“Аав аа, би хичээлдээ явж чадах болов уу, насан туршдаа тэргэнцэр дээр суудаг хүн болчих юм биш биз дээ” хэмээн 15 настай хүү уйлан дуугарч, ааваасаа асууна. Хүүхэд л болсон хойно тэр сарын дараа, хичээлийн шинэ жилээр сургуульдаа, ангийнхан дээрээ очих тухай л бодож буй хэрэг. Гэтэл эмч нар түүнд 7-8 сар тууштай сайн эмчилгээ хийвэл баруун хөл нь мэдээ орох магадлалтай гэжээ.
Монголчууд бидний хайнга хэнэггүй, хариуцлагагүй зангийн хар гайгаар хүүгийн баруун хөл мэдээгүй болж, зүүн хөл нь хугарсан юм. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянхошууны аюулгүйн тойргийн орчимд өнгөрсөн сарын 16-нд “Приус-11” суудлын автомашин дээр дугуй ачсан 40 тн-ын чингэлэг унаж, нэг гэр бүлийн таван хүн бэртсэнийг уншигчид санаж буй биз.
“Бурхны авралаар сайхан сэтгэлт эмч тааралдаж, яаралтай тусламж үзүүлсэн тулдаа манай гэр бүлийнхэн ослоос мэнд гарцгаасан ч одоо хүртэл бүгд тал талд эмнэлгээр явцгааж байна. Намайг өвдөгний хагалгаанд ор гэсэн. Би ч яах вэ, ирээдүйд хүүхдүүд минь яах бол гэхээс их санаа зовох юм. Ослын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн сүлжээгээр их гаргасан даа. Гэтэл манайхан сургамж авдаггүй бололтой, бэхэлгээгүй чингэлэг ачсан машин хаа сайгүй харагдах юм. Одоо тийм зүйл харахаар маш их айдаг” хэмээн Д.Мөнхбаатар ярилаа.
50 гарсан туршлагатай жолооч эрээс гарамгүй хайнга, хэнэггүй үйлдэл, захиалга өгөхдөө чингэлгийг аюулгүй тээвэрлэх боломж нөхцөлөөр хангаагүй захиалагчийн хариуцлагагүй байдал ийнхүү нэг гэр бүлийг эрүүл мэнд, мөнгө санхүү, сэтгэл зүйгээр нь хохироож орхилоо. Тэгсэн хэрнээ хүлээлгэх хариуцлага нь хийсэн хэргийнхээ дэргэд тун ч хангалтгүй гэмээр.
Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 47-д “замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн тохиолдолд хувь хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно” гэж заажээ. Мөн “ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 25 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгоно” гэнэ.
Хүнд даацын автомашины ачааг зориулалтын бэхэлгээгүй тээвэрлэсний улмаас зам тээврийн осол их гарах болсны сүүлчийн бодит жишээ энэ. 2012 оны долдугаар сард мөн л 40 тн-ын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүний амь эрсдэн, гурван хүн бэртсэн удаатай. Хэдэн жилийн өмнө гадаадын жуулчдын сууж явсан автобусан дээр ачааны машины тээвэрлэж явсан чингэлэг унаж цөөнгүй хүн нас барсан харамсалтай хэрэг ч гарч байв.
Монголчууд бидний хэнэггүй, тоомжиргүй зан өөрсдийг минь балласаар байгааг хүлээн зөвшөөрөх цаг нь болж. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаардаггүй, хууль журмыг үл ойшоодог хайхрамжгүй зангаа өөрчлөхгүй бол дайны талбарт тулалдаж буй аятай, нэг нэгнээ хядаад дуусах нь.
Зөвхөн Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээллээр сүүлийн гурван сарын хугацаанд болгоомжгүйгээсээ болж бусдын амь насанд хүрсэн 36 тохиолдол бүртгэгджээ. Үүнд зам тээврийн осол ороогүй гэдгийг зориуд онцлон хэлэх нь зүйтэй. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 181 хүн нас барж, 530 хүн эрэмдэг болсон нь өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт гэхээр Монголд ямар гээчийн гамшиг нүүрлээд буй нь төвөггүй ойлгогдох бус уу.
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа энгэр, суга, урд, хойд хормой, ханцуй гээд хаа дуртай хэсэгтээ эрх дураараа аж төрж асан ард түмэн өдгөө 1.3 саяулаа нэг хонхорт багтаж шингэн амьдрахын тулд хотжих, нийгэмших хэрэгтэй байна. Үнэндээ өнөөдөр Улаанбаатар энэ дэлхийн хамгийн аюултай хот болоход тун ойртчихож. Зүв зүгээр гудамжинд явж байгаад үхэхэд бэлэн. Өглөө гэрээсээ инээгээд гарсан хүн орой гэр бүлийнхэндээ эсэн мэнд очно гэсэн баталгаа алга.
Тэнд ч хайрга олборлогчдын тэгшитгээгүй орхисон нүхний тогтоол усанд хүүхдүүд живдэг, энд ч том, багагүй кранд дарагдан үрэгдэж л байдаг, тэртээд барилгын компанийн ухсан нүхэнд гэр бүлээрээ машинтайгаа унаж, амиа алдацгаадаг ямар хөгийн нийгмийг бид өөрсдөө бий болгочихоо вэ.
