Батынх томоохон дэлгүүртэй. Хүний эрэлт, хэрэгцээг хангах бүх зүйл тэнд бий. Гэвч гэрийн эзэн тооцоогүй, гар султайгаас болоод гавьтай ашиг олдоггүй, бизнес нь ч өргөждөггүй, бахь байдгаараа. Бараа таваар зээлээр авах гэсэн хэнийг ч болов гонсойлгодоггүй учраас хол ойрын улс тэднийх рүү хошуурцгаана.
Ойр орчмынх нь хүмүүс Батыг дориун ашиг олдог, бизнес нь амжилттай яваа нэгэн гэж боддог. Хэрэг дээрээ тийм биш. Тэр бизнесээ өргөжүүлж, салбар дэлгүүр нээхийг хүсдэг ч үүнийгээ биелүүлэхийн тулд юу хийх ёстой, ашгаа хэрхэн нэмэгдүүлэх тухайд толгойгоо ер гашилгадаггүй. Эмгэнэлтэй, хөгтэй гэмээр амьдралтай энэ айлтай тун төстэй аж төрдөг нэг “өрх” манай улсад бий нь аялал жуулчлалынхан.
“Жуулчдад үзүүлэх, гайхуулах зүйл Монголд хангалттай бий. Үүнд түшиглэн аяллын шинэ брэнд бий болгож, хөгжүүлэх боломжтой” гэдгийг гадаадынхан хүртэл хэлдэг. Гэтэл бид тэр боломжийг бүрэн ашиглаж чаддаггүйгээс Батын нэг адил урагшгүй “худалдаачин” болж хувирав. Үүний үр дүнд халаас нимгэн жуулчид Монголыг онилох болжээ. Өөрт буй эдээ үнэд хүргэж чаддаггүй, “наймааны од”-гүй хүн бусдад хамгийн амархан олзлогддог жамтайг жуулчид юу эс андах билээ.
“Намайг Ундрал гэдэг. Би энгийн л нэг айлын охин. Надад дэлхийг тойрон аялах агуу мөрөөдөл, халаас нимгэн зовлон бий..” хэмээн эхлэх бичвэрийг фэйсбүүкээс уншаагүй хүн ховор биз. Гуравхан сая төгрөгөөр Европын таван орноор хэрхэн зугаалсан нууцаа хуваалцсан бүсгүйн нийтлэл түүнтэй ижил зовлонтой олон хүнд аялах сэдэл төрүүлсэн нь дамжиггүй.
Энэ түүхийг уншсан хүмүүсийн зарим нь “Үнэхээр боломжтой гэж үү” хэмээн гайхширч, нөгөө хэсэг нь түүний зоримог шийдвэрийг сайшааж байв. Гэхдээ дийлэнх нь гадаадад ийм хямд өртгөөр аялах боломжтой, эсэхэд эргэлзэж буйгаа эл нийтлэлийн доор бичиж, түүнийг нээлт хийчихсэн мэт хүлээж авсан нь анзаарагдав.
Угтаа энэ нь хачирхмаар, шинэ үзэгдэл биш. Ундрал шиг зовлонтой ч аялах хүсэлтэй, үүргэвчтэй аялагч дэлхий даяар олширсон, Монголд ч жилийн жилд хэдэн мянгаараа ирдэг гэдгийг албаны хүн хэлж байна. Харин бид энэ талаар төдийлөн мэдээлэлгүй нь дээрх бүсгүйн түүхийг хачирхан хүлээж авах шалтгаан болсон гэлтэй.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2015 онд хийсэн “Аялал жуулчлалын салбарын чиг хандлага ба өөрчлөлт” нэртэй судалгаагаар аялагчдын гол урсгал Ази, Номхон далайн бүсийн орнууд руу чиглэж, нийт жуулчдын 60 гаруй хувийг үүргэвчтэй аялагч эзэлж байгаа нь тодорхой болжээ. Энэ хачирхалтай “уур амьсгал” манай орны аялал жуулчлалын салбарт ч нөлөөлж, энэ төрлийн аялагч 2012 оноос эрс нэмэгдсэн байна.
