Олны анхаарал татсан хэргүүдийн хувь заяа Ерөнхийлөгчийн сонгууль, МАН-ын дотоод хямралын чимээнд дарагдан, хэн ч үл ойшоох болж. Олон тэрбум төгрөгийн хохирол улс орны эдийн засагт болон иргэдэд учруулсан, албан тушаалаа ашиглан хээл хахууль авсан хэргүүдийг өдгөө хэрхсэнийг нь эргэн сануулъя.
Оффшор данстанууд, 60 тэрбумын албан тушаалын наймааны бичлэг, Шадар сайдыг тагнаж чагнасан гэх мэтэд монголчууд анхаараад түүнээс бусдыг нь мартчихсан гэхэд хилсдэхгүй. Түүний зэрэгцээ зарим хэргийг шинээр мөрдөж эхэлсэн ч Эрүүгийн хуульд тохируулах нэрээр прокурорын байгууллага татаж хянаад заримыг нь шүүхэд ч шилжүүлэлгүй хэрэгсэхгүй болгочихож байгаа.
“60 ТЭРБУМ”-ЫН БИЧЛЭГИЙН ХЭРЭГТ ШИНЭХЭН ДАРГА НАР ШАЛГУУЛЖ БАЙНА
АТГ-аас “60 тэрбум”-ын гэх хэргийг шалгаж эхлээд байна. Тус газрынхан орон нутагт салбаргүй учраас орон нутгийн цагдаагийн байгууллагын мөрдөгчид тусалж буй юм. 2016 оны сонгуулийн дараачаас нийтийн албанд ахлах мэргэжилтэн, хэлтэс, тасгийн даргаар томилогдсон хүмүүсээс эхлээд агентлаг, газар, яаманд удирдах алба хаших болсон 3000 хүний судалгааг хууль сахиулагчид Төрийн албан зөвлөлөөс авчээ.
Улмаар тэднээс тайлбар авч, АТГ-т хүргүүлж буй аж. Тус газрынхан хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг нь хэрэг бүртгэлтийн материалтай тулган хянаж үзээд албан тушаалд томилогдохдоо мөнгө өгсөн эсэхийг нягтлан, үнэхээр мөнгө өгсөн нь тогтоогдвол үргэлжлүүлэн эрүүгийн хэрэг үүсгэх юм байна. Одоогоор багш мэргэжилтэй хүн ажиллах ёсгүй албан тушаалд, тийм мэргэжилтэй хүн удирдах ажил хийж байгаа нь тогтоогдсон аж.
АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МЭРГЭЖИЛТНИЙГ ХЭН ГАЗРЫН ДАРГА БОЛГОЖ ДЭВШҮҮЛЭВ
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан П.Ганхуягт холбогдох авлига, албан тушаалын хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдэлгүй буцааж, өдгөө НПГ-т түдгэлзүүлсэн хэргийн тоонд орчихоод байна. АТГ-аас хэрэгт холбогдон шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн талаар ХХААХҮЯ-нд мэдээлэл өгсөөр байтал МАН-ын нөлөө бүхий албан тушаалтнууд түүнийг нь үл ойшоож, сэжигтэн, яллагдагчаар татагдсан П.Ганхуяг өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Тэрбээр ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Нью фоос” компанийн захирал Ц.Лхагвасайханаас 25 сая төгрөгийн хахууль авч, компанийг нь тендерт ялуулсан хэрэгт холбогдож НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн хавар хэргийг нь шүүх хэлэлцэхээр товлоод байсан юм.
2013 онд Малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх 500 сая төгрөгийн өртөгтэй ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцсон “Нью фоос” компанийнхан БНСУ-аас Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалд нийцсэн, стандартын шаардлага бүрэн хангасан тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон байдаг.
Гэвч нийлүүлсэн 15 ширхэг тоног төхөөрөмж нь БНСУ-д бус, БНХАУ-д үйлдвэрлэсэн байсан нь шинжээчдийн дүгнэлтээр ч тогтоогдсон гэсэн байна. П.Ганхуяг дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсэгт байгаагүй бөгөөд удирдах албан тушаалтнуудынхаа итгэлийг эвдсэн юм.
“ЖИ-ТАЙМ”-ЫН ТОЛГОЙЛОГЧИД ХЭРГИЙГ УДААШРУУЛАХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙНА УУ
Сүлжээний гэх залилангийн нэг хэлбэр Монголд олон жил бугшиж байна. Гэнэн монголчууд ч залилуулж ханахгүй, мэхэлж байгааг нь мэдсээр байж хамаг байдгаа хамж аваачаад өгчихдөг. Тийм нэг залилан бол Ж.Марат хэмээх казах эрийн Монголд нэвтрүүлсэн “Жи-Тайм” гэх сүлжээ. Үүнд монголчууд эцэг, эхээрээ тэтгэврийн зээл авахуулаад элсэж, их мөнгөтэй болно хэмээн итгэж ороод луйвардуулан, өдгөө хэрэг хурдан шийдэгдээсэй, мөнгөө олж авах юм сан хэмээн Мөрдөн байцаах албаны үүдээр эргэлдэж буй.
Харамсалтай нь, зарим хохирогч тайлбар, мэдүүлэг өгөхгүй, нэхэмжлэл гаргахгүйгээс хэрэг удааширч байгаа гэдгийг албаны эх сурвалжууд хэллээ. “Жи-Тайм”-д түрүүлж элсэн мөнгө авсан хүмүүс доороо элссэн иргэдэд хандан “Энэ бол залилангийн хэрэг биш. Та нар битгий нэхэмжлэл гарга. Мөнгийг чинь буцаан олгоно, компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ” хэмээн ярьж буйд итгэсэн цөөнгүй хүн цагдаагийн байгууллагад хандахгүй байгаа аж.
Мөрдөн байцаах албанаас авсан мэдээллээр хэргийг шалгах ажил удааширч буй шалтгаан нь хохирогчид ирэхгүйтэй холбоотой гэнэ. Одоогоор 10 мянга гаруй хохирогчийг тогтоон, тайлбар авсан. Бүх хохирогчийг олж тогтоон тайлбар мэдүүлэг авсны дараа л нийт хохирлын хэмжээ тогтоогдох учиртай. Тиймээс “Жи-Тайм”-д элсэн мөнгөө алдчихаад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй хүмүүсийг Мөрдөн байцаах албанд тайлбараа яаралтай гаргахыг цагдаагийнхан хүсэв.
Өнгөрсөн сараас мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн дагуу бол бүх хохирогчоос тайлбар мэдүүлэг авсны дараа шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан. Хэрэг шүүхэд шилжсэний дараа нэмж хохирогч гарч ирвэл хэргийг хэлэлцэхгүй шууд буцаах юм. Магадгүй “Жи-Тайм”-д эхлээд элсэж мөнгө авчихаад байгаа хүмүүс иймэрхүү башир арга хэрэглэж байхыг ч үгүйсгэхгүй. Яагаад гэхээр эхэнд элссэн хүмүүс урамшуулал хэлбэрээр нэлээд их хэмжээний мөнгө авсан, тэднийг иргэний хариуцагчаар татаж, авсан урамшууллыг нь хураан авах учраас хохирогчдыг цагдаад хандуулахгүй байх талаар ярьж яваа гэж үзэх хохирогч олон байна.
“Жи-Тайм”-ын толгойлогч Ж.Маратыг өнгөрсөн хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Казахстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр гарах гэж байхад нь цагдаагийнхан баривчилсан билээ.