Ердөө сар хүрэхгүй хугацааны дараа Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх өдөр болно. Сайрхах өдөр даанч биш л дээ. Хичээлийн шинэ жилийнхээ нээлтэд оролцоод, ээж, дүү хоёртойгоо хамт харих гэж явсан охины дээрээс бетон зуурмагийн машины цемент шахагч хоолой төмөр унаж аминд нь хүрсэн 2012 оны есдүгээр сарын 3-ны хар өдрийг санаж байгаа хүн өнөө хэр олон бол. Есүгэн охины дурсгалыг хүндэтгэхийн сацуу барилгын салбарын аюулгүй ажиллагааг хангах, монгол хүний амьд явах эрхийн тухай ярьдаг, аюулгүй, амар тайван орчныг бүрдүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, салбар бүр ажлаа дүгнэдэг байх үүднээс Ерөнхийлөгч энэ өдрийг түүний нэрэмжит болгосон билээ. Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан 12 настай гэмгүй охины халуун амь царцсан тэр өдрөөс хойших таван жилийн хугацаанд тэгээд юу өөрчлөгдөв? Монгол хүний амь үнэ цэнэтэй болсон уу?
“Тэр аймшигт өдөр миний охин бетон зуурмагийн машины шахуургын хоолойд бус, Монголын төрд үүрлэсэн хүнд суртал, авлигаас үүдэлтэй нийгэм дэх ёс суртахууны доройтлын бул хар буулганд даруулан алагдсан. Тиймээс манай гэр бүлд учирсан тэр хар өдрийнх шиг элэг эмтэрч, зүрх зүсэм явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэж байна” хэмээн үрээ алдсан эцэг хүний нэхэл хатуу гомдлын мөрөөр энэ хэргийг хоёр жил гаруй сунжруулан шалгасны эцэст холбогдогч нарт нь ердөө 1.6-2 жилийн хорих ял оноосон.
Заримд нь зүгээр л мөнгөн торгууль ногдуулсан боловч Дээд шүүх уг хэргийг дахин шалгуулахаар буцааж, энэ хооронд нь өнөөх алдарт Өршөөлийн хууль батлагдсанаар хэрэгсэхгүй болсон түүхтэй. Монголд хүний амь ямар үнэтэй вэ гэдгийн хариулт нь энэ. Сэтгүүлч миний бие асуудлыг дэвэргэж байгаа ч юм биш. Цэцэг цэврүү шиг сайхан охиноо нүдэн дээр нь харамсалтайгаар амь тавихыг харсан хөөрхий ээж хоолой зангируулан ингэж хэлсэн юм шүү.
Баянгол дүүргийн V хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн баруун талд охины амийг золиослон байж боссон сунагар өндөр барилга хэдийнэ сүндэрлэж, түүнийг захиалагч, гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, холбогдох төрийн албан хаагчид нь сургамж авсан шинжгүй ажлаа урьдынхаараа гүйцэтгэж буй.
“Тэнгис” кино театрын урд баригдаж байсан 16 давхар барилгаас унасан бэхэлгээний төмөр ШУТИС-ийн III курсийн оюутан залуугийн аминд хүрсэн осол мөн дээрхээс хэдхэн хоногийн дараа гарсан билээ. Ганцхан жилийн дараа их сургуулиа төгсөөд, эх орондоо хэрэгтэй сайн инженер болох зорилготой байсан цэл залуухан хүү тийн бидний дундаас зуурдаар хальсан юм.
Таны үр хүүхэд шиг, бидний дүү шиг нэгэн сайхан залуугийн халуун амийг авч одсон уг хэргийн эзэн холбогдогчдод мөн л дээрхтэй ойролцоо шийтгэл ногдуулсан ч Өршөөлийн хуулийн ачаар бүгд мултарсан. Харин 20 настай оюутан залуугийн амийг, хүсэл мөрөөдөлтэй нь хамт “залгисан” барилга өдгөө ашиглалтад ороход бэлэн болоод буй. Хэрэв тэр амьд байсан бол өдийд 25 хүрчихсэн, мэргэжлээрээ ажиллаад, магадгүй гэр бүлтэй ч болсон байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тэр... Даанч одоо “хэрэв” гэдэг өнгөрсөн цаг дээрх харуусал л үлдэж.
Хүнээ боддоггүй, бусдын аюулгүй байдлыг хангахад анхаардаггүй, осол гарлаа гэхэд хариуцлагын тогтолцоо нь тодорхой бус ийм нийгэмд монгол хүний амь улам бүр үнэгүйдсээр байх нь зүйн хэрэг гэлтэй. Зөвхөн 2005-2013 онд гэхэд л барилгын салбарт 581 удаа үйлдвэрлэлийн осол гарч, үүний улмаас 246 хүн нас барж, 130 хүн насан туршдаа тахир дутуу болсон бол 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг юм.
Уг нь бид гурван саяулахнаа. Монгол хүн бүрийн амь үнэ цэнэтэй байх ёстой. Гэтэл хүний алтан аминд хүрчихсэн атлаа Дээд шүүхэд очтол нь зарга хийж зүрхэлдэг ёс суртахуунгүй иргэдийг өөгшүүлдэг, ял шийтгэлээс мултарч болдог хууль эрх зүйн орчинтой улсад аж төрж буй нь бидний хохь ч юм шиг. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ бид ингэхэд хэнээс нэхэх вэ.