АНУ-ын нэрт зохиолч Хэрман Мэллвилийн дэлхийд алдартай "Моби Дик" (Moby Dick) зохиолоос сэдэвлэж, Чикагогийн театр "Моби Дик" жүжгийг толилуулах болжээ. Тэгвэл энэ жүжигт Чикагод аж төрдөг монгол жүжигчин Жавен Уламбаяр тоглох болсон байна.
Циркийн жүжигчин, бас хүүхдүүдэд агаар дээрх үзүүлбэрийг хэрхэн гүйцэтгэх талаар зааж сургадаг тэрбээр 2005 онд Монголоос гарч, Чикаго хотын ойролцоо амьдрах болсон юм. Тэрбээр АНУ-д ирэхээсээ өмнө циркийн жүжигчин болно гэж боддоггүй байсан ч ээж Я.Оюунчимэг нь 1965 оноос хойш Монголын циркийн урлагт хүчин зүтгэсэн, уран нугараач, Монгол Улсын Гавьяат жүжигчин хүн аж. Ээжийнхээ авьяасыг өвлөсөн хүү нь 2007 онд ахлах сургуулиа төгсөөд Миннесотагийн их сургуульд суралцаж, баклаврын зэрэг хамгаалжээ.
Харин өдгөө Lookingclass компанид харьялагдсан жүжигчин болжээ.
Тус театрынхан ирэх есдүгээр сарын 3-нд дэлхийд алдартай "Моби Дик"-ийн зохиолоос сэдэвлэсэн Моби Дик жүжгийг тоглох юм. Уг жүжгийг тус театрын найруулагч Дэвид Гатлин найруулах гэнэ.
Уламбаяр 2010 онд АНУ-ын иргэншилтэй болжээ.