлогын фронтоос оноо авч байв. Шинжээчдийн эш татсанаас үзвэл 2015 оны хавар Японы Засгийн газрыг Батлан хамгаалахын хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөснийг иргэд шүүмжилсэн.
Тэгэхэд “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн талаарх маргааныг зохицуулах тухай БНСУ-тай хэлэлцээр байгуулсан нь байдлыг эрс эерүүлсэн юм. Абэ ийм тактикийг одоо ашиглаж болно гэж Хиронори Фүшита тэмдэглэжээ.
Ойрын хугацааны төлөвлөгөөнөөс харвал Өмнөд Курилын арлуудад эдийн засгийн хамтарсан ажиллагаа явуулахаар тохиролцчих юм бол Японы талын хувьд амжилт юм. Эцсийн дүнд Токио нутаг дэвсгэрийн маргаанаа шийдэж, найрамдлын гэрээ байгуулах найдлага тавьж байгаа ч биелэх магадлал тун бага. Гэхдээ 2012 онд сонгуульд оролцохдоо энэ чиглэлд бага ч гэсэн ахиц гаргахаар амласан билээ.
“Өнгөрсөн хавар болсон Токиогийн сонгуулийн үеэр Ш.Абэгийн хэлсэн үг амжилт олоогүй. Үүний дараа гадаад бодлогын чиглэлээр Засгийн газар, намынх нь ажил урагштай байх нь юу л бол” хэмээн хэвлэлүүдээр мэдээлж байсан. Харин шинжээчдийн үзэж буйгаар гадаад бодлогын гол чиглэлд Токиогийн сонгууль болон Засгийн газрын нэр хүнд унасан явдал нөлөөлөхгүй гэнэ.
“Юуны түрүүнд, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн тулгамдсан асуудал болох БНАСАУ-ын пуужин болон цөмийн хөтөлбөр манай бодлогод шууд нөлөөлөхгүй. Тус улсын талаар баримталдаг Засгийн газрын бодлогыг олон нийт харин ч дэмждэг” гэж профессор Кэн Зимбо үзэж байна.
Оростой харилцах чиглэлээр ч онцын өөрчлөлт гарна гэж ажиглагчид үзэхгүй байгаа юм. “Оросын талаар баримталдаг Абэгийн бодлого өөрчлөгдөх магадлал бага. Ш.Абэ, эрх баригч нам хоёрыг улам бүр шүүмжилж байгаа ч уг бодлогынх нь талаар хөнддөггүй” гэж Х.Фүшита тэмдэглээд, сонгогчид болон сөрөг хүчний дургүйцэл улс төрийн бусад асуудал болон төрийн удирдлагад чиглэсэн хандлагад төвлөрсөн хэмээн үзэж буйгаа тэрбээр илэрхийлжээ.
Ер нь Оросыг чиглэсэн гадаад бодлого Японы ямар ч улстөрчийн хувьд Хятад, БНСУ-тай харилцахтай адил ач холбогдолтой. Гэхдээ Абэгийн хувьд энэ бол маш онцгой сэдэв. Түүний эцэг, Гадаад хэргийн сайд агсан Шинтаро Абэгийн хувьд найрамдлын гэрээ байгуулах эрмэлзэл бүх л амьдралынх нь үйл хэрэг байсан. Хүү Абэ ч энэ зорилтод хүрэх ёстой хэмээн үзэж буй бөгөөд уг баримт бичигт гарын үсэг зурахыг бараг л гэрээсэлжээ.
“Хэрэв гэнэт Абэгийн Засгийн газар солигдох болбол шинэ Ерөнхий сайд болох хүн Оросыг нэг их сонирхдоггүй бол Япон, Оросын харилцаа өнөөгийн түвшинд байх, эсэхийг өнөөдөр мэдэх аргагүй” гэж Х.Фүшита онцолжээ. Хоёр орны удирдагчдын хувийн харилцаа ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Оростой онцгой харилцаатай байгаагүй Жүничиро Коизүми, Наото Кан нарын Засгийн газрыг тэрбээр жишээ болгосон байна.
Энэ хоёр Ерөнхий сайдын үед Орос, Японы харилцаанд том өөрчлөлт ороогүй байхад Борис Ельцинтэй найрсаг харилцаатай Рюүтаро Хашимото, эсвэл Владимир Путинд сайн ханддаг Ёширо Мори нарын үед хоёр орон их ойр дотно холбоотой байжээ.