Нийслэл Аялал жуулчлалын газар (НАЖГ)-ынхан Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийнхөнтэй хамтран мөн онд хийсэн “Улаанбаатар хотод аялсан гадаадын жуулчдын сэтгэл ханамж” судалгааны үр дүн үүнийг баталж буй юм. 2005 оны үед жуулчдын 10 гаруйхан хувийг эзэлдэг байсан үүргэвчтэй аялагч 2012 онд 30, 2015 онд 45 болтлоо өсчээ. НАЖГ-ын харьяа Жуулчны мэдээллийн төвийнхөн ч үүнийг баттай гэдгийг хэллээ.
Тус төвийн мэргэжилтэн Э.Золзаяа “Жуулчны улирал буюу зургаа, долдугаар сард өдөрт багадаа 200-250, бусад үед 60-100- гаад жуулчин үйлчлүүлдэг. Тэдгээрийн олонх нь ганц, хоёроороо явдаг үүргэвчтэй аялагч. Өмнө нь бүлэг жуулчин давамгайлдаг байлаа” хэмээн ярив.
Бидний нэрлэж заншсанаар үүргэвчтэй аялагч, олон улсын хэллэгээр бие даан аялал төлөвлөгч олширсон шалтгааныг МҮИС-ийн Газрын харилцаа, аялал жуулчлалын сургуулийн багш Х.Амармандах “Аялал жуулчлалын компаниудын зуучлал, үйлчилгээний үнэ өссөнтэй холбоотой” хэмээв.
Харин МУИС-ийн багш Т.Амармэргэний “Аялал жуулчлалын босго” номонд “Аялал жуулчлалын гол тоглогч буюу үйлчилгээний байгууллагууд идэвхгүй болж, үйлчилгээний чанар сулрах нь бие даан аялал төлөвлөх гол нөхцөл болдог” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудын үнэлгээ үүргэвчтэй аялагч өсөхөд их, бага хэмжээгээр нөлөөлдөг аж.
Ийм төрлийн аялагч олширсноор ямар урхагтай вэ. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг жуулчдын тоогоор дүгнэх нь учир дутагдалтай. Гэвч манайхан үүнд ач холбогдол өгдөг. Саяхан буюу наадмын өмнө гэхэд л “Энэ оны эхний хагас жилд хүлээн авсан жуулчны тоо сүүлийн 10 жилд байгаагүйгээрээ өсөв” хэмээн Гадаадын иргэн харьяатын газар болон Монголын аялал жуулчлалын холбооноос сүртэй гэгч зарлалаа. Тэдгээрийн багагүй хувийг “хэрмэл бадарчин” эзэлж буй нь гарцаагүй. Тийм байтал бид яагаад баярлах ёстой гэж.
Үүргэвчтэй аялагч хэт олшрох нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг уруу татдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж, анхааруулсаар буй. Учир нь, аль болох хэмнэлттэй, бага зардлаар аялах нь энэ төрлийн аялагчдын гол онцлог юм. Жуулчны мэдээллийн төвийн дээрх мэргэжилтэн “Үүргэвчтэй аялагчид тур операторуудын санал болгосон үйлчилгээг сонгох нь ховор. Үнэтэй байна гэж шүүмжлээд хөтөч ч авдаггүй. Үнэ хямд үйлчилгээний газруудыг л сураглаж, сонгодог” гэсэн юм.
Дэлхийн аялал жуулчлын байгууллагаас гаргасан тооцоогоор аялагчдын нэг өдрийн дундаж зардал 400 ам.доллароос дээш байж гэмээнэ тухайн улсын эдийн засагт эергээр нөлөөлдөг гэнэ. Гэтэл манай улсад ирсэн жуулчид ихдээ 331 ам.доллар (өнгөрсөн оны үзүүлэлт) зарцуулдаг аж. Энэ нь 2002 оноос 178 ам.доллароор өссөн үзүүлэлт. Үүргэвчтэй аялагчид хоногийн 330 байтугай долоо хоногт 350 ам.доллар зарцуулахаас гар татдаг гэх.
