Махны экспортын хувьд Монголын газар нутаг бүхэлдээ “хар тамга” даруулав бололтой. Баруун, зүүн бүсэд өмнөх жилүүдэд малын гоц халдварт шүлхий гарч, өвчинтэй хэмээн тэмдэглэгдсэн. Засгийн газар төвийн бүсээс мах экспортлохын тулд олон улсад “эрүүл” гэж зарлуулахаар хөөцөлдөөд дийлээгүй. Хэнтий, Дундговь, Төв аймагт шүлхий өвчин гарлаа. Ингээд Монголын газар нутаг хараар будуулах нь тэр.
Гоц халдварт өвчин дэгдсэн газраас улс орнууд мах импортлохоос жийрэхдэг. Шүлхий өвчний голомт орон даяар тарчихлаа, мах экспортлох нь ч лөөлөө боллоо гэж бодтол харин ч саахалтынхан, ойрх дорнодынхон худалдан авах сонирхлоо илэрхийлсэн сайн мэдээ сонсогдов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өчигдөр Гадаад харилцааны яаманд Монгол, Вьетнамын Засгийн газрын 16 дугаар хуралдааны протоколд тус улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнтэй гарын үсэг зурлаа. Протоколд тус улсад мах экспортлох талаар дурджээ.
Тодруулбал, Вьетнамын хөдөө аж ахуйн салбарынхан манайхаас гүн хөлдөөсөн, хагас боловсруулсан мах худалдан авах тохиролцоонд хүрсэн байна. Гурван жилийн өмнөөс вьетнамчууд манайхаас ямааны мах авахаар хамтарч ажиллах болсон. Энэ ажил ийн биеллээ олохоор цаасан дээр хэрэгжив. Одоо гүн хөлдөөж, хагас боловсруулсан махаа бодитоор экспортлох ажил үлдэж байна. Хоёр улсын Хөдөө аж ахуйн дэд сайд нараар ахлуулсан, хамтарсан ажлыг хэсэг байгуулахаар тохирчээ.
Жилийн хугацаатай ажиллах тус ажлын хэсэг мэдээж Монголоос Вьетнам руу мах экспортлох ажлыг зохион байгуулна. Тэгэхээр ирэх жилээс Вьетнам руу мах экспортлоод эхэлнэ гэж найдаж болох нь. Вьетнамчууд манай мах боловсруулах хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байж шийдвэрээ гаргасан гэсэн нэмэлт мэдээллийг ХХААХҮЯ-ныхан өгсөн юм. 93 сая хүн амтай Зүүн өмнөд Азийн энэ улс манайдаа бол асар том зах зээл байх нь дамжиггүй.
...Иранчууд долоо хоног бүр 4000 тонн мах худалдаж авах санал тавьжээ. Энэ бол урьд өмнө нь байгаагүй их эрэлт юм. Манайх долоо хоног бүр 4000 тонн мах нийлүүлж чадах уу? ХХААХҮЯ-наас иранчуудад ямар нэгэн хариу илгээгээгүй байгаа аж...
Иран улс манайхаас мах экспортолж эхэлжээ. Тэднийх эхний ээлжинд 6500 тонн мах худалдаж авахаар болсон. Хоёр компани анхны ачилтаа хийсэн гэнэ. Иранчууд долоо хоног бүр 4000 тонн мах худалдаж авах санал тавьжээ. Энэ бол урьд өмнө нь байгаагүй их эрэлт юм. Манайх долоо хоног бүр 4000 тонн мах нийлүүлж чадах уу? ХХААХҮЯ-наас иранчуудад ямар нэгэн хариу илгээгээгүй байгаа аж.
Ямартай ч ярилцаж байж долоо хоногт хэдэн тонн мах нийлүүлэхээ тогтоно гэсэн байр суурьтай байгаагаа дуулгалаа. Бяцхан тооцоолол хийж үзье. Долоо хоногт 4000 тонн мах экспортолбол сард 16 мянган тонныг нийлүүлнэ гэсэн үг. Ийм хэмжээгээр нийлүүлбэл жилд 200 мянга орчим тонн мах экспортлох учиртай.
Иран лалын шашинтай улс. Тиймээс хүнсэндээ хонины мах голлон хэрэглэдэг. Хонийг хоолойг нь хэрчиж, цусыг нь шавхан нядалдаг шашины зан үйл гэмээр тогтсон аргатай. Иймээс тэд хоолойг нь хэрчих буюу халал аргаар нядалсан хонины мах худалдаж авах нь гарцаагүй. Халал аргаар хонь нядалдаг үйлдвэр манайд бараг байхгүй. Тэгэхээр иранчуудын эрэлтийг хангаж чадахгүй нь ойлгомжтой. Дахин тооцоо бодож үзье.
Хонины гулууз мах дунджаар 20 орчим кг жин дардаг. 200 мянган тонн мах бэлтгэхэд 10 сая хонь нядлах нь. Манай улс 27.8 сая хоньтой. Хэрэв иранчуудын эрэлтийг хангана гэж зүтгэвэл бүх хонио гурван жилийн дотор нядлаад дуусгах юм байна. Тэдний саналыг биелүүлж чадахгүй гэдгийг дээрх тооцоолол бүрэн харуулна.
Хөдөө аж ахуйн салбарынхан өөрсдийнхөө хэрэгцээнээс гадна экспортод зориулж жилд таван сая хонь, ямаа нядлах боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, таван сая хонь, ямаа нядлахад сүргийн бүтэц алдагдахгүй гэнэ лээ. Жилд хоёр сая хонь нядлах боломжтой гэж үзвэл 40 мянган тонн л мах бэлтгэх боломжтой санж.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Энэ жил 50-60 мянган тонн мах экспортлох боломж харагдаж байгаа. Үйлдвэрүүдийн үйл ажиллагаанаас их зүйл хамаарна” гэж ярьсан юм. Ерөнхийдөө энэ жил махны экспортоос 90 гаруй тэрбум төгрөгийн орлого олох боломж харагдаж байгаа гэнэ. Тэгвэл үйлдвэрүүдийн хүчин чадал хэрхэх бол.
Манай үйлдвэрүүд жилд 100 мянган тонн мах боловсруулах хүчин чадалтай гэдэг. Гэвч эрүүл ахуйн шаардлага хангах экспортын мах боловсруулах үйлдвэр арван хуруунд багтахаар цөөн. Тиймээс бас л ярвигтай асуудал. Шүлхий өвчин дэгдэж байгаа ч манайхаас мах худалдаж авах эрэлт өсчээ. Харин үйлдвэрүүд энэ боломжийг ашиглаж чадах уу. Энэ тухай удахгүй хөндөнө.