Нэн ховор монгол бөхөн өнгөрсөн хавар бог малын мялзангаар өвчилж, 10.908-аас 4900 шахам болтлоо цөөрчихөөд буй билээ. Дулааны улирал эхэлснээс хойш буюу өнгөрсөн зургадугаар сараас бөхөн хорогдох нь эрс багассан гэж мэргэжлийн байгууллага, орон нутгийн холбогдох албаныхан мэдээлж буй. Байгаль хамгаалах байгууллагууд, төр, засгийн хамтын ажиллагааны үр дүнд нэн ховор уг амьтныг мөхлөөс аварч чадсан ч янгир мялзангаар өвчилж эхэлжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан өвчилсөн цөөнгүй янгиртай таарсан байна. Тэд хэдхэн хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Сүмийн хөндийд өвчтэй янгир, онох (төл) хоёртой таарсан бөгөөд нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадаж, сульдсан байжээ. “Шинжилгээгээр тогтоогоогүй ч мялзангаар өвчилсөн бөхөнгүүдтэй ижил шинж тэмдэгтэй байна” гэж тэд хэлсэн. Ховдын Дарви суманд ч мөн ийм тохиолдол илэрчээ.
Байгаль хамгаалагчид энэ талаар аймгийн Мал эмнэлэг, Байгаль орчны газруудад мэдээлсэн бөгөөд мэргэжилтнүүд газар дээр нь очиж өвчтэй янгираас цусны сорьц авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр илгээсэн, хариу нь хараахан гараагүй гэнэ. Янгир үхсэн талаарх мэдээллийг “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнханд малчид байнга ирүүлэх болсон аж.
Ихэвчлэн хүний хөл хүрэхгүй өндөр уул, хад асганд сүрэглэн амьдардаг тул малчдад мэдэгдээгүй хэчнээн тохиолдол бийг таамаглахад бэрх аж. “Бог малын мялзан өвчний тархалт дулааны улиралд саарна” гэж өнгөрсөн хавар манай болон олон улсын мэргэжилтнүүд дүгнэж байсан ч харамсалтай нь, зуны дэлгэр цагт намжихгүй байгааг энэ явдал баталжээ.
Говь-Алтай аймгийн Цээл, Халиун сумын нутгийг дамнан оршдог Хар азаргын нуруу нь аргаль, янгирын гол тархац нутгуудын нэг. Тиймээс янгирын сүрэгт энэ өвчин хурдацтай тархвал аргалиас эхлээд бусад туруутан амьтдад ч халдах төдийгүй Хар азаргын нуруугаар дамжин Баянхонгорын нутагт хүрэх эрсдэлтэй. Улмаар бэлчээрийн мал өвчлөх аюул ойрхон аж.
“Өнгөрсөн хавар мялзан дэгдэхэд бөхөн бүхий сумдын малыг вакцинжуулсан. Гэхдээ ойролцоо аймгийн бүх мал, тэр дундаа төл малыг вакцинжуулж чадсан, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ асуудлыг Онцгой байдал, холбогдох яам, Тамгын газар анхааралдаа авч урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй”-г “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан сануулсан юм.
Орон нутгаас энэ асуудалд анхаарч арга хэмжээ авч буй, эсэхийг Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын дарга н.Батмагнайгаас тодруулахад “Өнгөрсөн зургадугаар сард нэг дор 10 гаруй янгир үхсэн байсан. Лабораторийн шинжилгээгээр мялзан өвчин илэрсэн. Түүнээс хойш янгир үхсэн талаарх мэдээлэл ирээгүй байна” гэв.