Энэ сарын 3-нд Өвөрмонголын Шинэхэн тосгонд 100 гаруй модон саваагаар зэвсэглэсэн хятадууд дайрч, нутгийн иргэд болох буриадчуудыг зодож, багагүй гэмтэл учруулсан байна. Энэ талаар Оросын уламжлалт шашны лам Лувсан Чойнзин "MK"-д өгсөн ярилцлагадаа "Хятадууд бэлчээр булаалдаж буй анхны хэрэг энэ биш юм. Тэд ингэж хүч хэрэглэж, буриадчуудаас бэлчээрийг нь булаан авдаг" гэж ярьжээ. Түүнчлэн тэр энэ бүс нутагт нүүрсний орд, байгалийн баялаг арвин байгаатай холбоотой. Байгалийн баялагийг булаалдсан ийм хэрэг Өвөрмонголд их гарах болсон гэж ярив.
Уг мэдээллийг анх Буриадын нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа оруулсан ч төд удалгүй устгагдсан байна. Энэ талаарх мэдээллийг сонссон бусад бүс нутагт амьдардаг буриадчууд олноороо санал, сэтгэгдлээ үлдээсэн юм. Тэд албаны хүмүүстээ шахалт үзүүлж, ах дүүсээ өмгөөлөхийг хүссэн олон сэтгэгдэл үлдээжээ.