Нэг баримт дурдъя. Жуулчны мэдээллийн төвд “Тайга гэстхаус” компанийн тухай мэдээлэлтэй танилцав. Нийслэл болон Хөвсгөлийн нутгаар долоо хоногийн турш аялуулах багцаа тэд 350 ам.доллароор үнэлэн, жуулчдад санал болгодог юм байна. “Бид хамгийн боломжийн, хямд хувилбараар аяллын багцаа үнэлдэг ч тэд татгалздаг. Наадмын үеэр л эрэлттэй байдаг” хэмээлээ.
Үүргэвчээ үүрээд хүссэн газартаа аялах нь хүн бүхний өмнө нээлттэй учраас “Үүргэвчтэй аялагч хүлээж авахгүй” гэж хориглож, хязгаарлах эрх бидэнд үгүй. Гэвч дэлхийн орнууд “хэрмэл бадарчин”-ы тоог хязгаарлах, тэдний халаасыг “сэгсрэх” бодлого баримталдаг аж.
Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбараа ийн дархлаатай болгож, төвлөрөх орлогын хэмжээ буурахаас сэргийлж байна. Жишээлбэл, Тайландад тухайн улсаас зайлшгүй хөтөч авч, аль нэг жуулчны компаниар үйлчлүүлэхгүй бол ямар ч эрх дархтай жуулчин байсан хөл тавиулдаггүй хуультай гэдгийг “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрах онцолсон.
Харин бид олон жуулчин харахаараа “Аялал жуулчлал хөгжиж байна” гэж хөөрцөглөөд, гадаадынханд хөл алддаг. Үнэндээ тэдний тоо тийм ч чухал биш. Харин тэд халааснаасаа хэчнээн төгрөг гарган Монголд үлдээв гэдэг нь л гол асуудал юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нарийн бичгийн дарга Талиб Рифай өнгөрсөн онд манай оронд зочлохдоо “Хөгжингүй оронд очихоос илүүтэй онгон дагшин байгаль үзэж, нүүдэлчдийн амьдралтай танилцах хүсэлтэй жуулчин олширсон” гэж онцолсон. Ашиглаж л чадвал Монголд аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг тэр ийн сануулсан юм. Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар ч жуулчид манай орныг зорьдог гол шалтгаан нь үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёл болох нь тогтоогджээ.
Дэлхийн орнууд үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой байгаль хиймлээр бий болгож, жуулчдаас мөнгө “салгаж” байхад манайхан ил музейгээ тэдэнд үнэгүй шахам үзүүлсээр өдий хүрлээ. Нөгөөтэйгүүр, монгол хүний хээгүй, зочломтгой, найрсаг занг үүргэвчтэй аялагчид овжноор ашиглан, сохор зоосны ч зарлагагүйгээр Монголын хээр талаар аялах нь олширсон гэнэ.
Саяхан нэг хүн фэйсбүүктээ “Булган аймгийн төвөөс холгүй нэг айлд ороод гарлаа. 80 гарсан эмгэн, өвгөн хоёроор хоол хийлгүүлж идчихээд, орон дээр нь гараад хэвтчихсэн хоёр “шар”-тай таарлаа. Үүргэвчтэй аялагчид юм гэнэ. Магтаалын үгээр хошгируулж хоол, унаагаа гуйлгаар зохицуулдаг бололтой” хэмээн бичжээ.
Саяхан Хөвсгөл, Архангайгаар аялаад ирсэн найз минь “Энд тэнд майхан татчихсан гадаад хүн өчнөөн таарлаа. Хажууд нь жуулчны бааз байсаар атал хээр хоноглож байгаа жуулчинтай нэг бус удаа таарсан” гэв. Гадаадынхан энэ мэтчилэн дураараа дургиж, биднийг зөөлчлөх болж. Ирсэн гийчнийг хол ойр, гадаад дотоодынх гэж ялгалгүй дайлж цайлдаг сайхан уламжлал тэднийг ийн давраажээ.
Нэгэнт хилээр орж ирж буй жуулчдын халаасыг “тэмтэрч”, хэчнээн төгрөгтэйг нь шалгах бүдүүлэг тогтолцоо байхгүйгээс хойш ядаж л тэднийг зорчих унаа, чиглүүлэх хөтөч, буудаллах газраа зайлшгүй сонгодог болгох шаардлага бидэнд тулгарч байна.